"Хичээлийн хоцрогдол, сургалтаас илүү төлбөрт анхаарах юм"

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

"Хичээлийн хоцрогдол, сургалтаас илүү төлбөрт анхаарах юм"

"Хичээлийн хоцрогдол, сургалтаас илүү төлбөрт анхаарах юм"

Их дээд сургуулиудын үүдээр хөл ихтэй, хаврын улирлын хичээл сонголтоо хийх, төлбөрөө хойшлуулах, хувааж төлөх тухай өргөдөл барьсан оюутнууд гүйлдэнэ. Цар тахлаас шалтгаалсан зарим онцгой нөхцөл цуцлагдсан учир оюутны төлбөртэй холбоотой асуудлыг их, дээд сургуулиуд өөрсдөө шийднэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өчигдөр мэдээлсэн.

Иймээс зарим оюутнуудын ар гэр цагаан сардаа бэлдэх үү, хүүхдийнхээ төлбөрийг хийх үү гэсэн сонголттой нүүр тулжээ.

Сар шинээ монголчууд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Нэг өрхийн сар шинийн бэлтгэл дунджаар 1.5 сая төгрөг агаад энэ нь нэг оюутны 21 кредит хичээлийн төлбөртэй дүйцэж байна.  Ингээд  хичээл сонголтод ямар бэрхшээл учирч байгаа талаар оюутнуудаас тодрууллаа.

МУБИС-ийн оюутан Г.Наран

-Манайх цагаан сараа хотод тэмдэглэдэг. Өвөө эмээтэйгээ амьдардаг учир цагаан сарыг их өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ хавар би 1.3 сая төгрөгийн төлбөр төлнө.  Өмнө жилүүдийн төлбөрийг төлөхөд хүндрэлтэй байгаагүй. Энэ жил хаврын улирлын төлбөрийнхөө 30 хувийг төлсөн. Ирэх тавдугаар сард үлдэгдэл төлбөрөө төлөх хүсэлт гаргаж байна. Манайх машины болон бусад зээлтэй. Дээр нь цагаан сарын зардал нэмэгдэж байгаа нь их хүндрэлтэй байна.

ХААИС-ийн оюутан Э.Энхжин

-Манай сургууль төлбөрөө дөрөв хувааж  төлж болдог. Энэ их боломжийн санагддаг. Гэхдээ үлдэгдэл төлбөрийн өрийг ирэх хоёрдугаар сард ар гэрийн зүгээс төлөх боломжгүй байна. Амралтаараа кимчиний үйлдвэрт ажиллаж байна. Жилийн жилд  оюутны төлбөрийн асуудал эцэг эхийнх нь нуруун дээр буудаг. Мөн оюутнууд  барилгын туслах, зөөгч, угаагч, ачигч гэх мэт цагийн ажил хийж төлбөрийн өрөө дардаг. Иргэдийн орлого буурч, зарлага нэмэгддэг цагаан сарын үеэр хичээлээ эхлэж таардаг. Үүнийг салбарын яам бодолцож үзэх хэрэгтэй санагддаг.

МУИС-ийн оюутан М.Ариун-Эрдэнэ

-Хаврын улирлын төлбөрөөс 50 хувийг нь хойшлуулах хүсэлтийг сургуулийн Хөтөлбөрийн албандаа гаргасан ч үлдэгдэл 50 хувийн төлбөрийг одоо төлсөн тохиолдолд хүсэлтийг хүлээн авна гэсэн. Манай аав барилгын ажил хийдэг. Одоо ажил нь зогсчихсон. Зөвхөн ээжийн цалингаар хаврын улирлын хичээлийн төлбөр, өрхийн зардлаа болгож чадахгүй байна. Нэгэнт энэ сургуулийг зорьсон мэргэжлээрээ сурч төгсөхөөс хойш төлбөрийн асуудлыг уян хатан болговол дээр санагдаж байна.

МУБИСийн оюутан А. Сайханбаяр

-Би гурван дүүтэйгээ хамт амьдардаг. Оюутны зээл өмнө оны намар хөөцөлдөөд авч чадаагүй. Өмнөх оны төлбөрийн өр, энэ хаврын улирлын төлбөр нэмэгдээд их хүндрэлтэй байна. Үнэндээ цахим хичээл, хөл хорион улмаас олигтой сурсан юмгүй. Их сургуулиуд хичээлийн хоцрогдол, сургалтдаа анхаарахаасаа илүү төлбөр мөнгөнд л хамаг анхаарлаа хандуулах юм. Над шиг бүтэн өнжин өчнөөн олон хүүхдүүд төлбөрийн асуудалтай.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж