Эрх баригчдын гэнэтийн бэлэг инфляцийг галзууруулах вий!

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

Эрх баригчдын гэнэтийн бэлэг инфляцийг галзууруулах вий!

Эрх баригчдын гэнэтийн бэлэг инфляцийг галзууруулах вий!

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгогдсоноосоо хойш тэрбум мод ярьсан шигээ нам жимхэн байсан бол сар шинийн босгон дээр гэнэт Засгийн газарт тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэл өгч, ахмадууддаа, ард иргэддээ гэнэтийн бэлэг барив. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн, хэлэлцээр амжилттай үргэлжилж байгаа зэрэг эдийн засагт гэрэл асах чимээтэй зэрэгцэн тэтгэвэр нэмэх Ерөнхийлөгчийн санаачилга төсөвт "ачаалал" үүсгэх нь тодорхой.  Ердөө хоёрхон хоногийн өмнө өгсөн Ерөнхийлөгчийн чиглэлийн дагуу Засгийн газар 2022 оны төсөвт тодотгол хийж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхээр ээлжит бус чуулган зарлалаа. МАН хүсвэл хоёр хоногийн дотор төсөвт тодотгол хийж, хүсэхгүй бол "таг чиг" гүлдийж болдгийн нэг илрэл. Мэдээж, тэтгэвэр тэтгэмж нэмэх нь ахмадуудад сайхан мэдээ болох нь дамжиггүй.  Харин татвар төлөгчдийн нуруун дээрх ачаа нэмэгдэх нь гарцаагүй.

Боомтын үйл ажиллагаа сэргээгүй, орлого тасалдсан, эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх нь зайлшгүй шаардлага боловч хоёр жилийн хугацаанд covid-19-ийн цар тахалтай тэмцэж, эдийн засгийн эргэлт суларсан энэ цаг Ерөнхийлөгчийн чиглэл сар шинийн босгон дээр ард түмэндээ бэлэг барих гэж улайрсан улс төр болох вий гэж эдийн засагчид болгоомжилж байна.

Covid-19-ийн цар тахлаас үүдэн хаалтаа хийсэн намрын чуулганыг ээлжит бусаар хуралдуулж, ийн төсөвт тодотгол хийхээр болсон нь эдийн засагт том савалгаа үүсгэх вий гэсэн болгоомжлол байгааг эдийн засагчид хэлж буй.

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх нь төсвийг доройтуулж, инфляцийг дахин өсгөх маш том эрсдэлтэй. Инфляци оны эцэст улсын хэмжээнд 13,4 хувь, нийслэлд 14,8 хувь байгаа бөгөөд оны эхний сард 2-3 хувийн өсөлттэй байх болов уу гэдгийг эдийн засагчид таамаглаж буй. Дунд болон урт хугацаандаа мөнгөний бодлогод таагүй ч таагүй нөлөө үзүүлж, болзошгүй. Түүнээс гадна экспортын нийлүүлэлт буурсан, урд хөршийн хил бараг л хаалттай энэ цаг үед орлого, хилийн боомтын асуудлаа бүрэн шийдээгүй байж ийм шийдвэр гаргах нь одоо өссөөр байгаа инфляцийг өрдөх вий. Сар шинийн босгон дээр Ерөнхийлөгч, эрх баригчдын улс төр нэг удаа иргэдийг тайвшруулж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж болох ч эдийн засагт гарах үр дагаврыг маш сайн тооцоолох нь учиртай.

Тэтгэвэр, тэтгэмж нэмэх сураг, Цагаан сар гээд өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадчихсан байгаа. Ийм цаг үед тэтгэвэр нэмэх нь зөв байж болох ч ямар аргаар, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх үү, эсвэл?

Сангийн яамны боловсруулж буй төсвийн тодотголоор 2022 оны төсөвт суулгасан зарим хөрөнгө оруулалтыг царцаах байдлаар тандалт хийх гэж байгаа гэсэн мэдээлэл бий. Ингэхдээ тэтгэврийн доод хэмжээг 500 мянга төгрөг болгох, тэтгэмжийг ч мөн тодорхой хувиар нэмэгдүүлэхээр болсон. Харин тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж.

Засгийн газар 2022 оны төсвийн тодотголоо өнөөдөр өргөн барьж, УИХ-ын чуулганаар шууд хэлэлцэж эхэлнэ. Хуулийн дагуу төсвийг дөрвөн удаагийн хэлэлцүүлэгт оруулах ёстой. Тиймээс эрх баригчид Сар шинийн баяраас өмнө амралтын өдрүүдэд хуралдаж, тодотголыг батлах юм. Хэрэв төсвийн тодотгол батлагдвал тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг 2022 оны хоёрдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэхээр төсөөлж буй гэнэ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж