Эрүүл байвал улсын наадам үзнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

Эрүүл байвал улсын наадам үзнэ

Эрүүл байвал улсын наадам үзнэ

Халдвар хамгааллын дэглэм сахиж, хаврын уламжлалт баяраа өнжиж чадвал цар тахлын давлагаа өнгөрөхийг Эрүүл мэндийн яамнаас сануулж буй. Гэвч монголчууд хэдийн сар шинийн бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ. Хөдөөнөөс хотыг зорих хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж, баярын бэлтгэлээ базаасан хүмүүс цар тахлыг таг мартсан гэхэд хилсдэхгүй. Хоногт батлагдах тохиолдлын тоо цаашид 20 мянгад хүрэхийг анхааруулж байгаа ч иргэд үүнд төдийлөн ач холбогдол өгөхөө больсон. Магадгүй залхаж. дөжирснийх байх.

Гэвч, цар тахал намжаагүй. Хэдийгээр хүн төрөлхтөн цаашдаа цар тахалтай хамт амьдрах нь гарцаагүй болж байгаа ч халдварын дэгдэлт эрс нэмэгдэж буй үед сар шинийг өргөн дэлгэр тэмдэглэх нь эрсдэлтэй. УОК-оос цагаан сараар хөл хорихгүй гэдгээ мэдэгдээд байгаа хайртай бүхнээ хамгаалах эсэх нь танаас шалтгаалах юм.

Дотоодод бүртгэгдээд буй халдварын омикрон хувилбарын давлагаа сар шинээр хамгийн оргилдоо хүрнэ гэсэн. Тодруулбал, цагаан сарын дараах долоо хоногт халдварын батлагдах тоо өсч эхэлнэ. Үүнийг УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, ХӨСҮТ-ийн судалгааны албанаас баталсан.

Тиймээс иргэдийг халдварын дэглэмээ сахиж, цагаан сараар гэр гэртээ байх уриалга гаргаад байгаа. Харамсалтай нь хэн ч энэ уриалгад анхаарал хандуулахгүй байгаа нь хөл хорио тогтоох нь оновчтой шийдэл байсан ч байж магадгүй. Иргэдийн хэлж байгаагаар “Эрүүл л байвал улсын наадам үзнэ” гэж бодоод энэ жил өргөн хүрээнд баяр тэмдэглэхгүй. Гэхдээ ёсыг бодож уламжлалаа дагна гэцгээнэ. Харин эрдэмтэд ёс уламжлал гэхээс илүүтэй халдварын нөхцөл байдалд ач холбогдол өгөх хэрэгтэйг анхааруулж байгаа юм.

ХӨНГӨН, БАЛАРХАЙ ШИНЖ ТЭМДЭГТЭЙ ХҮМҮҮС ОМИКРОНЫ УЛМААС ХҮНДРЭХ ЭРСДЭЛ ӨНДӨР

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан А.АМБАСЭЛМАА:

-Омикроны тархалтын хурд маш эрчтэй болж байна. Монгол Улсад өдрөөс өдөрт нэмэгдэх тохиолдлын тоо 2-3 дахин ихэсч, лабораторийн шинжилгээнд эзлэх эерэг сорьц 2-27 хувиар өсч байна. Бусад улс болон дотоодын нөхцөл байдлаас харахад омикроны эмнэлзүйн хүндрэл SARS, Covid-19 хоёрын бусад хувилбаруудтай адилхан. Эмзэг бүлэг, архаг өвчтэй хүмүүс, ахмад настан, вакцинд хамрагдаагүй хүмүүс хүндрэх байдал ажиглагдсан. Эдгээр бүлгийн хүмүүсийн биеийн байдал хүндрэх эрсдэл өндөр байна.

Халдварын тархалтад нөлөөлж байгаа хүчин зүйл нь нэмэлт тунгийн дархлаажуулалтаас гадна хөнгөн балархай шинж тэмдэгтэй хүмүүс. Тэд нийт тохиолдлын 30-аас дээш хувийг эзэлж байгаа юм. Тиймээс шинж тэмдэггүй халдвар тараагч болдог учраас хавьтал болсон бол өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Халдварын нууц үедээ байгаа үед халдварлуулах чадамж өндөр байдаг.

Хэрэв иргэд өөрт ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа л бол түргэвчилсэн шинжилгээ өгөх хэрэгтэй. Хариу нь сөрөг гарсан ч шинж тэмдэг илэрсээр байвал эмчид хандаж, зөвлөгөө аваад, өөрийгөө аль болох тусгаарлах нь зөв. Бусад хувилбарын үед халдварлах чадвар өндөр байгаагаас гадна шинж тэмдэг богино хугацаанд  илэрч, хүндэрч байсан. Үүнээс болоод уушги нь хатгаагаар өвдөх, хатгалгаа болж хүндэрч байлаа. Харин омикроны хувьд дельта, альфагаас зовиур, шинж тэмдэг нь удаан хугацаанд үргэлжилж байгаагаараа онцлог.

ЭРСДЭЛТ БҮЛГИЙН ХҮН ӨВДВӨЛ ЗААВАЛ ЭМЧИЙН ХЯНАЛТАД ОРОХГҮЙ БОЛ ХҮНДЭРНЭ

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Д.ЧИНБАЯР:

-Омикроны хөнгөн болон хүндэвтэр оноштой хүнд амьсгалын дээд замын халдварын үед илэрдэг хамар битүүрэх, хоолой аргаж хөндүүрлэх, хуурай ханиалгах, хөнгөн халуурах шинж тэмдэг илэрч байна. Харин хүндэрч байгаа хүмүүсийн тухайд амьсгаадах, ханиалгах, цустай цэр гарах шинж тэмдэг давамгай илэрч байна.

Омикроны үед өмнөх хувилбарт халдваруудын нэгэн адил эмчилгээ үзүүлж байна. Гэхдээ эрсдэлт бүлгийн хүмүүс омикроноор өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэл нь өндөр гэдгийг анхаарч, халдвараас сэргийлэх, халдвар авснаа мэдсэн бол яаралтай эмнэлэгт хандаж, эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Шинээр илрэх халдварын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд болон нэн хүнд хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна. Биеийн байдал нэн хүнд байгаа хүмүүсийн ихэнх нь өндөр настай, хавсарсан өвчтэй учраас өндөр настай, хавсарсан өвчтэй хүмүүс халдвар авсан бол заавал эмчийн хяналтад эмчилгээгээ хийлгэх ёстой. Covid-19-өөр өвчлөөд эдгэрсний дараа цус өтгөрч, судас бөглөрч байгаа талаарх дата мэдээллийг эмхтгэж байна. Ямар ч өвчний үед хүн өөрөө дур мэдэж, өөрийгөө эмчилнэ гэж байхгүй. Хэрэв ямар нэгэн зовиур, шаналгаа, эмнэл зүйн шинж тэмдэг байгаа л бол мэргэжлийн эмчид хандаж, шалтгааныг нь оношлуулаад эмчилгээ хийлгэнэ.

COVID-19-ӨӨР ДАХИН ӨВДСӨН БОЛ ЗААВАЛ УУШГИНЫ РЕНТГЕНД ХАРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн дарга Б.ОДОНЧИМЭГ:

-Омикрон хувилбар халдварлах чадвар өндөр бөгөөд богино хугацаанд тархаж байна. Өвчилсөн хүмүүсийн биеийн байдал хөнгөн ч зовиур их. Вакцин хийлгээгүй бол өвдөх магадлал 100 хувь, хоёр тун хийлгэсэн бол 75 хувь, нэг тун хийлгэсэн бол өвдөх магадлал 35 хувь байна. Эмнэлзүйн шинж тэмдгийн тухайд халуурах, ханиалгах, амт үнэр алдагдах, хоолой сөөх зэрэг шинж тэмдгүүд илэрч байна. Мөн бага насны хүүхдэд гүйлгэх, суулгах, биеэр тууралт гарах шинж тэмдэг илэрч байна. Харин хүнд шинж тэмдэгт амьсгал давчдах орж буй бөгөөд зарим иргэд гүнзгий амьсгал авч чадахгүй байна. Тиймээс энэ үед халдвар хамгааллын дэглэмээ баримталж, архаг суурь өвчтэй бол биеэ сайн хянахыг зөвлөж байна. Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Ханиад, томуугийн шинж тэмдэг илэрч байгаа бол эмнэлэгт яаран бүү хандаарай.

Covid-19-өөр өмнө нь өвдсөн тохиолдолд дахин шинж тэмдэг илэрч байгаа бол заавал мэргэжлийн эмчид хандаж, уушгины рентгенд харуулах шаардлагатай.

Эмч, мэргэжилтнүүд цар тахлын шинэ хувилбарын талаар ийнхүү мэдээлэл өгсөн. Тиймээс Covid-19-ийн дотоодын дөрөв дэх давлагааг даван туулахын тулд иргэд энэ удаа цагаан сарыг өнжихийг дэмжиж байгаа. Эрүүл байвал ирэх жилүүдийн баяр наадмыг алгасахгүй байх нь гарцаагүй. Тиймээс халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж гэр бүлийнхээ хүрээнд бус гэр, гэртээ шинэлэх нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж