ЭМЯ: Цагаан сараар шинэ хувилбар бүртгэгдэх эрсдэл өндөр байна

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Цагаан сараар шинэ хувилбар бүртгэгдэх эрсдэл өндөр байна

ЭМЯ: Цагаан сараар шинэ хувилбар бүртгэгдэх эрсдэл өндөр байна

Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүрийн Баасан гаригт Covid-19 цар тахлын дотоодын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн мэдээллээр омикрон хувилбарын тархалт, халдварлах чадвар өндөр байгааг анхаарууллаа.


Халдварын тархалт вакцингүй бүлэг рүү чиглэх эрсдэл их байгаа учир аль болох халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг хүсэв. Тиймээс цагаан сараар шинэ хувилбар дотоодод орж ирэх эрсдэл өндөр байна. Тэр дундаа шинэ хувилбар 5-аас доош насныхны дунд тархах эрсдэл өндөр байна

ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВЬ АЙМАГТ КЛАСТЕР ӨВЧЛӨЛ ӨНДӨР БАЙНА

ХӨСҮТ-ийн захирал, доктор Ц.Билэгтсайхан:

-Тохиолдлын тоо өдөр ирэх бүрд нэмэгдэж байна. Нийт халдварын батлагдах тохиолдлын 60 хувь нь нийслэлд, 40 хувь нь хөдөө, орон нутагт байгаа юм. Тэр дундаа сүүлийн долоо хоногт Өмнөговь, Дорноговь аймагт кластер өвчлөл өндөр болжээ. Омикроны давлагаа дельта болон альфа хувилбартай харьцуулахад нэн хүнд, хүнд хүмүүсийн тоо бага байгаа. Гэхдээ кластер өвчлөл тархаж байна. Мөн үүнээс гадна томуу, томуу төст өвчний халдвар ихэсч байна. Тодруулбал, зургаан аймаг томуугийн өндөр эрсдэлтэй, 12 аймаг бага, зургаан аймаг алаг цоохор буюу улбар шар түвшинд байна. Тэгэхлээр халдварын дэглэмийг сахих чухал.

Дархлаажуулалтын тухайд иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаж байна. Цаашид ч вакцины бүрэн тунд хамрагдахыг хүсч байна.

0-11 насны хүүхдүүд нийт өвчлөлийн 72 хувийг эзэлж байна

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл:

-0-11 насны хүүхдүүд нийт өвчлөлийн 72 хувийг эзэлж байна. Үүнд вакцин болон бусад хүчин зүйл нөлөөлж байгаа гэж харж байна. Тиймээс баярын өдрүүдэд бага насны хүүхдийг халдварын эрсдэлтэй газраар дагуулж явахгүй байхыг хүсье. Биеийн байдал хүнд байгаа хүмүүс нэмэгдэж байгаа учир иргэд хөнгөн өвдөнө гэх хандлага гаргаж болохгүй. Хөнгөн шинж тэмдэг илэрч байгаагаас хүндрэх магадлал өндөр. Гэрийн хяналтад 29 мянга гаруй хүн хяналтад байна. Эдгээр хүмүүс амьсгалын замын хүнд шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Covid-19-өөр өвдөж, гэртээ тусгаарлагдаж байгаа хүмүүс хүндэрвэл тусгай амбулаторид очиж үзүүлэх шаардлагатай. Эмчийн үзлэг, зөвлөгөөний дараа эмнэлэгт хэвтэх шаардлагатай тохиолдолд шууд хэвтүүлэх зохицуулалт хийж байгаа.

Улсын хэмжээнд 5482 ор  дэлгэсэн. Нийслэлд 4200 гаруй ор дэлгэсэн байгаа. Тиймээс ор олдохгүй байх гэхээс илүүтэй халдвараар өвдөхгүй байх нь чухал.

ОМИКРОН ХУВИЛБАРЫН ҮЕД ХАВЬТЛУУДЫН ТАРХАЛТ ХУРДАЦТАЙ НЭМЭГДЛЭЭ

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан А.АМБАСЭЛМАА:

-Омикроны тархалтын хурд маш эрчтэй болж байна. Монгол Улсад өдрөөс өдөрт нэмэгдэх тохиолдлын тоо 2-3 дахин ихэсч, лабораторийн шинжилгээнд эзлэх эерэг сорьц 2-27 хувиар өсч байна. Бусад улс болон дотоодын нөхцөл байдлаас харахад омикроны эмнэлзүйн хүндрэл SARS, Covid-19 хоёрын бусад хувилбаруудтай адилхан. Эмзэг бүлэг, архаг өвчтэй хүмүүс, ахмад настан, вакцинд хамрагдаагүй хүмүүс хүндрэх байдал ажиглагдсан. Эдгээр бүлгийн хүмүүсийн биеийн байдал хүндрэх эрсдэл өндөр байна.

Омикрон хувилбарын үед кластер өвчлөл, хавьтлуудын тархалт хурдацтай тархаж байна. Тэгэхлээр олон нийтийн үйл ажиллагаанаас татгалзаж, вакцинаа хийлгэхийг зөвлөе. Монгол Улс дэлхий дахинд хэрэгжүүлж байгаа арга хэмжээг адилхан хийж байгаа. Иргэд үүнийг ухамсарлах хэрэгтэй.

Нууц үе богиносч, хүн бүрийг өвчлүүлэх эрсдэл нэмэгдэж байгаа. Гол нь шинж тэмдэггүй үед нь бусдаас халдвар авах эрсдэлтэй байна. Тиймээс эрсдэлтэй хүнтэй уулзсан бол хариуцлагатай байхыг хүсч байна. Халдварын тархалтад нөлөөлж байгаа хүчин зүйл нь нэмэлт тунгийн дархлаажуулалтаас гадна хөнгөн балархай шинж тэмдэгтэй хүмүүс. Тэд нийт тохиолдлын 30-аас дээш хувийг эзэлж байгаа юм. Тиймээс шинж тэмдэггүй халдвар тараагч болдог учраас хавьтал болсон бол өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Халдварын нууц үедээ байгаа үед халдварлуулах чадамж өндөр байдаг.

Хэрэв иргэд өөрт ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа л бол түргэвчилсэн шинжилгээ өгөх хэрэгтэй. Хариу нь сөрөг гарсан ч шинж тэмдэг илэрсээр байвал эмчид хандаж, зөвлөгөө аваад, өөрийгөө аль болох тусгаарлах нь зөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж