Цагаан сарын баярын үеэр айл болгон уламжлал болгон баярын ширээ засдаг. Тэгвэл энэ удаа бид баярын ширээн дээр зайлшгүй тавигддаг хоол хүнсний дундаж илчлэгүүдийг тооцон, хоол хүнсний зохистой хэрэглээ мөн баяраар хэтрүүлэн идсэн тохиолдолд ямар хөдөлгөөн хийж илчлэгээ шатаах талаар зөвлөмжийг хүргэж байна.
- Нэг ширхэг бууз- 200 ккал
- Жижиг тавагтай салад- 260 ккал
- Шоколад /100 гр/ – 535 ккал
- Жимсний шүүс /240 мл/- 139 ккал
- Хийжүүлсэн ундаа /240 мл/- 100 ккал
- Дарс /125 мл/-101 ккал
- Пиво /350 мл/-154 ккал
- Цагаан архи /100 гр/-217 ккал
- Үхрийн мах /100 гр/- 234 ккал
- Хонины мах /100 гр/- 298 ккал
- Хонины сүүл /100 гр/- 826 ккал
- Утлагатай хиам /100 гр/- 425 ккал
- Айраг /250 гр/- 122.5 ккал
Дээр заасан илчлэгийн калорийг тооцон үзвэл сар шинээр бид өдөрт дунджаар 4000 калориос илүү илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг. Гэтэл эрэгтэй хүн өдөрт 2500 ккал, эмэгтэй хүн 2100 ккал илчлэг авах хэрэгтэй гэж эрүүл мэндийн яамнаас зөвлөсөн байна.Тэгэхээр дээр тооцсон илчлэгийн хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй харьцуулбал хоёр дахин их хэмжээ гарч байна. Гэтэл энэхүү 4000 ккал гэх тооцоо нь зөвхөн дундаж гаргасан тоо гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс үүнээс ч их илчлэгийг хуримтлуулах боломжтой юм.
Монголын хүн амын дунд илүүдэл жин, таргалалт сүүлийн жилүүдэд эрчтэй нэмэгдэж, 54.4 хувь хүрээд буй. Шатаагдаагүй 3500 калори болгон 420 гр-аар жинг (өөх) нэмэгдүүлдэг. Хүн биеийн жингээ тогтмол барихын тулд өдөрт хамгийн багадаа 250 калори илчлэг шатаах хэрэгтэй. Энэ нь дунджаар 30 минут алхсантай тэнцэхүйц хөдөлгөөн байдаг ажээ.
М.ГЭРЭЛМАА
Холбоотой мэдээ