Шольцын эхний сорилт Украиныг "баавгайн савраас" аврах

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

Шольцын эхний сорилт Украиныг "баавгайн савраас" аврах

Шольцын эхний сорилт Украиныг "баавгайн савраас" аврах

Орос, Украины хооронд өрнөж буй хурцадмал нөхцөл байдалд Германы шинэ засгийн газрын үзүүлж буй хариу арга хэмжээ тун эгзэгтэй байна.

Германд Covid-19-ийн халдвар огцом нэмэгдэж, өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 100 мянга хүрчээ. Цар тахлын эсрэг арга хэмжээ авахтай зэрэгцээд Украины хямралыг зохицуулахад гар бие оролцох нь Германы шинэ эвслийн засгийн газар хэрхэн ажиллаж буйг харуулах нэг төрлийн шалгуур болов. Украины асуудалд оролцож буй өөр нэг гол тоглогч бол Батлан хамгаалахын сайд Кристен Ламбрехт юм.

Герман улс, тэр дундаа шинэ канцлер Олаф Шольц аль аль нь Украины асуудлаарх барууны байр суурийг дэмждэггүй, өөрсдөө идэвхийлэн оролцдоггүй гэсэн шүүмжлэлд өртсөөр ирсэн. Олон нийтэд өгч буй мэдэгдэлүүд нь ч “NATO” болон Европын бусад удирдагчдаас хамаагүй сул, идэвхигүй байдаг. Энэ төрлийн асуудлуудаа Шольц өөрөө биш гадаад хэрэг болон батлан хамгаалахын сайд нартаа даатгадаг гэвэл үнэнээс хол зөрөхгүй. Нөгөөтэйгүүр Герман улс нь Оростой эдийн засгийн харилцаагаа хадгалахыг, ялангуяа эрчим хүчний эх үүсвэрээ эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна. Тиймээс Оросын эсрэг аливаа хориг арга хэмжээ авахаас ихээхэн болгоомжилж буй нь ойлгомжтой.

Олон нийтийн санал шүүмжлэл, Москвад хийсэн уулзалтууд зэргээс харахад Германы гадаад хэрэг болон батлан хамгаалахын сайд нар Украины асуудалд анхаарлаа хандуулж буй мэт боловч Шольцын засгийн газар харьцангуй минималист байр суурь баримталж байна. Тэдний цаад зорилго нь Украины хямралыг зөвхөн АНУ, ОХУ-д даатгаж орхилгүйгээр Европын холбооны үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байх магадлалтай.

Шольцийн засгийн газраас гуравдагч орнууд тэр дундаа Балтийн орнуудыг цэргийн албан хаагчид болон Германд үйлдвэрлэсэн техник хэрэгслээр Украинд тусламж үзүүлэхийг нь эрс үгүйсгэсэн байдалтай байна. Яагаад гэвэл дайны голомтод цэрэг, зэвсэг нийлүүлэх нь байдлыг улам дордуулдаг гэв. Батлан хамгаалахын сайд Ламбрехт хэлэхдээ “Одоохондоо цэрэг, зэвсэг нийлүүлэх нь тус болохгүй, оронд нь хоёрдугаар сард бүрэн тоноглогдсон хээрийн эмнэлэг илгээнэ” гэжээ. Энэ нь Герман улсын оруулж чадах багахан хувь нэмэр болох юм. Батлан хамгаалахын тусламжийн асуудал ид хөндөгдөх үетэй зэрэгцээд Герман улс Украинд 5000 ширхэг дуулга илгээх болсноо мэдэгдэв. Энэ нь Киев хотын даргын эгдүүцлийг хүргэж, ёжилсон утгатай үгс ч хэлсэн байна. Киев хотын дарга Виталий Кличо “Германы засгийн газрын энэ үйлдэл намайг хэлэх үггүй болголоо. Украин руу хэзээ ч довтлоход бэлэн, төгс тоноглогдсон Оросын арми биднийг хүлээж байгааг тэд ойлгоогүй бололтой. Дараагийн тусламж нь юу байх бол, дэр байх юм болов уу?” гэжээ.

АНУ болон “NATO”-гийн бусад холбоотнуудын зэвсгийн тусламжаас эрс ялгаатай энэхүү өчүүхэн санал нь Германы удирдагчид Оросын түрэмгийллийг зогсоох санаагүй байна гэсэн хардлага төрүүлж байгаа аж. Оросын шинэ хийн хоолойн төсөл амжилттай болсноор Германы орон сууцуудын гуравны нэгийнх нь халаалтын асуудал шийдэгдэх юм.

Гэхдээ Германы засгийн газар Оросыг дэмжиж байна гэж бас шууд хэлж боломгүй. Учир нь Германы Тэнгисийн цэргийн хүчний тэргүүн, дэд адмирал Кей-Ахим Шонбах өнгөрсөн долоо хоногт Нью Делид болсон бага хурал дээр хэлсэн үгнийхээ төлөө албан тушаалаасаа огцорчээ. “Орос улс Украиныг түрэмгийлж байна гэдэг бол дэмий яриа. Ерөнхийлөгч Владимир Путин хүндлэл, эрх тэгш байдлыг л хүсч байгаа. Бурхан минь, хэн нэгнийг хүндлэхэд ямар нэг зардал гарахгүй шүү дээ” гэж хэлжээ. Мөн Крым хэзээ ч Украинд буцаж ирэхгүй, Украин ч “NATO”-д элсэх шалгуурыг хэзээ ч биелүүлж чадахгүй гэж онцолсон байна. Цэргийн өндөр албан тушаалтан ийм үг хэлсэн нь Германы засгийн газар ямар үзэл баримтлалтай байгааг цухалзуулсан гэхэд болно.

Орос улс Украин руу довтолсон тохиолдолд Германы зүгээс нэрийн төдий хориг арга хэмжээ авах хэдий ч энэ нь сонсогдож байгаа шигээ хялбар биш билээ. Германд хамгийн их яригдаж байгаа хориг арга хэмжээ бол “Хойд урсгал 2” хийн хоолойн ажлыг зогсоох юм. Энэ арга хэмжээг авсан тохиолдолд Оросын хийн экспортод томоохон цохилт болох нь дамжиггүй. Хийн хоолойн ажил дууссан хэдий ч, Европын зохицуулагчдын зөвшөөрөл хүлээгдэж буй. Хэдэн сарын дараа шийдэгдэх төлөвтэй байгаа боловч Герман дангаараа шийдэх асуудал биш юм.

Хийн хоолой нь Оросоос Герман хүрэх замдаа хэд хэдэн улсыг тойрон өнгөрдөг бөгөөд, үүнд Украин ч багтана. Тиймээс Орос улс энэ төслөөр дамжуулан илүү их хий илгээж, бусад улсуудыг таслах боломжтой. Энэ нь Украины хувьд маш том асуудал болох юм.

“Хойд урсгал 2”-оос гадна Орос улс нь Германы эрчим хүчний гол нийлүүлэгч бөгөөд импортын 35-40 хувийг эзэлдэг. Зөвхөн үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангаад зогсохгүй иргэдийн орон сууцны дулааныг ч хангадаг учир Герман энэ тал дээр Оросоос ихээхэн хамааралтай гэж ойлгоход болно. Мөн шатахууны үнэ одоо ч маш өндөр байгаа, хориг арга хэмжээ авбал ахиад ч өндөр болох учир бас нэг асуудал нэмэгдэж байна. Канцлер асан Ангела Меркелийн үед ч Герман улс “Хойд урсгал 2”-ийг үргэлжлүүлэхгүй гэсэн АНУ-ын дарамтанд байсан.

Энэ мэтчилэн Украин-Оросын асуудал Германы засгийн газрын хөндөхийг хүсэхгүй байгаа сэдэв болоод байна. Германы хариу үйлдэл өнөөдрийг хүртэл сул байгаа нь Оросын дэлхийд эзлэх жин, ач холбогдолыг харгалзан үзэж буйтай холбоотой биз ээ. Иймд шинэ канцлер Олаф Шольцийн хувьд томоохон сорилт хүлээж байна.

Эх сурвалж: ASPISTRATEGIST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж