Монголд хүүхэд амьдрахыг хориглоно!

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

Монголд хүүхэд амьдрахыг хориглоно!

Монголд хүүхэд амьдрахыг хориглоно!

Монгол  хүүхдэд хамгийн ээлгүй улс болоод удаж байгаа. Тэдний хувьд алхам тутамд аюул, амиа алдах эрсдэл хүлээж байдаг гэвэл хилсдэхгүй.

Хүүхдүүд орцныхоо гадна тоглож байхдаа, гудамжаар алхаж явахдаа, гэртээ, эхийнхээ хэвлийд хүчирхийллийн золиос болж, эндэж байна. Тэр тусмаа томчуудын хариуцлагагүй байдлаас болж амь насаа алдаж, тэдэнд харгислуулж, хүчирхийлэлд өртөж амиа алдаж байна. Үндсэн хуульд  хүн эрүүл аюулгүй орчин амьдрах ёстой гэж тусгасан ч тэд өнөөдөр "амь тэмцэж" байна. Хүүхдүүдэд амьд явах баталгаа ч алга. Хамгаалах ёстой аав ээж нь, төр засаг нь хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хөсөр хаячихсан. Учир нь, тэд санал өгдөг субъект биш болохоор тэр.

Хоёр хоногийн өмнө нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны долоон давхрын цахилгаан шатны хаалгаар гурван настай хүү унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед хүү лифтний эвдэрхий хаалга налж зогсч байгаад унаж, амиа алджээ.

Цар тахлын улмаас хоёр жил сургууль, цэцэрлэгээ хааж, хүүхдүүд хөл хорионд орсон. Хэдийгээр нийгмээрээ олон асуудалтай нүүр тулж байгаа ч хүүхдүүдэд илүү хүнд тусч байна. Учир нь, хөл хорионы үед хүүхдүүд сурч боловсорч чадахгүй байгаагаас гадна эрүүл мэнд, сэтгэл зүйгээр хохирч байгаа нь нууц биш. Хөл хорионд удсан хүүхдүүд эхнээсээ хүчирхийлэлд өртөж, томчуудын санамсар болгоомжгүйгээс эндэж байгаа нь Монголын эмгэнэл.

Сурч боловсрох, тоглож наадах эрхээ хязгаарлуулсан хүүхдүүд өнөөдөр гэртээ гар утастай өдөр хоногийг өнгөрөөж байна.

Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо өмнөх оныхоос өссөн дүнг албаныхан танилцуулсан. Улсын хэмжээнд түр хамгаалах байр нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2020 онд нийт 2147 хүүхэд, 2021 оны эхний хоёрдугаар сард нийт 541 хүүхэд үйлчлүүлжээ. Энэ тоог задлан авч үзвэл, 877 нь үл хайхрах хүчирхийлэлд, 478 бие махбодын хүчирхийлэл, 373 нь сэтгэл санааны хүчирхийлэл, хараа хяналтгүй 253, 150 нь бэлгийн хүчирхийлэл, гуйлга гуйсан 22, амиа хорлох үйлдэл хийсэн 10 хүүхэд түр хамгаалах байранд очсон байна.

  • 2018.6.18 Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайн хаалганд 11 настай хүү даруулж амь насаа алдав. Ойр орчимд нь сургуулийн талбайгаас өөр тоглох газар байхгүй тул тэр хавийн хүүхдүүд тэнд  тоглож, өдрийг өнгөрүүлдэг байжээ.
  • 2020.09.20 Есөн настай охин хойд аавынхаа гарт хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Дагавар охиноо хөнөөсөн  хойд эцэг нь хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд өмнө нь талийгаачийг зоддог байсан нь гэрчүүдийн мэдээллээр тогтоогдсон байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр амиа алдсан охиныг гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон нь батлагдсан.
  • 2020.02.05 Бага насны буюу 1-5 насны гурван хүүхэд гэрт нь ус алдаж, түүнд уртасгагч залгуураар дамжсан цахилгаанд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нэгэн айлд бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж, нас барсан.
  • 2020.05.27 Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав.
  • 2022.01.24 Нэг нас зургаан сартай охиныг зодож, гудамжинд гаргаж хаясан хэрэг Төв аймагт гарчээ. Тодруулбал, охины нагац ах согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ охиныг зодож, гэмтээжээ. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Тэдний өмнө хариуцлага хүлээж, эрх ашгийг нь хамгаалах ёстой хүмүүс хаана байна вэ. Ядуурал, ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн стрессийн хамгийн том хохирогч нь хүүхдүүд болсоор.  Энэ мэт олон асуудлаас болоод хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл, амьдралын баталгаа хөсөр хаягдаж байна. Хүүхдийн төлөө сайхан уриа лоозон барьсан эрх мэдэлтнүүдэд хойч ирээдүй болсон хүүхдүүд маань ямар орчинд өсч торниж байгаа нь огтоос хамаагүй биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж