Дөрөвдүгээр дулааны цахилгаан станцад гэмтэл гарснаар Улаанбаатар хот бүхэлдээ тэг зогсолт хийж байв. Тэгвэл Амгалан дулааны станцад гэмтэл гарснаар хотын зүүн хэсэг "хөлдөх" дөхсөн талаар иргэд олон нийтийн сүлжээнд гомдоллож байна. Энэ бүхэн Улаанбаатар хотод "хөлдөх" эрсдэл нүүрлэснийг, дулааны эс үүсвэрээ нэмэх шаардлагатай болсны дохио юм. Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах боломж нь цахилгаан станцуудаа яаралтай барьж ашиглалтад оруулах явдал юм. Цахилгаан станцуудын насжилт дунджаар 30 жил байдаг. Гэтэл одоо ажиллаж буй дулааны цахилгаан станцуудын насжилт дуусч, хүчин чадал хэрээс хэтэрч ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Тухайлбал, “ДЦС-4” 39 жил, “ДЦС-3” 48 жил, “ДЦС-2” 54 жилийн настай.
Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах талаар өнгөрсөн жилүүдэд хангалттай ярьсан ч урагшилсан ажил алга. Хэрэв нэг станцад доголдол үүсвэл нийтээрээ цахилгаан, дулаангүй хөлдөх аюултай гэдгийг өчигдөр шөнө “Амгалан” дулааны станцад гарсан гэмтэл харуулав.
Албаныхан “Эрчим хүчний салбар хүндхэн байдалд байна. Өвөл хасах 30 градус хүрч хүйтрэхгүй байгаа тулдаа Улаанбаатар хотын дулаан тасалдахгүй байна. Хэрэв хасах 35 хэм хүрвэл Улаанбаатар хот хөлдөх эрсдэлтэй” гэдгийг байнга анхааруулдаг. Энэ бүгдээс харахад цахилгаан станцуудын том төслүүдээ хөдөлгөж эхлэх цаг нь болжээ. Ингээд гацсан, мартсан дулааны цахилгаан станцуудыг тоймлон хүргэе.
ДЦС-5 БАРИХ ТӨСЛИЙГ ЦАРЦААСАН НЬ
ТЭЗҮ-ийг боловсруулсан цагаас хойш тоолбол Дулааны цахилгаан станц 5 барих төслийг бараг 10 гаруй жил гацаж байна. Төлөвлөснөөр аль хэдийнэ ашиглалтад орох ёстой боловч, өнөөдрийг хүртэл нэг тоосго ч өрсөнгүй. Уг цахилгаан станцыг барихаар тендер 2011 онд зарлагдаж, Франц, Япон, БНСУ, Монгол гэх дөрвөн улсын консерциум ялалт байгуулж, тухайн үедээ 1.2 тэрбум ам.долларын өртгөөр 3.6 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах тооцоолол гаргаж байв. Мөн зардлаа 25 жилд нөхөх нөхцөлийг Монголын талаас тавьж байсан юм. Засаг солигдох бүрт станцын байршил нь өөрчлөгдсөөр ирсэн. Анх ДЦСIII-ын хажуаад барихаар төлөвлөж байсан бол төд удалгүй Ургах наран хорооллын орчим барих тухай яригдаж байв. Байршил солигдох бүрт шинэ ТЭЗҮ боловсруулдаг, түүнд нь 3 сая ам.долларыг зарцуулсаар ирсэн.
“ДЦС-5” төслийн шинэ байршил болох Хөлийн голын хөндийд 43 га газрын эзэмшлийн гэрчилгээг авч байв.
Харамсалтай нь, Монгол Улсын Засгийн газар 2019 онд ДЦС-5 барих төслийг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ. Шалтгаан нь, уг цахилгаан станцыг барихаар концессийн гэрээ байгуулсан консорциум нь задарч хөрөнгө оруулагчгүй болсон аж. Тавдугаар цахилгаан станц барих ажил ийнхүү хойшлогдох болсныг байршил болон тарифын асуудалтай холбон тайлбарлах нь бий.
ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ 2025 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
БАГАНУУРТ БАРИГДАХ ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГЫН АЖИЛ 7 САРД ЭХЭЛНЭ
Багануурын цахилгаан станц барих төслийн өртөг 1.2 тэрбум ам.доллар. Уурхайг түшиглэн 700 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг 2015 онд “Багануур-Пауэр” компанитай байгуулжээ. Гэрээнд тусгаснаар, БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилсан хүчин чадал бүхий дулааны шинэ станцыг барьснаар иргэд, албан байгууллага, ААН-үүд нэг квт цахилгааныг 9 цент буюу 225 төгрөгөөр худалдан авахаар заажээ.
Уг төслийн бүтээн байгуулалт 2017 оноос эхэлсэн ч 2018 онд гацсан. Шалтгаан нь, тус цахилгаан станц барих төслийг эргэн харах шаардлагатай гэж үзсэнтэй холбоотой.
Уг төсөл нь Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгаан хэрэглээний шинжилгээгээр Багануур-Чойрын бүс буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлвийг хангах, бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Багануурын дулааны цахилгаан станцын хувьд Концессын гэрээг гүйцэтгэгч талтай шинэчлэн байгуулсан. Монголын Засгийн газраас хамаарах ажил бүрэн дууссан. Одоо гүйцэтгэгч тал, санхүүжилтээс хамаарна. Хамгийн сүүлд бидэнд өгсөн мэдээллээр, 2022 оны долдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн” гэжээ.
10 АЙМАГТ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА
БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд баригдах дулааны цахилгаан станцын долоогийнх нь барилга угсралтын ажил эхэлжээ. Энэ хүрээнд хоёр аймагт тендер зарласан байна. Харин нэг аймгийн тендер маргаантай байгаа учир хүлээгдэж байгаа аж. Тодруулбал, БНСУ-ын 148.7 сая ам.долларын зээлээр Архангай, Өвөрхангай, Говьсүмбэр, Төв, Сүхбаатар, Дундговь, Хэнтий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн төвд 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 71 км орчим урттай дулаан дамжуулах шугам сүлжээг барьж байгуулах юм. 2022 онд нийт 92 тэрбум төгрөгөөр барилга угсралтын ажлыг эхлүүлж, тоног төхөөрөмж материалын худалдан авалт, тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ