НЭМЭЛТ:
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2022 оны Улсын төсөвт тодотгол хийх төслийг боловсруулжээ. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхтэй холбогдуулан боловсруулсан төсөв тодотгох төслийг УИХ-ын байнгын хороодод өргөн барьж, хэлэлцүүлснээр УИХ-ын ээлжит бус чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн, зарим сайд нарыг хүлээн авч уулзаж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар чиглэл өгсөн. Үүний дагуу Сангийн яам судалгаа хийж, Засгийн газар тодорхой шийдвэр гаргахаар болсон. Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 08:30 цагаас зарлагдсан байна.
Үүний дараа үдээс хойш Улсын Их Хурлын ээлжит бус хуралдаан болж, тэтгэвэр нэмэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
Цар тахлын үед эдийн засгийн хүндрэл, инфляцийн өсөлт нь бага орлоготой иргэдэд дарамт учруулж буй юм. Ялангуяа зорилтот бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэврээрээ амьдардаг иргэдэд эдийн засгийн хүндрэл хүндээр тусч байгаа учраас энэ асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай гэдгийг албаныхан онцолсон.