Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон Амгалан дулааны станцын гүйцэтгэх захирал Ш.Баянмөнх нар үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
-Амгалан дулааны станцын цахилгаан хангамжид өчигдөр хүчдэлийн хэлбэлзэл гарсантай холбоотойгоор дулааны эрчим хүчний үндсэн параметрууд өөрчлөгдөх үед хэрэглэгчийн болоод төв магистраль шугам дээр гэмтэл гарсан. Үүний улмаас Амгалангаас дулааны эрчим хүчээр хангагддаг хэрэглэгчдийг тодорхой хугацаанд хязгаарласан.
Шөнийн 02:00 цаг гэхэд манай ажилчид гэмтлийг засварласан. Одоо бүх хэрэглэгчдийг хангаад байна.
Улаанбаатар хотын хэрэглэгчдийг дулаанаар хангадаг төв магистраль 390 орчим км урттай шугам бий. Үүний 70 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Эдгээрийг зайлшгүй шинэчлэх, өргөтгөх шаардлагатай. Бид энэ ажлыг донор орнуудын хөнгөлөлттэй зээл, улсын төсвийн хөрөнгөөр шинэчилж байна. Энэ ажил удаан хугацаанд үргэжилж байгаа. Өнгөрсөн жил аравдугаар хорооллын шугамд таван гэмтэл гарсныг шинэчилсэн. Энэ жил “Дулааны цахилгаан станц-3”-аас Улаанбаатар хот хүртэлх 7.4 км урттай магистраль шугамуудыг шинэчилнэ.
Цахилгаан, дулааны эрчим хүчний хангамжийн хувьд Монгол Улс амаргүй нөхцөл байдалд байна. Хэрэглээ нь үйлдвэрлэлээсээ давсан, нөөц тоноглолгүй, их хэмжээний элэгдэлд орсон эрсдэлтэй байна. Тиймээс эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах, эх үүсвэр талдаа анхаарах хэрэгтэй байна.
Хатуу түлшээр ажилладаг станцуудыг зогсоогоод эргэн ажиллуухад дор хаяж 3-6 цаг болдог. Энэ бас тасалдалт, саатлалын хугацааг уртасгаж байна. Цаашдаа эх үүсвэрийн төрлөө олшруулж, тархмал болгох шаардлагатай байна.
Бүрэн засварын ажилд нийтдээ 11.4 их наяд төгрөг хэрэгтэй.
Амгалан дулааны станцын гүйцэтгэх захирал Ш.Баянмөнх
-Шугамын хаалтын жийрэг өчигдөр сэтэрсэн. Амгалан дулааны станц Баянзүрх дүүргийн 50 мянган айл өрх, 200 мянган хүнийг дулаанаар хангадаг. Хугацаа нь дууссан шугам сүлжээ Баянзүрх дүүрэгт их бий. Улаанбаатар дулааны сүлжээ шугамаа хариуцдаг. Манайх үйлдвэрлэлээ хариуцдаг. Одоо 82 градусын халуунтай ус өгч байна. Бүх хэрэглэгч холбогдсон. Хэвийндээ 110-120 градус байдаг. Огцом өгвөл хагарал гарна. Амгалан дулааны станц шинэ учир хуучирсан шугам сүлжээ харьцангуй бага. Баянзүрх дүүргийн шугам сүлжээг засварлах, шинэчлэх шаардлагатай.
Холбоотой мэдээ