Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 километр төмөр замыг 2022 оны гуравдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахгүй бол салбарын сайд Л.Халтар огцорно гэжээ. Тэрбээр өчигдөр /2022.01.27/ "Монголын төмөр зам" ТӨХК-ийн удирдлагуудтай уулзсан байна.
Тус компанийн гүйцэтгэх захирал О.Батнасан "Монголын төмөр зам" ТӨХК-ийн хувьд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 километр төмөр замын ерөнхий захиалагчаар ажиллаж байна. Энэ бүтээн байгуулалтын ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгэж, дуусч байгаа. Ерөнхийдөө 2022 оны гуравдугаар сарын 15-наас ашиглалтад оруулах гэж байна. Аливаа ажилд сайн, муу тал бий. Гэхдээ алдаа оноо гэхээс илүүтэй амжилт ололт ихтэй байна" гэв.
"Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 135 дугаар тогтоол батлагдсанаар хэрэгжүүлж байгаа билээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хувьд олон жил сунжирсан Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажлын хэсгийг ахалж буй. Уг автозам төлөвлөгөө ёсоор 2019 онд ашиглалтад орох байсан ч 2022 он хүртэл хойшлоод байгаа юм. Он дамжин үргэлжилж буй бүтээн байгуулалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт өгсөн билээ.
Холбоотой мэдээ