АНУ-ын Харилцаа холбооны комисс аюулгүй байдлын үүднээс “China Unicom”-ийн тус улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгохоор санал хураалт явуулав.
“China Unicom” нь 2002 оноос АНУ-д үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд цуцлах тухай тушаал гарснаас хойш 60 хоногийн дотор дотоодын болон олон улсын харилцаа холбооны үйлчилгээгээ зогсоох ёстой юм. Тус компанийн хуульч энэхүү шийдвэрийг ямар ч үндэслэлгүй бөгөөд шаардлагатай процессын дагуу ажиллаагүй гэж үзжээ. Мөн бид компани болон үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах болно гэв.
“China Unicom” нь Хятадын засгийн газрын хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг ба АНУ-д гар утасны виртуал сүлжээний оператор, олон улсын түрээсийн сүлжээ, “Ethernet” хувийн шугамын үйлчилгээ, “IP” транзитийн үйлчилгээ үзүүлдэг.
АНУ-ын Харилцаа холбооны комиссын тэргүүн Жессика Розенворсел хэлэхдээ “Хятадын төрийн өмчит компани манай харилцаа холбооны сүлжээний аюулгүй байдалд бодит аюул учруулж буйг нотлох баримтууд нэмэгдсээр байгаа” гэжээ. Харин энэ тал дээр “China Unicom” байр сууриа илэрхийлэхдээ бүрэн бус, төөрөгдүүлсэн байдлаар хариулсан гэв. Өнгөрсөн жил АНУ-ын Харилцаа холбооны комисс үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж буй харилцаа холбооны тоног төхөөрөмж, үйлчилгээнүүдийн жагсаалтыг гаргасан.
Хятадын Элчин сайдын яамнаас энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ