Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

Ухралтын дугаар №110

Ухралтын дугаар №110

ТУНХАГЛАЛ

Ерөнхийлөгчийг тангараг өргөх ёслолын үеэр 1940-өөд оныг санагдуулам цэргийн дүрэмт хувцастай хүндэт харуулын цэргүүд Төрийн далбааг цэнгүүлсэн. Үүнийг тухайн үед ардын хувьсгалын тэгш ойтой холбоод өнгөрсөн нь саяхан. Гэтэл өдөр өнгөрөх тусам тэрхүү үйл явдал зүгээр нэг бэлгэдлийн чанартай ёслол байсангүй бололтой. Хуучин юм ул болж шинэ зүйл зул болдог нь хүний амьдралын жам атал ийн хуучнаа санагалзах, түүн рүү тэмүүлэн ухрах нь олон зүйл дээр онцгой содноор харагдах болов.

Цагаан сарыг өргөн хүрээнд хийхгүй байх, Цар тахлын хуулиа сунгасан УИХ-ын гишүүд тойрогтоо ул боов тараагаад явсан төдийгүй түүнийг улайм цайм зөвтгөнө. Сангийн сайд тэтгэвэр нэмэх боломжгүй гэдгийг хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн байтал Ерөнхийлөгч гарч ирээд тэтгэврийг нэмэх чиглэлийг гүйцэтгэх засаглалд өгчихлөө. Тэтгэвэр нэмэх нь тодорхой болжээ. Харин хаанаас, хэрхэн яаж гэдэг нь гэнэтийн бэлэг мэт байгаа ч Оюутолгойн ололт амжилтаас л болов уу? Сар шинийн баяраар буурлуудад барьж буй бэлгийн энэхүү төлбөрт юу болохыг хараад суух л үлдлээ. Нэг ойлгомжтой зүйл гэвэл МАН-д асуудлыг шийддэг хуучны арга барил нь эргэн иржээ. Үүнийгээ бүгдийг нь цуглуулж байгаад олон нийтэд зарлалаа. Тэр үүгээрээ хүчтэй хэвээрээ буйгаа тунхаглалаа. Шинийн нэгнээс өмнө мэдэгдэл хийж буурлуудын магнайг тэнийлгэх болов уу?!

 

“МАРШАЛ” АМЬ ОРСОН НЬ

Дарга нарын албан тасалгааны хойморт хурандаа болоод хуучин маршалын зургийг Ленин, Сүхбаатар лугаа залах нь олширчээ. Төрийн албанд чимээгүйхэн атлаа хэлцэж тохирсон юм шиг ийнхүү Хорлоогийн Чойбалсангийн зураг залраад буйн цаад утгыг тайлбарлах мэт төрөөс өгч буй одон медаль, шагналууд хуучны үеийнх байх. БНМАУ-ын үед хэвлүүлсэн тэмдэгээр шагнаж буйн цаана ямар учир байна вэ?

Улсын аварга малчин өрхийн шагналыг ийнхүү хийлгэсэн нь ямар учиртай яагаад ч ойлгосонгүй. Монгол Улсын төрийн сүлд байсаар байтал хуучны, бүр тодруулбал 1940, 1960 оны сүлдээс санаа авсан сүлд бүхий шагнал тарааж буй нь одоогийн сүлдийг үгүйсгээд байгаа хэрэг үү, аль эсвэл албан ёсны сүлд гэж тооцохгүй байгаа явдал уу? Албан ёсны сүлдээ хүртэл ад үзээд буйн шалгаан юу вэ?

ЯЛАЛТ ШИГ ЯЛАГДАЛ

“Транспаренси Интернэшнл" 2021 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг танилцуулсан дарга МАН-ын бага хурлын гишүүн байв. Энэхүү индексийн талаар Авлигын эсрэг ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар/Хууль зүйн сайд/ “Монгол Улс 1 байраар урагшилж, 110 дугаарт эрэмбэлэгдэв. Нэг байраар урагшилсан нь авлигатай тэмцэж буй ажил үр дүнгээ өгч эхэлж бна гэж ойлгож бна. Цаашид төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлнэ.” гэж жиргэсэн нь эгдүү хүргэм. Энэ ажлын хэсгийн байгуулж байхад энэхүү үзүүлэлтийг хоёр тоонд оруулахаар ажиллана гэдгийг мэдэгдэж байсан. Гэтэл муулаад буй Ардчилсан намыг эрх барьж байх үед одоогийн мөрөөдөөд буй хоёр оронтой хамгийн их тооноос хамаагүй урдуур “давхиж” явлаа. Авлигатай тэмцэх тэмцэл бэлгэдлийн чанартай болж, гомдол авдаг утас шиг 110 дугаарт орсон нь бид сайндаа бус биднээс ч илүүгээр нэгэн улс авлигад идэгдсэндээ хойш ухарсан хэрэг.

 

 

Сүүлийн гурван жил 35 оноо авсан нь  үүнийг нотлох буй за. Хүүхдээр бол "Монгол суу, муу" гээд багш нь хэлээд байдаг. Сайд харин "муу"-гаа хадгалж чадлаа гэв ээ. 100 оноо авахаас бид 35-г л авч. Үүнээс илүү оноог 2013-2016 онуудад авч байжээ. Тиймээс ялалт шиг сонсогдоод буй хэрнээ бид ялагдаж, давших бус ухарч явна.

 

ДАХИАД УХАР…

Ийнхүү бид нийгэм, эдийн засаг, улс төрийн ухралт хийж явна. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсан баяр гэж сүр дуулинтай тэмдэглээд байдаг. Гэтэл тэрхүү өдөр нь Оросын Үндсэн хуулийг орчуулж, батлуулан Бүгд найрамдах засаглалд шилжсэн өдөр байх төдийгүй монголын язгууртан, сэхээтнүүд “дайсан” гэж албан ёсны баримт бичиг байх жишээтэй. Гэтэл ардчилсан Үндсэн хуулиа батласан өдөр ор төдийхөн оромдох жишээтэй.

 

ҮНЭТ ЗҮЙЛСЭЭ ҮГҮЙСГЭСЭЭР…

Энэ бүх ухралт гарч буйн эсрэг нэгэн зүйл хөр цаснаас цухуйх хатсан дэрс шиг хуучны үзэл суртал урагшилсаар байна. Ардчилалд бүх бурууг чихэж, хуучны сайхан цагаа дурсах болжээ. Хаана орж, суухаас эхлээд бүхнийг намаар, эхнэр, нөхрөө сонгохдоо ч намаар шийдүүлдгээ байсныг залуус мэдэхгүй гэхэд амьд гэрчүүд нь аж төрж байна. Ардчиллын бэлэг тэмдэг болсон хүнийг гутааж, тэрхүү үзлээр тэмцэгчдийг барьж, хорьж, Ардчилсан намын бэлэг тэмдэг болох шахсан Э.Бат-Үүлийг нь хүртэл бариад хорьчихлоо. Хүний эрх, шударга ёс тунхаг төдийхөн хамхуул шиг хийсч явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж