Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, цар тахал, өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан бүхий л шатны боловсролын үйлчилгээнд орчин үеийн мэдээлэл технологийн дэвшилд суурилсан цахим болон танхимын сургалтын асуудал гарсаар байна. Уг судалгаанд өвлийн амралтаараа амарч буй МУИС, МУБИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн нийт 650 гаруй оюутан оролцлоо.
Танхим болон цахим хосолсон сургалтын хэлбэрүүд хоорондоо төсөөтэй хэдий ч сургалтын үйл ажиллагааны загвар, зохион байгуулалт тал дээр нэлээн ялгаатай байдаг. Уламжлалт буюу танхимын сургалтын явцад багш удирддаг учир хичээлийн үеэр оюутнууд сонсох, асуултад хариулах үйлдлүүдийг голлон гүйцэтгэдэг. Харин цахим буюу зайн сургалтын явцад оюутан нэмэлт мэдээллийн эрэл хайгуул хийн багшаас зөвхөн тодруулга авах замаар хичээлд оролцдог. Уламжлалт болон цахим сургалтын хэлбэрийг харьцуулсан сүүлийн үеийн судалгаанд танхимын сургалт нь багш төвтэй учир оюутнаас суралцахуйн идэвхгүй үйлийг шаарддаг харин цахим сургалт нь суралцахуйн идэвхтэй үйлд суралцагчийг чиглүүдэг гэж үзэх хандлага нэлээд ажиглагдсан.
Судалгаанд нийт оролцсон 650 гаруй оюутны дийлэнх нь буюу 348 нь цахимаар хичээллэхийг дэмжиж байгаа бол 258 нь танхимаар хичээллэхийг харин үлдсэн 30 оюутан цахим, танхим хосолсон сургалтыг илүүд үзэж байна. Ажиглалтаар цахимаар хичээллэх хүсэлтэй оюутнуудын ихэнх хөдөө орон нутгаас суралцагчид бол танхимаар хичээллэх хүсэлтэй оюутнуудын дийлэнх нь Улаанбаатар хотын харьяа оюутнууд байна.
Мөн асуулгын хэлбэрээр оюутнуудаас тодруулсан танхим болон цахим сургалтын давуу талуудын талаар багцлан хүргэе. Оюутнууд танхимын сургалтын давуу тал нь багшаас ойлгоогүй зүйлээ асууж тодруулах, амьд харилцаа үүсгэх боломжтой. Анхаарал сарнихгүй төвлөрч чаддаг, хичээлийг сайн ойлгодог, бүтээмж өндөртэй мөн номын санд суух, хэрэгцээтэй ном сурах бичгээ хүссэн үедээ авч хэрэглэх боломжтой гэж үзжээ.
Харин цахим сургалтын давуу талын хувьд цаг хугацаа хэмнэдэг (замын түгжрэлд цаг хугацаа алдахгүй), бие даан суралцах чадвар нэмэгддэг, хичээлийг давтаж үзэх боломжтой учир хоцрогдол үүсдэггүй, цагаа зохицуулж, өөрийгөө илүү хөгжүүлэх цаг завтай болдог, давхар ажиллах боломжтой, эдийн засагт хэмнэлттэй, байгальд ээлтэй, эрүүл мэндэд эрсдэлгүй, хамгийн олон оюутан орон зайнаас хамаарахгүй суралцах боломжтой учир цаг хугацаа хэмнэдэг, сурах үйл явцаа удирдаж зохицуулж сурч байгаа учир бие даан суралцах чадвар хөгждөг, хичээлээ сайн ойлгож байгаа тул бүтээмж сайжирдаг гэснээс гадна бусад 5 давуу талыг ч цөөнгүй оюутан дурдсан байна.
М.ГЭРЭЛМАА
Холбоотой мэдээ