Ардын намын авлигатай тэмцсэн индекс ба ам алдвал барьж болдоггүй!

Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

Ардын намын авлигатай тэмцсэн индекс ба ам алдвал барьж болдоггүй!

Ардын намын авлигатай тэмцсэн индекс ба ам алдвал барьж болдоггүй!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ журмын нөхөдтэйгөө тэмцэхээ зарласнаас, авлигын эсрэг комиссыг  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалснаас хойш таван сарын хугацаа өнгөрсөн агаад 2021 онд Монгол Улс авлигатайгаа хэрхэн тэмцсэнийг “Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас дүгнэснээ өнгөрөгч Мягмар гаригт танилцуулав.

Дэлхийн 180 орноос Монгол Улс өмнөх  жилийн адил 35 оноо авч 110 байрт орсонд  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын жиргэсэнчлэн “нэг байраар урагшилсан нь авлигатай тэмцэж буй ажлын үр дүн” гэж бахархах нь ч бас хаашаа.

2016 онд МАН засгийн эрхийг авснаас хойш Монгол Улс авлигын индексээр бүр 24 байр ухарсан байдаг юм.

Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлснээс өөрөөр үнэндээ гялтайх мэдээ цөөхөн,  өнөөдрийн олон нийтийн сүлжээний хэлэлцүүлгийн гэх үү, хэрүүлийн гол сэдэв нь Монголын хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, өрсөлдөх чадавхыг сайжруулах зорилготой Хөгжлийн банкийг “тонож идсэн” хүмүүсийн тухай. Нийтдээ 880 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй гэх 26 компанийг шүүхэд өгснөө Хөгжлийн банкны захирал Н.Мандуул хэвлэлийнхэнд зарласан.  Олсны үзүүрт үхэр байсан гэгчээр өнөөх компаниудын хамаарлыг нь хөөвөл улстөрчид руу чиглэж, эхнээсээ зарим нь агсам согтуу тавьж, ажлаа өгч байх шиг.

200 тэрбумыг зээлээд “луу унжсан”  хүмүүсийн хоёр чихийг нь үнэндээ огтолсон ч багадана. Хоосон хүмүүс лав биш нь ойлгомжтой. Тэр тусмаа авсан зээлээ эргүүлэн төлнө гэсэн бодолтойгоор аваагүй ч юм шиг дүр зураг харагдаж байгаа учраас.

Жишээ нь, Шинэ яармаг төслийг хэрэгжүүлэхээр авсан 142 тэрбум төгрөгийн зээлийн үзүүрт үхэр биш “манай нохой” байх магадалтай.  “Нью Яармаг хаусинг прожект” компанийнх нь гүйцэтгэх захирал нь экс Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Ууганбаяр гэж  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Канадын компанитай холбогдож сонгуулийн хар машин худалдаж авах санал тавьсан гэх асуудалд нэр холбогдоод явсан нөхөр л дөө.

Тэднийг АТГ-д өгч шалгуулахаар Ерөнхий сайд чиглэл өгчээ. Авчиг АТГ нь өөрөө үргэлжийн ашиг сонирхолтой, авлигатай тэмцдэггүй газар болж хувирсныг “Транспэрэнси Интернэшнл”-ийн Монголд тавьсан сүүлийн таван жилийн дүнгээс харчихад болно.

Тэгэхээр Ерөнхий сайдын албан бус зөвлөхөөс эхлээд анд нөхөд нь, Ардын намынхан нь Хөгжлийн банкны чанаргүй зээлийг ард нэр дурдагдаж байгаа тул тэднийг АТГ жинхэнээсээ шалгаж мөрдөөд хэргийг нь хүлээлгэж чадах нь юу л бол, эргэлзээтэй.

 Саяхны нэг жишээг дурдахад, авлига, албан тушаалын асуудлаар баривчлагдсан “УБТЗ нийгэмлэг”-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг хоёр ч хонолгүй суллаад явуулчихсныг яаж ч “гоёор” харах гээд чадахгүй байгаа. Хагас жилийн өмнө С.Ганбат генералын гэрээс АТГ-ынхан их хэмжээний мөнгө илрүүллээ, илчиллээ болцгоосон. Гээд одоо таг чиг байна.  Гэсэн мөртлөө М.Энхсайхан, С.Баяр, С.Баярцогт нарыг гэрчээр дуудаж авчрангуутаа шоронд хорьчихсон жишээнүүд цөөнгүй бий.

Саяхан, Хөгжлийн банкны дуулиант мэдээллээс яг өмнөхөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нүүр номоороо дамжуулж “шүгэл үлээж" ХААН банкны хувьчлалтай холбоотой нэгэн ноцтой баримтыг дэлгэсэн. Монголын арилжааны топ банк, активаараа Хөгжлийн банкны ард бичигддэг ХААН банкны "хаан" болох дажин улс төр, эдийн засгийн хүрээнд хэдийнэ идэвхжиж, хотын дарга Д.Сумъяабазар, экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд олон хүний нэр холбогдож байгаа. Ч.Хүрэлбаатарын өөрийнх нь нэр ч бий.

Хөгжлийн банкны хэрэг явдалд, Баяраа өөрөө  ширээн дээрээс ойчсон гэдэг шиг  Ё.Отгонбаяраар туг тахиад өнгөрөх вий гэсэн болгоомжлол байгааг нуух юун.  Тэр тусмаа дуулианыг дуулианаар дарж, ард нь адууныхаа хулгайд морддог нь Ардын намынхны гэм биш л дээ.

Ч.Хүрэлбаатар “Савадагийн ХААН банкны хувьцааг зарах зөвшөөрлийг олго гэмээн шахсан томоохон албан тушаалтны бичиг харин Монголбанканд ирсэн тухай сонслоо. Тийм бичиг ирсэн нь үнэн гэнэ. Энэ бол асуудал шүү. Хууль хяналтын байгууллага нь шалгана биз. Огт хамаагүй хүнийг гэсгээх маягаар дайрч байснаас Монголбанкийг хууль зөрчүүлэн байж зөвшөөрөл олгоход нөлөөлсөн хүмүүсээ тодруулж, бичиж эхэлбэл яасан юм бэ” гэжээ.  Мэдээж, Монголбанкинд шахалт үзүүлсэн том дарга хэн бэ гэсэн асуулт тавигдах нь зүйн хэрэг.  Мэдэж байгаа бол Ч.Хүрэлбаатар өөрөө зарлах хэрэгтэй. Хэрэвзээ хууль хяналт гэж Монголд байдаг бол Ч.Хүрэлбаатар  хүн гүтгэв үү, Ч.Хүрэлбаатарын хэлсэн үнэн байв уу гэдгийг шалгаж тогтоох ёстой юм. Гудамжны иргэн биш хууль тогтоогч, бүр Сангийн сайд байсан хүн шүгэл үлээлээ шүү дээ.

ХААН банкны “хулгай”-г хөөвөл үзүүрт нь өнөөх манай эх орончид байх магадлал маш өндөр, Сангийн сайд асны “чиглэл”-ийг нь харвал ийм дүгнэлтэд хүрч байна. 

“Транспэрэнси Интернэйшнл” төрийн бус байгууллагаас “албан тушаалтанд хариуцлага тооцох эрх мэдлийг хангах”, “Албан тушаалтныг хянах эрх бүхий байгууллагын бүрэн эрхийг сэргээх”, “Үндэстэн дамнасан авлигын үйлдэлтэй тэмцэх”, “Төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийн ил тод байдлыг хангах”  зөвлөмж өгчээ. Ганцхан манайд биш л дээ, гэхдээ бид нэг байраар урагшилсанд баярлах биш ядаж хойш ухарсан 24 байрандаа буцаж очих ёстой.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ энэ оны тавдугаар сараас хэд, хэдэн хууль хэрэгжиж эхлэхээр төрийн авлига буурна хэмээн тооцож, найдаж буйгаа илэрхийлсэн. Үнэндээ төрийн дарга болгоны гарын үсэг бүхэн тодорхой “өртөгтэй”.  Авлига өгч, гарыг нь хүндрүүлэхгүй бол ажлаа бүтээдэггүй, ажил бүтдэггүй нь монголчуудын хувьд хэвийн үзэгдэл. Үүнийгээ ч Ерөнхий сайд өөрөө хүлээн зөвшөөрсөн үг нь"Хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл нь Төр өөрөө болсон байна".

Сар шинэ дөхсөнийх үү, нүүр номд  боов, шоовны хэрүүл ширүүсэв. Өгсөн авсандаа өлзий болж чадаагүй ул боовны цаана уг нь авлига нуугдаж байгаад хэргийн учир бий. Жилийн жилд улсын төсөвт  "тойргийн" гэх нэрээр гишүүдэд тэрбум, тэрбум төгрөг хуваарилдаг. "Авлигын загалмайлсан эцэг" гэгддэг Н.Энхбаярын нутагшуулсан арга технологи. Анх 10 сая байсан мөнгө өдгөө 4 тэрбум болчхоод байгаа. Засгийн газар нэг ёсондоо төсвөө унагаахгүйн тулд УИХ-аа авлигадаж байна гэсэн үг.  УИХ-ын гишүүд нь ч ичихгүй өөрсдөөс нь "луйвардсан" мөнгөөрөө гурил, будаа, боов, шоовхон тараана. Сонгогчид нь ч ичихгүй хормойгоо тосоод авдаг. Энэ жишгийг өөрчлөхгүйгээр авлигатай тэмцэх боломжгүй юм. Цаашдаа загас барьж өгдөг байх уу, загас барих аргыг нь зааж өгдөг болох уу.  Үүнийг өөрчлөхөд ёстой л МАН-ын, Л.Оюун-Эрдэнийн эрх зориг, реформоос хамаарах байх. Л.Оюун-Эрдэнэ "Авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна" гэж амлах болсон шүү дээ. Ам алдвал барьж болдоггүй гэдэг!

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн зорьсон, Х.Нямбаатарын хүсч байгаа, Д.Амарбаясгалангийн амалсан үр дүнг гаргахын тулд авлигатай тэмцэх ажлаа Ардын намынхнаасаа, журмын нөхдөөсөө эхлүүлэх шаардлагатай. Авлигатай тэмцэх нь Ардын намын гишүүн нэг бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх учиртайг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлдэг, сануулдаг. Авчиг  Ардын намынхны идсэн уусан гэх дуулиан шуугиан огт тасардаггүй. Үнэндээ даргын тал ба дайсны тал гэж авлигыг  харах,  ялгавартай хандах юм бол авлигатай тэмцэнэ гэж ам өчиг өгөхөө больчих хэрэгтэй. Тэр тусаа айвал бүү хий. Хийвэл Л.Оюун-Эрдэнэ хэнээс ч бүү ай!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж