"Зургаан сарын дотор татварын асуудлаа эцэслэхээр тохирсон"

Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

"Зургаан сарын дотор татварын асуудлаа эцэслэхээр тохирсон"

"Зургаан сарын дотор татварын асуудлаа эцэслэхээр тохирсон"
Н.Цэрэнбат

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбаттай Оюутолгой төсөл тойрсон асуудлаар ярилцлаа.


Оюутолгой” төслийн Монгол Улсад ногдох 2.3 тэрбум ам.долларыг “Рио Тинто” компани тэглэлээ. Талуудын олон жил үргэлжилсэн хэрүүл маргаан эцэслэгдэж байна гэж ойлгож болох уу?

-Өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигчдийн зүгээс “Оюутолгой” төсөлд оруулсан нийт Монголын талын 34 хувьд ногдох хоёр тэрбум 363 сая ам.долларыг албан ёсоор тэглэсэн. Энэ нь өөрөө бид хувьцаа эзэмшигчийнхээ хүрээнд төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтын тодорхой хэсгүүдийг хувьцаа эзэмшигч тал өөрөө оруулахыг нэмэлт өөрчлөлт болгон оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээний 10.2, 11.1 дэх заалтын дагуу Монгол Улсын талд ногдох өр төлбөрийг чөлөөлсөн. Хувь нийлүүлэгчийн зүгээс 34 хувьд оруулах ёстой хувьцааны санхүүжилтээр хийгдэх төлбөр болон хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн.

-Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа нь Монголын эдийн засагт түүхэн үйл явдал болж өнгөрлөө. Эндээс Монголын эдийн засагт хэр эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөөлж байна вэ?

-Ерөнхий сайдын хэлснээр, Оюутолгой дэлхийн тав дахь том зэсийн уурхай болох шанг татлаа. Ингэснээр эхний ээлжид төслийг санхүүжүүлсэн банк, санхүүгийн байгууллагуудын хувьд “Оюутолгой” компанид олгосон зээл найдвартай төлөгдөнө гэсэн баталгаа, итгэл бий болж буй гэсэн үг. Мэдээж, Монголын эдийн засаг тэлнэ, ажлын байр өснө. Бид 2023 онд тохирсон хугацаанд бүрэн хүчин чадлаар гүний уурхайг ажиллуулахад анхаарна. Хөрөнгө оруулагчдад таатай мэдээлэл болж хүрнэ.

-“Оюутолгой” компани урд хөршөөс импортоор авдаг байсан эрчим хүчийг дотоодоос авах боломж удахгүй бүрдэж, гэрээнд гарын үсэг зурж байна.  Цахилгаан станцыг хэдий хугацаанд барьж ашиглалтад оруулах вэ?

-Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойн цахилгаан станцыг барих шийдвэр гаргаж, тендер зарлаад явж байна. Жилд дунджаар 100 гаруй сая ам.долларыг урд хөрш рүү цахилгаан, эрчим хүчний төлбөрт төлдөг байсан бол дээрх мөнгө Монголдоо үлдэж, Монголын аж ахуйн нэгж компанийн орлого болно гэж тооцож байна. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэнэ гэсэн үг. Оюутолгойн уурхайг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангахаас гадна ажлын байр бий болох үндэс суурийг тавьж байна. 2027 он гэхэд эрчим хүч нийлүүлж эхэлнэ гэсэн тооцоо бий. Энэ жилдээ багтаад ТЭЗҮ-ийн ажил эхлэх ёстой. Түүнийг санхүүжүүлэхэд энэ гэрээ их чухал.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой”-н хэлэлцээр цаашид үргэлжилнэ гэж мэдэгдсэн. Тиймээс цаашид ямар асуудал хэлэлцэхээр төлөвлөж байна вэ?

-Нэгдүгээрт, Дубайд зурагдсан гэрээг хүчингүй болгох УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлнэ. Энэ дагуу харилцан ойлголцох түвшинд ажлын хэсэг хамтран ажиллаж байна. Хоёрдугаарт, арбитрын маргааныг нэг түвшинд хүргэх, энэ хүрээнд талууд нэг нэгдээ ойлголцох хугацаа өгсөн. Зургаан сарын дотор татварын маргааны асуудлаа эцэслэхээр тохирсон. Хэрвээ зургаан сардаа багтаж чадахгүй бол дараагийн шат руу шилжинэ гэсэн ойлголттой ажиллаж байна.

-"Оюутолгой" компанийн хувьд нийт хэчнээн монгол ажилтан ажиллаж байгаа вэ. Мөн ханган нийлүүлэгч хэдэн компани байдаг вэ?

-Нэгдсэн байдлаар 14 мянга 600 гаруй хүн ажиллаж байгаагийн 3900 нь "Оюутолгой"-н үндсэн ажилтан, 10.7 мянга нь туслан гүйцэтгэх компанийн ажилчин.

-Гүний уурхай 2023 онд багтаж ашиглалтад орохгүй бол яах вэ?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хугацаандаа ажлаа хийнэ, энэ бол бидний сүүлчийн бөгөөд хатуу тохироо” гэж мэдэгдсэн учраас үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, тасалдахгүй байх асуудалд илүү шуурхай явах байх гэж найдаж байна.

-Сүүлийн жилүүдэд гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалт буурсан шүү дээ. Далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр хөрөнгө оруулагчдад эерэг мэдээ болох байх?

-Монголыг сонирхож буй, Монгол дахь үйл ажиллагаа түр зогсоосон гаднын хөрөнгө оруулагч нарт эерэг мэдээ боллоо. Мөн “Рио Тинто” болон “Туркойз Хилл” бирж дээрх хувьцааны өсөлт эерэг мэдээ болж байна. Зэсийн салбарт “Оюутолгой” төсөл тасралтгүй явах нь гэсэн мэдээг олон хүндрэлийн дунд буй эерэг мэдээ гэж харж байна. Сүүлийн ажлын хэсгийн хуралдаанууд тийм сайхан нөхцөл, уур амьсгалтай болоогүй ч аль болох талууд ойлголцож, зөвшилцөхийг урьтал болгосон тул хэлэлцээрийн эхний үр дүн гарч байна. Хэлэлцээр дуусаагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж