Швед улсын засгийн газраас Covid-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад 5-12 насны хүүхдийг хамруулахгүй байх шийдвэрийг өчигдөр гаргалаа. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас бага насны хүүхдийг вакцинд хамруулах үр нөлөө нь эрсдэлээс бага тул дээрх шийдвэрийг гаргаснаа тайлбарлажээ. "Цар тахал нь бага насны хүүхэд хүндрэх эрсдэл харьцангуй бага буйн дээр хүүхдийг коронавирусийн эсрэг вакцинжуулснаар илүү үр дүнд хүрнэ гэж үзэхгүй байна" гэж Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Бритта Бжорхолм хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Мөн тэрбээр цар тахлыг өнөөгийн нөхцөл байдлыг өөрчилсөн шинэ хувилбар гарч ирэх эсвэл хүүхдийг вакцинжуулах талаарх судалгааны үр дүн нарийвчлан гарч, өөрчлөгдвөл шийдвэрээ өөрчлөх боломжтой гэдгийг онцолсон юм.
Шведэд цар тахлын дөрөвдүгээр давалгаа эхэлснээр нэгдүгээр сарын 26-нд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 40 мянга давсан. Энэ нь цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Тус улсад өчигдрийн байдлаар 101 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа нь 2021 оны хавраас хойш харьцангуй буурсан үзүүлэлт аж. Шведэд цар тахлын улмаас 16 мянга орчим хүн нас баржээ. Тус улсын засгийн газраас өнгөрсөн Лхагва гаригт цар тахлын халдварын эсрэг хязгаарлалтын арга хэмжээгээ сунгасан юм. Тухайлбал, ресторануудын ажиллах цаг болон заал дүүргэлтийг тодорхой хугацаагаар хязгаарласан хэвээр байна. Гэхдээ ирэх хоёрдугаар сарын 9-нөөс бүх хязгаарлалтаа цуцлах төлөвтэй байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ