Дугаарын сурвалжлага: Гандантэгчинлэн гял цал болжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

Дугаарын сурвалжлага: Гандантэгчинлэн гял цал болжээ

Дугаарын сурвалжлага: Гандантэгчинлэн  гял цал болжээ

“Сайжруулагч” хэмээх усан бар жил хаяанд иржээ. Монголчууд шинийн 15-ны өдөрт багтаан тухайн жилийнхээ засал номоо хийлгэхийг зорьдог. Иймээс Гандантэгчинлэнг зорьж сар шинийн өдрүүдэд ямар ном айлдах, иргэд хурал даган баясах, засал номоо ямар өдрүүдэд хийлгэх талаар сурвалжиллаа.  


Гандантэгчинлэн хийд шинээр баригдсан Батцагаан дуганд нүүн орж, хэдийнээ тохижжээ. Батцагаан цогчин дуган нь долоон давхар 1080 лам ном хурах багтаамжтай аж. Мөн олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулах "Соёмбо" танхимтайгаас гадна номын сан, ресторан, музей зэргийг багтаасан цогц байгууламж юм. Үүдээр орвол үүдэн хэсэгт бурхны зураг, шилэн хаалга байх агаад цааш явбал нэг давхартаа хурал номын айлгалтыг бичих касс шинэчлэгджээ. Иргэд өмнөх шигээ дугаарлах хэрэггүй болж, зөвхөн кассаас тасалбар авч өөрт оногдсон дугаарын дагуу дарааллаар үйлчлэх юм байна.

ИРГЭД БИЕЧЛЭН ИРЭХ ШААРДЛАГАГҮЙ, ЦАХИМААР ХУРАЛ ДАГАН БАЯСАХ БОЛОМЖТОЙ

Цагаан сарын өдрүүдээр хурах хурал номын талаар Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны ажилтан А.Жамьяансүрэнгээс  тодруулснаа хүргэе.

-Сар шинийн өдрүүдэд Гандантэгчинлэн хийдэд ямар ном хурах вэ. Энэ жилийн тухайд иргэд хурал даган баясах боломжтой юу?

-Цагаан сарын хурлууд нэгдүгээр сарын 28-наас эхэлж байгаа. Тухайлбал, балин адислах буюу жилийнхээ балин тахилыг шинээр солиод, шинэ балинг адислаж шинэ хурал ном эхэлдэг. Түүнчлэн нэгдүгээр сарын 29,30,31-ны өдрүүдэд гурван өдөр дараалсан хурал хурна. Битүүний өдөр ном хурахгүй байх агаад шөнө нь Цэдэрлхам буюу Лхам бурханы тахилга хурна. Уг хурал шинийн 1-ний өглөө дуусдаг. Ийнхүү шинийн 1-нээс 15-ныг хүртэл Молом буюу ерөөлийн ном хурна. Хурлын үйл явц зан үйл сүсэгтэн олонд нээлттэй, халдвар хамгааллын дэглэмээ барьж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байна. Мөн цахимаар хурал номоо уншуулж болно.

-Иргэд засал номоо шинийн 15-нд багтаан хийлгэхийг зорьдог. Цагаан сарын өдрүүдэд касс хэвийн ажиллах уу?

-Сар шинийн өдрүүдэд Гандангийн касс хэвийн ажиллана. Түүнчлэн иргэд заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй. My.gandan.mn сайтад өөрийн овог нэр төрсөн он сараа бүртгүүлснээр хурал номоо цахимаар уншуулах боломжтой. Битүүний өдрийн хуралд сүсэгтэн олон өргөнөөр ирдэг. Энэ жилийн хувьд Батцагаан дуганд уг хурал хурна. Кассын тухайд одоогоор арван компьютероор ном бичиж байна. Тодруулбал, банктай ижилхэн тасалбар аваад дугаараар нь дуудаж ном бичдэг болсон. Энэ дээр нэг зүйл хэлэхэд Гандан банк шиг боллоо гэх буруу ойлголт явж байна. Өөрөөр хэлбэл цаг үетэйгээ нийцэж улам хялбарчлагдсан гэсэн үг юм.

-Усан бар жилийн тухайд ямар хүмүүс тусгайлан засал ном хийлгэх хэрэгтэй вэ?

-Ерөнхий байдлаар усан бар жил залууст дундаж, нялхаст ээлтэй, хөгшдөд ширүүн жил гарах юм. Тиймээс өндөр настан, жил орж буй хүмүүс заавал заслаа хийлгэх ёстой.

ЖИЛ ОРЖ БУЙ ХҮМҮҮС ЗАСАЛ НОМОО ЗАЙЛШГҮЙ ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ

“Сайжруулагч” хэмээх усан бар жилийн өнгө, суудлын засал номын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам Э.Баасантогтохын хэлснээр “Жилийн байдлыг ажиглавал залууст буюу дунд суудалтанд сайн, нялхаст буюу ард иргэдэд дунд зэрэг, өвгөдөд буюу өндөр дээд суудалтан, настнуудад биеэ хичээхийг анхааруулжээ. Нийтэд нь авч үзвэл улс орон болоод иргэд төдийгүй амьтдад ээлтэй усан бар жил гарч байна. Жилийн үндэс нь улс эх орон амгалан ард иргэдийн ажил тэгширнэ гэжээ. Гэхдээ хүн, мал амгалан боловч хий өвчин дэлгэрэх нигууртай. Идэр залуу хүний ажил үйлс сайн, үр ач дэлгэрэх, жилийн ба улирлын эхээр гандуу, салхи шуурга ихтэй, жил тохиох нь. Улирлын сүүлээр хур тунадас нэн элбэг гэж зурхайн зурлагад  буусан  байна. Эрүүл мэндийн тухайд хий өвчин дэлгэрнэ. Хадлан тэжээлийн ургац сайн байна.

Жилийн засал номын хувьд бар жилтэй хүмүүсийн жил орж байгаа. Бар жилтэй буюу 1926, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 онд төрөгсдийн хийморь дорой талдаа байна. Тиймээс эдгээр жилд төрсөн хүмүүс засал номоо хийлгэх нь зүйтэй.

Хүмүүс 33-ны мөчлөг дээр их ач холбогдол өгдөг. Тиймээс 33 насны засал номоо сайн уншуулах нь зүйтэй. Харин харш жилийн хувьд бич жилтэй хүмүүст их харш жил гарч байна. Могой жилтэй хүмүүс бага харш жилийн засал хийлгэх хэрэгтэй. Харш жилийн засал нь тухайн хүнийг осол авааргүй байх, хэл ам атаа жөтөөгүй байх болон ажил үйлс бүтэмжтэй засал юм. Мөн мэнгэ голлох буюу мэнгэний засал гэж бий. Энэ жилийн хувьд таван шар мэнгэтэй хүмүүсийн хувьд засал хийлгэх хэрэгтэй. Мэнгэний засал нь эрүүл мэндийн тухай, нас уртасгах өвчингүй байлгах учигтай" гэжээ.

ГАНДАНГИЙН ХЭВИЙН БООВ ЭРЭЛТТЭЙ БАЙНА

Гандангийн хэвийн боовны худалдаа эхэлжээ. Тухайлбал, Гандангийн гэж алдашрсан шар тостой хэвийн боов энэ жил ширхэг нь 4000-5000 төгрөгийн хооронд худалдаалж байна. Үдээс хойш байсан тул хүний хөдөлгөөн их, хэвийн боовны наймаа тасарсангүй. Худалдагч нарын хэлснээр Гандангийн гэж тодотгодог хэвийн боов шар тосоор зуурсан, хадгалах нэмэлт бодис ороогүй аж. Мөн жил бүр Гандангийн хэвийн боовыг зорин ирж авах хүмүүсийн тоо ихэссэнийг хэлж байна.

Энэ жил шинийн гурван тасарсан усан бар жилийн шинийн гурван энэ жил тохиохгүй гэдгийг зурхайч нар хэлж байна. Тухайлбал, шинийн гурван энэ жил хоёрдугаар сарын 4-ний Баасан гаригт тохиож буй. Баасан гариг ажлын өдөр тул бүх нийтээр амрах эсэхийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж