XVII жарны усан бар жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, өнөөдөр /2022.01.28/ төрийн дээд цол, одон медаль хүртээж байна.
НЭМЭЛТ:
-Дан хөгжим болон найрал хөгжимд зориулсан олон шилдэг бүтээл туурвиж, 300 гаруй дууны ая зохион, олон улсын түвшинд хөгжмийн найруулга, уран бүтээлээрээ эх орныхоо урлагийг сурталчлан таниулж байгаа, олон арван тоглолт, цомгоо нийтийн хүртээл болгохын зэрэгцээ ард түмнийхээ урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёл урлагийг сурталчлан таниулах үйлсэд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлж “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн найруулагч Батмөнхийн Чинбатыг Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.
Тэрбээр "Та бүхэндээ маш их баярлалаа. Юуны өмнө төр засагтаа, төрүүлсэн аав, ээждээ, "Никитон" хамтлагийнхан, урлагийнхандаа маш их баярлаж байгаа хэлье. Өдий хүртэл надтай маш олон уран бүтээл хийж, ард түмнийг цэнгүүлч байсан уран бүтээлчдэдээ талархаж байгаагаа илэрхийлье. Сайхан ханьдаа маш их баярлалаа. Тэр хүн намайг дахин амьдруулсан. Надад маш их итгэл хүлээлгэсэн. Цаашдаа улам их уран бүтээл хиймээр санагдаж байна" гэсэн юм.
Уртын дуучин Д.Үүрийнтуяа:
-Төрийн ордонд Алтан гадас одон хүртэх сайхан байдаг юм байна. Аав, ээждээ болон тэнгэрт байгаа багшдаа, сайхан ханьдаа маш их баярлалаа. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй. Эрүүл энх аз жаргалыг авч ирсэн сайхан жил болох болтугай.
"ОЛИМПИЙН ШИЛДЭГ БАРИЛДААНЫГ МОНГОЛ ХҮН ДЭНСЭЛСЭНД БАЯРЛАСАН"
Мөн спортод 20 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж, жүдо бөхийн дэлхийн шүүгч нарын чансааг олон жил тэргүүлж, олимпын шигшээ барилдааныг шүүсэн анхны монгол эмэгтэй шүүгч болж, мэргэжлийн ур чадвар, оюун ухаанаа дайчлан их спортын хөгжилд оруулж буй нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь үнэлж Төрбатын Энхцэцэгийг Сүхбаатарын одонгоор шагнав.
Тэрбээр "Олимпийн үеэр алтан медалийн барилдааныг шүүнэ гэж зорьж очсон. Хамгийн шилдэг барилдааныг монгол хүн дэнсэлсэнд маш их баярлаж байлаа. Ах дүү хамаатан садан, багш нар, гэр бүл, салбарынхандаа, баярлаж, талархсанаа илэрхийлье" гэв.
С.ЗАЛУУХҮҮГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ШАГНАЛАА
Гал сөнөөгчөөс ажлын гараагаа эхэлж, газрын дарга хүртэл салбартаа дэвшин ажиллаж, онцгой байдлын байгууллагад 33 жил ажиллахдаа онцгой байдлын албаны хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, материаллаг баазыг нь бэхжүүлэх, боловсон хүчнийг нь сургаж бэлтгэх, хөгжүүлэх, онцгой байдлын байгууллагаас хүн амд үзүүлэх авран хамгаалах үйлчилгээг стандарт шаардлагад нийцүүлэн бие бүрэлдэхүүнийг нь өргөжүүлэн ард иргэдэд үзүүлэх авран хамгаалах үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлж, ард иргэдийн амь нас, аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгийг гамшиг ослоос хамгаалах үйлсэд оруулсан бодит үр дүн, гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлэн Сүхбаатарын Залуухүүг Үйлчилгээний гавьяат ажилтан цол шагналаа.
"ТӨМӨР ХАТАГТАЙ НЬ ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЖ ЯВДАГ ШҮҮ"
Энэ үеэр рок попын ертөнцөд 40 жил хөдөлмөрлөж, зүтгэсэн дуучин, хөгжмийн зохиогч, продюсер Б.Ангирмааг Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагналаа.
Тэрбээр "Төр засагтаа, түмэн олондоо маш их баярлаж байна. Сайхан аав минь тэнгэрээс охиноо харж байгаа байх. Урлагт дурлуулсан гэр бүлдээ баярлалаа. Залуу уран бүтээлчдэд хэлэхэд ахмад үеэ хүндэлж яваарай гэж захимаар байна. Дууг минь амьдруулж байдаг яруу найрагч, дуучин, хөгжимчиддөө мэхийн ёсолъё. Амьдралын шалгуураар тунаж үлдсэн цөөн хэдэн багын найз нартаа баярлалаа. Би өнөөдөр хийсэн ажлаасаа илүүтэй баярлаж талархсанаа хэлмээр байна. Төмөр хатагтай нь та бүхэндээ маш их баярлаж явдаг шүү" гэв.
Б.Ангирмаа нь ая зохиогчоос хөгжмийн зохиолч, менежерээс продюсер, дуучнаас дуулах урлагийн багш болон өсч, “Инээмтгий хүн”, “Сэхүүн салхи”, “Чи алзахгүй”, “Өнгө аяс”, “Хатуужилт ижий”, “Чиний харцанд” зэрэг нийгмийн амьдралын шинэ цагийн сэдэвтэй 100 гаруй дууны аяыг зохиож, орчин үеийн залуусын дуулах дуртай дуунуудыг бүтээж, "UBS music" телевизийн хөгжмийн суваг үүсгэн байгуулж, рок поп хөгжмөөр залуу хойч үедээ урлагийн боловсрол олгоход үнэтэй хувь нэмэр оруулсан.
Мөн урлагийн салбараас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ардын дуучин Б.Алтанжаргал, Алтан гадас одонгоор "Нюанс" хамтлагийн ахлагч М.Амарсанаа болон Үндэсний урлагийн их театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр нар энгэрээ мялаалаа.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ