НЭМЭЛТ: 00.45 ЦАГ
"Амгалан" дулааны станц дээр тог тасарсны улмаас сүлжээний насос зогсчээ. Үүнээс шалтгаалан ажиллаж байсан зуухууд дээрх ус уур болон хувирч, хотын дулааны сүлжээний даралт эрс өссөн байна. Одоогоор хоёр газар дулааны сүлжээнд гэмтэл илэрсэн. УБДС ХК-ийн хоёр бригад гэмтэл устгах ажлыг хийж байна. Тус дулааны станцын гаралтын тойруу хаалтын гагнуур дууссаны дараа зүүн хэсгийн дулаан хангамжийг сэргээнэ.
Амгалан дулааны станц дээр ЭХЯ-ны ТНБД-аар ахлуулсан баг, УБДС ХК-иас нэмэлтээр гагнуурчид ажиллаж байгаа ажээ.
"Амгалан" станцад гэмтэл гарч, хоёр цаг тэг зогсов
Хотын зүүн хэсгийг дулаанаар хангах "Амгалан" дулааны станцад өнөөдөр /2022.01.27/ 21:00 цагийн үед гэмтэл гарч, тэг зогсолт хийгээд байна.
Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, "Монгол кино" үйлдвэрийн баруун талын туслах замд дулааны шугамд гэмтэл гарсны улмаас "Амгалан" дулааны станц тэг зогсолт хийжээ. Энэ талаар тус дулааны станцаас тодруулахад “Амгалан дулааны станцад гарсан гэмтлийг засварлахаар инженерүүд ажиллаж байна. Ойролцоогоор 21:00 цагт гэмтэл гарч, айл өрхийн дулаан хангамжийг олгох боломжгүй болсон. Яаралтай засварлахаар ажиллаж байна” гэсэн тайлбар өглөө.
Эх сурвалжийн хэлж байгаагаар, дулааны шугамын хоолой задарч, тус станцын зуух зогсчээ. Асуудлыг шийдвэрлэхээр дулааны шугам сүлжээний инженерүүд тухайн гэмтэл гарсан хэсэг болон дулааны цахилгаан станц дээр ажиллаж байгаа аж.
Одоогийн байдлаар гарсан гэмтлийг засварлаж чадаагүй байна. Нийт 348 мВт-ын хүчин чадалтай дулааны станц нь хотын зүүн хэсгийн 50 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангадаг. Тус зүүн бүсийн дулааны цахилгаан станц нь:
А. Үндсэн үйлдвэрлэлийн
- Зуухан цех
- Түлш дамжуулах цех
- Нэгдсэн цех
- Инженерийн хэсэг
- Авто, хүнд машин механизмын хэсэг
Б. Үйлдвэрлэлийн бус
- Захиргаа удирдлагын хэлтэс
- Хяналтын хэлтэс
- Санхүү, эдийн засгийн хэлтэс
- Хангамжийн хэлтэс
- Аж ахуйн хэсэг гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Холбоотой мэдээ