Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2021.01.26/ Засгийн газарт тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэл өгсөн. Үүнтэй холбоотойгоор эдийн засагт гарах үр дагаврын талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна. Тэдний зүгээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх нь зүйтэй ч инфляцийг дахин хөөрөгдөх, төгрөгийн худалдан авах чадварыг сулруулах эрсдэлтэйг анхааруулав.
"ТЭТГЭВЭР НЭМЭХИЙН ТУЛД ТАМХИ, АРХИ, ХАДГАЛАМЖИЙН ТАТВАРЫГ НЭМЖ БОЛНО"
Эдийн засагч Д.Ангар:
-Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх шиг амархан зүйл байхгүй. Гэтэл өнөөгийн эдийн засагт үүнийг хэрэгжүүлэх нөхцөл байдал маш хүнд байна. Улсын төсвийн орлого тасалдсан, хилийн боомт гацаатай, хөл хөдөлгөөн сул, эдийн засгийн эргэлт бага байна. Нөгөө талдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх нь зүйтэй гэж харж байна. Монголд сарын 400-500 мянган төгрөгөөр амьдрах хэцүү байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ хэд дахин өссөн. Энэ цаг үед тэтгэвэр, тэтгэмж нэмэх шийдвэр гаргах нь ард иргэдэд мэдээж таалагдана. Эдийн засагч хүнийхээ хувьд 500 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж байж болохгүй гэдгийг дэмжиж байгаа. Харамсалтай нь Ерөнхийлөгч Засгийн газарт шийдэлтэй нь хамт чиглэл өгсөн бол. Зүгээр л тэтгэвэр тэтгэмжийг нэм гээд төсвийн зарлага талдаа чиглэл өгчихдөг. Гэтэл орлого талаа шийдээгүй гэж харагдаж байна.
Засгийн газар эх үүсвэрээ хайх байх. Мэдээж эх үүсвэр олдохгүй. Тийм болохоор улсынхаа өрийн алдагдлыг нэмэгдүүлж, санхүүжүүлэх болов уу. Нөгөө талдаа Монголбанк мөнгө хэвлэнэ гэсэн үг. Ингэснээр инфляцийг улам нэмэгдүүлнэ. Дээр нь төгрөгийн худалдан авах чадварыг улам сулруулна гэж харж байна. Эргээд ард иргэд төлнө гэсэн үг. Тэгэхээр тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх нь зөв ч орлого талыг нь давхар шийдэх ёстой. Ер нь татварын аргаар шийдвэрлэх олон боломж байдаг ч төрөөс огт хэрэгжүүлдэггүй. Жишээлбэл, тамхи, архи, банкны хадгаламжийн татварыг нэмж болно. Энэ гурван эх үүсвэр төсөвт бэлэн байгаа. Гэвч төрөөс энэ боломжийг хэзээ ч ашигладаггүй.
"ХИЛИЙН БООМТЫН АСУУДЛАА САЙЖРУУЛАХГҮЙГЭЭР ШУУД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ НЭМЖ БОЛОХГҮЙ"
Эдийн засагч Н.Энхбаяр:
-Өнгөрсөн оны төсвийн орлого ойролцоогоор 98 хувьтай биелсэн. Учир нь түүхий эдийн үнэ ханш өндөр байсан. Энэ оны нэгдүгээр улиралд экспорт, импорт хүндрэлтэй байгаа учраас төсвийн орлого тааруу байх төлөвтэй байна. Тиймээс Засгийн газраас тэтгэвэр, тэтгэмж нэмэх шийдвэр гаргахад төвөгтэй байх. Зарим эдийн засагч барааны үнэ ханш, инфляци өссөн учраас тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх ёстой гэж байна. Өнгөрсөн 2008, 2009 онд "Оюутолгой"-н гэрээнд анх гарын үсэг зурсны дараа эдийн засаг тэлж, хэрэглээ өсч, инфляци өндөр түвшинд хүрч байсан. Тэр үед төрөөс бас л адилхан тэтгэвэр, тэтгэмжээ нэмсэн. Тэгэхээр энэ шийдвэрийг гаргахын тулд сайн тооцоолж, урт, дунд хугацаанд гарах үр дагаврыг бодохгүй бол эерэг болон сөрөг талтай.
Сөрөг тал нь төсвийг доройтуулж, инфляцийг дахин өсгөнө. Дунд болон урт хугацаандаа мөнгөний бодлогод таагүй нөлөөтэй. Гол нь Монголбанкнаас тайлбарлаад байгаа нийлүүлэлтийн шинж чанартай шалтгаанууд буюу хилийн боомтын асуудлыг сайжруулах шаардлагатай. Энэ хоёр нэгэн зэрэг явах ёстой. Хэрвээ хилийн боомтын асуудлаа сайжруулахгүйгээр шууд тэтгэвэр, тэтгэмжээ нэмбэл гарцаагүй инфляци өснө. Мэдээж Монголбанкнаас нарийн тооцоо хийх байх. Тэр байр суурийг Засгийн газар сайн сонсч, эцэслэн шийдвэр гаргах нь зүйтэй. Нэг удаа иргэдийг тайвшруулж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж болох ч эдийн засагт гарах үр дагаврыг маш сайн тооцоолох нь чухал.
“Оюутолгой” төслийн гүний бүтээн байгуулалттай холбоотойгоор экспортын орлого нэмэгдэх сайн талтай ч буцаад түүхий эдийн хамааралтай болно. Цалин, тэтгэвэр нэмэхийн хэцүү тал нь бараа материалын зардал шиг ирэх ондоо буцаагаад хасч болдоггүй зардал. Энэ талаас нь анхаарахыг ОУВС-гаас байнга сануулж буй.
"ОЮУТОЛГОЙ"-ГООС ОРЛОГО ОРЖ ИРНЭ ГЭЖ ТООЦООЛЖ БАЙХ ШИГ БАЙНА"
Эдийн засгийн ухааны доктор П.Гантөмөр:
-Тэтгэвэр, тэтгэмж нэмэх зайлшгүй шаардлага бол бий. Хамгийн гол нь эх үүсвэр. Одоогоор "Оюутолгой"-н гүний уурхайн ашиглалтаас орлого орж ирнэ гэж тооцоолж байх шиг байна. Инфляцийн өсөлтөд дотоодын гэхээсээ илүү гаднын хүчин зүйл нөлөөлж байна. Жишээлбэл, хилийн боомтын асуудлыг маш сайн зохицуулж, болзошгүй эрсдэлүүдээ тооцоолох шаардлагатай. Тэгж чадвал тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжтой гэж харж байна.
Холбоотой мэдээ