“Пянз толгойт”: Пянз цуглуулах нь үнэтэй хобби биш

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

“Пянз толгойт”: Пянз цуглуулах нь үнэтэй хобби биш

“Пянз толгойт”: Пянз цуглуулах нь үнэтэй хобби биш

Шинэ үеийн хамтлаг дуучид пянз гаргах нь түгээмэл болж. Сонсогч залуусын хэрэглээнд пянз хэдийнэ дээгүүр байр эзлэх болсон.  Цахим орчинд “Пянз толгойт” хэмээх нэрээрээ танигдаж буй пянз цуглуулагч  Р.Бат-Оргилтой ярилцлаа.


-Өөрийгөө яагаад “Пянз толгойт” гэж  нэрлэсэн бэ? Английн “Radiohead”/Радио толгой/хамтлагаас санаа авсан уу?

-Багаасаа хөгжим сонсдог байсан. Хүн ямар нэг зүйлийг сонирхлоо болгож, түүндээ цаг зав бүхнээ зориулаад  эхлэхээр үргэлж боддог шүү дээ. Би пянз сонирхож эхэлснээсээ хойш байнга пянзны тухай боддог болсон/инээв/. Пянз миний толгойд байнга эргэлдэж байдаг. Тийм учраас “Пянз толгойт” гэж нэрлэсэн. Цаашдаа нүүр номдоо пянзны талаар бичлэг оруулахыг зорьж байна даа.

-Хэзээнээс пянз цуглуулж эхэлсэн бэ?

-Би олон улсын худалдааны мэргэжилтэй. Хүмүүст гадаадаас бараа бүтээгдэхүүн захиалж өгдөг. 2016 онд нэг найздаа Америкаас пянз тоглуулагч захиалж өгсөн юм. Захиалга ирээд шалгаж үзэх гээд 110 вольтод ажиллах ёстой тоглуулагчийг 220 вольтод залгаад шатаачихсан. Хүний захиалсан бараа эвдэлсэн болохоор мэдээж төлбөрийг нь буцааж төлсөн. Тэгээд эвдэлсэн тоглуулагчаа янзлуулаад өөрөө авсан. Тэгж анх тоглуулагчтай болсон доо. Ер нь тэрнээс хойш пянз сонирхож эхэлсэн.

-Таны цуглуулгад хэр их пянз байгаа вэ?

-Яг нэг бүрчлэн тоолж үзээгүй. Барагцаагаар 140-150 пянзтай. Ямар нэг хөгжмийн төрөл жанрт баригддагүй. Гэхдээ ерөнхийд нь дөрвөн хэсэгт хувааж болно. Нэгт, Монголын хамтлаг дуучдын пянз. Монгол уран бүтээлч нарыгаа юун түрүүнд дэмжихийг хичээдэг. Тэдний гаргасан пянзыг  чадвал бүгдийг нь цуглуулахыг зорьдог. Хоёрт, “Electro,“Upbeat”,“Dance”урсгалын уран бүтээлч нарын пянзнууд. Гуравт, оюутан насандаа сонсдог байсан хамтлагуудын пянз.  Мөн орчин үеийнх гэж дөрөв хувааж болно.

-Орчин их хамаардаг юм шиг санагддаг?

-Анх CD тоглуулагчаар дуу сонсдог байсан. Дараа нь утсаараа сонсдог болоод одоо пянзаар ихэвчлэн сонсож байна. Утсаар сонсъё гэвэл чихэвч залгаад  дуугаа тоглуулаад сонсчихно. Гэтэл пянзаар дуу сонсох бол шал өөр. Пянз бол илүү амьд дуугаралттай. Дуу сонсох процесст өөрөө оролцоно. Пянзаа гаргаад өөрийн гараар бариад тоглуулна. Тухайн уран бүтээлч, дууг зорьж сонсоно.Тодорхой хэмжээнд мөнгө зарж пянз худалдаж авдаг болохоор уран бүтээлчээ хүртэл судална.Сонсдог уран бүтээл чанаржина. Бас нэг давуу тал нь дахин давтагдашгүй. Ямар нэг уран бүтээлчийн гаргасан пянз анхны үнээсээ хэд дахин өсч болдог. Яагаад гэхээр “YouTube” дээр дуртай дуугаа хэдэн ч удаа тоглуулж ямар ч хэлбэрээр ашиглаж болно. Гэтэл пянз тоотой үйлдвэрлэгддэг. Удах тусмаа тэр уран бүтээлийн үнэ цэнэ өсч байдаг. Ихэвчлэн тайван орчинд сонсох дуртай. Дотны найз нөхөдтэйгөө сонирхолтой сэдвийн талаар ярилцаад сууж байхдаа пянз сонсох их гоё байдаг.

-Хэлбэр дизайны хувьд хамгийн өвөрмөц пянзыг нэрлээч?

-“The XX” хамтлагийн “Intro” цомгийн пянз. Энэ пянзыг авч байсан түүх их дурсгалтай. Сан Францискод пянз зардаг дэлгүүрт явж байгаад авсан. Тэр дэлгүүрээс мэддэг хамтлагийнхаа пянзыг авъя гэж бодсон. Гэтэл энэ пянзны загвар миний сонирхлыг татсан. Шууд лого нь нүдэнд туссан. Мөн “Gorillaz” хамтлагийн “Demon days” цомгийн пянз их дурсамжтай.  Жаахан байхад “MTV” сувгаар эдний дуу их явдаг байсан. Клиппийг нь үзээд хүүхэлдэйн кино юм байна гэж боддог байсан. Багаасаа дурлаж сонссон болохоор энэ хамтлагийн пянз их таалагддаг.

Пянз гаргаасай гэж хүсч буй Монгол хамтлаг байгаа юу?

-“A Sound” хамтлагийг пянз гаргаасай гэж их хүсдэг.  Монголын уран бүтээлчдийн гаргасан пянзнуудаас хамгийн их сонссон нь  “A Sound” хамтлагийн дуучин Тэмүүлэнгийн “Цонхор дээр суусан ялаа”. Маш  их таалагдсан. Мөн “Татар”-ыг гаргаасай гэж их хүсдэг. Удахгүй “Lumino”, “Guys”  хамтлагууд пянзаа гаргах гэж байгаад их баярлаж байна.

-Пянзыг  нэг хэсэг нь хэрэглээ, нөгөө хэсэг нь соёл гэж  талцдаг. Таны хувьд?

-Хэрэглээ. Орчин үед бид нар кино үзье гэвэл заавал кино театрт үзэх шаардлагагүй болсон. Шууд зурагтаараа эсвэл IP tv-гээр үзэж болно. Театрт үзэж байгаа юм шиг сэтгэгдлийг бид зурагтаас мэдэрч болохоор үед амьдарч байна. Үүнтэй адил сонсохыг хүссэн хамтлаг дуучдынхаа тоглолтыг амьдаар үзэж, сонсож байгаа юм шиг пянзаар сонсож болно.

-Сонирхолдоо хэр их мөнгө зарцуулдаг вэ?

-Анх миний цуглуулгад арван пянз байдаг байсан. Сүүлд фейсбүүк дээрээс пянз цуглуулагчдын групп байдгийг олж мэдсэн. Дараа нь пянзыг хэрхэн хэрэглэх талаар хүмүүсийн нийтлэлийг уншиж, судалж  2021 онд  тоглуулагчаа шинэчилсэн. Жилийн дотор цуглуулгаа нэлээд нэмсэн дээ.  Хувиараа олон улсын худалдаа эрхэлдэг болохоор гадаадаас пянз оруулж ирж зардаг. Түүнээсээ олсон орлогоороо өөрийн цуглуулгаа баяжуулдаг.

-“Пянз толгойт” YouTube сувгаа хэзээ нээж байв?

-Пянзнаас авч байгаа тэр сайхан мэдрэмжийг бусдад мэдрүүлэхийг хүсдэг. Тиймээс цахим орчинд тавьж эхэлсэн. Мөн монгол уран бүтээлчдийн гаргасан пянзыг дэмжих үүднээс монгол пянз ихэвчлэн оруулдаг. Эхэндээ зөвхөн пянз цуглуулагч группд бичлэгээ нийтэлж байгаад 2021 оны сүүлээр “YouTube” суваг нээж бичлэгүүдээ байршуулж байсан. Энэ сувгаараа пянзны соёлыг түгээх зорилготой. Удахгүй пянзыг хэрхэн арчлах вэ? тоглуулагчаа хэрхэн сонсох вэ? гэх мэт зөвлөгөөнүүд нийтлэх бодолтой байгаа.

-Пянз сонирхож буй залууст хандаж хэлэх зөвлөгөө бий юу?

– 18-25 насны залуучууд миний “YouTube” сувгийг үздэг. Пянз сонирхогч нар манай улсад гэлтгүй дэлхийд олширч байгаа.  Пянз бол үнэтэй хобби биш хөгжүүлж болох хобби юм шүү. Заавал үнэтэй тоглуулагч авах гээд хүлээгээд яахав хямд тоглуулагчтай байж болно шүү дээ.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж