"Эмнэлгийн ачаалал нэмэгдсэн учир ор хүлээхээс өөр аргагүй"

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

"Эмнэлгийн ачаалал нэмэгдсэн учир ор хүлээхээс өөр аргагүй"

"Эмнэлгийн ачаалал нэмэгдсэн учир ор хүлээхээс өөр аргагүй"

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал, доктор Ц.Билэгтсайхан, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Шинж тэмдэг илрээд түргэвчилсэн өгсөн ч PCR өгөх шаардлагагүй, өөрийгөө тусгаарлах хэрэгтэй гэлээ. Үүнд тайлбар өгөөч?

-Түргэвчилсэн тестээр сөрөг гарсан ч Covid-19-өөр өвдсөн байх тохиолдол их гарч байна. Тиймээс иргэд шинж тэмдэг илэрч байгаа бол заавал PCR өгч, түүнийг нь бид хоногт батлагдсан халдвараар тооцож байгаа.

Учир нь томуу, томуу төст өвчний үед омикронтой ижил шинж тэмдэг илэрч байгаа болохоор шинж тэмдэг илэрсэн тохиолдолд иргэн өөрийгөө тусгаарлах нь зөв.

Үүний дараагаар түргэвчилсэн шинжилгээ өгч эерэг гарвал заавал PCR өгөх хэрэгтэй. Омикроны үед Covid-19-тэй ижил шинжийн найман төрлийн томуугийн вирус байгаа юм. Тэгэхлээр иргэд шинжилгээний хариугаа заавал баталгаажуулах ёстой.

-Орон нутагт халдварын тархалт ямар байна, судалгаа, шинжилгээ хийж байгаа юу?

-Халдварын тархалт нэмэгдсэн тохиолдолд орны нөөцийг нэмэх бодлого баримталж байгаа. Нийслэл болон орон нутагт бүртгэгдэх кластер өвчлөл ялгаагүй өндөр хувьтай байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногоос эхлэн аймгуудад тархалт нэмэгдэж эхэлсэн. Хэрэв цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэвэл энэ тархалт баярын дараа бүр ч нэмэгдэнэ. Дөрөвдүгээр давлагааны үед өвчлөх, биеийн байдал нь хүндрэх хүмүүс их байна. Тиймээс эмнэлэгт хэвтүүлэх орны нөөц ачаалалтай болсон. Хүлээлгийн хоногтой бөгөөд шаардлагатай иргэдийг аль болох хурдан эмнэлэгт хэвтүүлж, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Эмнэлгийн ачаалал өмнөх үеийг бодвол эрс нэмэгдсэн учир орны хувьд шууд зохицуулалтаар хэвтүүлэх боломжгүй. Эрэмбэлж байгаа учир хүлээхээс өөр аргагүй. Цаашид тархалт нэмэгдэх учир орны нөөц нэмнэ.

-Цар тахлын тархалтын давлагаа цагаан сарын дараа оргилдоо хүрнэ гэж мэдээлсэн. Вакцины нэмэлт тунд хамрагдсан иргэд ч өвдөж байна. Хүүхдийн дархлаажуулалт хэзээнээс хийх вэ?

-Хүүхдийн дархлаажуулалт судалгааны шатанд явж байна. Эхний ээлжид 12-оос дээш насны хүүхдүүдийг нэмэлт тунд хамруулах талаар судална. Түүний дараа 11 хүртэлх насны хүүхдүүдийг нэгдүгээр тунд хамруулна.

Covid-19-ийн эсрэг вакцин дархлаажилтын тодорхой хугацаатай учир хүүхдүүдийг ойрын хугацаанд нэмэлт тунд хамруулах байх.

Монгол Улс 2021 оны хоёрдугаар сарын 23-нд эхний тунг хийж, 2-3 сарын хугацаанд иргэд бүрэн тундаа хамрагдсан. Наймдугаар сарын дунд гэхэд вакцин хийлгэснээс хойш 4.5 сар гэж үзээд, дархлаажуулалтын түвшинг үзсэн. Тухайн үед зайлшгүй нэмэлт тун хийх шаардлагатай байна гэж үзээд, нэмэлт тунг эхлүүлсэн.

Өнгөрсөн 2021 оны наймдугаар сарын 16-наас нэмэлт тун хийхдээ "Астразенейка"-г "Файзер"-аар бүүст хийхэд дархлаажилтын нэгж 30-510 болж нэмэгдсэн. Дунджаар 4.5 сарын дараа буюу одоо дархлааг дахин үзэхээр эргээд 70 нэгж болж буурсан байна.

Тиймээс сэргээх тунг заавал хийлгэх нь зүйтэй. Тэгэхгүй бол бүрэн тун хийлгэсэн, сүргийн дархлаа тогтоно гэж үзээд явж болохгүй. Дархлаа тогтоц тодорхой хугацаанд хадгалагдах учир иргэд вакцинаа тухай бүрд нь хийлгэснээр халдвараас болон өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Тиймээс 12-17 насны хүүхдүүдийг нэмэлт тунд хамруулах талаар судалж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж