Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.01.27/ мэдээлэл хийж байна.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:
-2021 он бол МАН-ын үүсгэн байгуулсан 100 жилийн ой болсон түүхэн жил байсан. Гэвч бодит байдал дээрээ хүний эрхийг зөрчсөн, иргэдийг шүүх, цагдаагийн байгууллагаар айлган сүрдүүлсэн жил болж өнгөрлөө. Харин АН үүний эсрэг өнгөрсөн хугацаанд тууштай тэмцэж, бодит алхмууд хийсэн. Цаашид ч хүний эрх, иргэдийн эрх ашгийн төлөө АН тууштай тэмцэнэ. Эрх баригчид 290 гаруй хөшөө дурсгал барих төсвийг улсын төсөвт тусгасан байсан. Хөшөө бариад л асуудал шийдэгддэг бол хамаагүй. Гэвч асуудлыг шийдэх гаргалгаа барилга байгууламж биш. Мөн хөгжлийн банкны асуудал яригдлаа. Хөгжлийн банк бол олон улсын зах зээлээс төсөв бүрдүүлдэг. Энэ бол буцаан төлөх том өр, зээл. Гэтэл үүнийг эрх барьж байгаа хэдхэн томчууд авч байгаа нь гутамшиг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдээ дэмжиж чадахгүй байж өөрсдөдөө хуульчилсан дэмжлэг олгож байгаа нь утгагүй.
Журам гаргаж, хүний эрхийг боож, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаадаг тогтолцоотой улс Монголоос өөр хаана ч байхгүй. Хүний эрхийн төлөө хэнтэй ч тохиролцохгүй тэмцэнэ. Үнэхээр хуульд асуудал байгаа бол эрх баригчид, УИХ-ын гишүүд өөрчлөлт, шинэчлэлт хийх хэрэгтэй.
Эрх баригчид ядарснаа тэтгэнэ, задарснаа засаглана гэж хэлчихээд эсрэг ажиллаж байна
АН-ын дэд дарга Ч.ОТГОЧУЛУУ:
-МАН 2016 оноос хойш тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулж нэмнэ гэсэн. Гэтэл бодит байдал дээр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн орлого нэмэгдэхгүй байна. Төгрөгийн ханш сул байгаа учраас худалдан авах чадвар маш муу байна. 2016 онд сарын тэтгэвэр нь 190 ам.доллартай тэнцдэг байсан бол өнөөдөр 150 ам.доллартай тэнцэх жишээний.
Зарим сумын төв хоёр дахь соёлын төвөө барьж байна. Энэ объектуудыг хувьчлах ёстой. Урсгал зардал гээд олон их наяд төгрөг зарцуулахын оронд тэр мөнгөө насаараа төрд ажилласан, зүтгэсэн хүмүүст олгох хэрэгтэй.
Эрх баригчид амлалтдаа хүрэхгүй байгаа учир тэтгэвэр нэмнэ гэдэгт итгэхэд хэцүү байна. Эрх баригчид ядарснаа тэтгэнэ, задарснаа засаглана гэж хэлчихээд эсрэг ажиллаж байна
Оффиссоо гоёж, машинаа томруулж байхын оронд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хэрэгтэй
АН-ын нарийн бичгийн дарга О.БААСАНХҮҮ:
-Монгол Улсын Эрүүгийн хуульд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Гэтэл хотын дарга асан Э.Бат-Үүлийг 40 хоног шүүхийн шийдвэргүйгээр хорьж байна.
Монгол Улсын төсвийн 98 хувийг уул уурхайн татвар, хоёр хувийг аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг. Үүнийг тэглэх нь татварын бааз, мэдээллийг алдана гэж үздэг. Бодит байдал дээр аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нараас энэ татварыг хасчихад л бодит дэмжлэг болох юм.
Хэрэв илүү татвар татаасаа багасгачихвал заавал ингэж баяр наадмаар боов, боорцог тарааж, шоу хийх шаардлагагүй болно. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн албан татварыг хасчихвал л болохоор байхад эрх баригчид үүнээс татгалзаад байна. Оффиссоо гоёж, машинаа томруулж байхын оронд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хэрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байна. Хуулийн дагуу хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өгөх ёстой гэдэг мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сард 288 мянган төгрөг өгч байна.
Төрийн албанд ажилладаг үйлчилгээний ажилтнуудын цалинг хүртэл хасах шийдвэр гаргасан. Өндөр дээд албан тушаалтнуудын цалинг нэмэх шийдвэр гаргаж байгаа нь утгагүй шийдвэр. Үүний төлөө үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийх гэж байна.
Тэтгэвр нэмэгдүүлэх, татварын орчныг иргэдэд ээлтэй болгох л чухал асуудал. Гэтэл боов, чихэр тарааж, ард иргэдийн тэр дундаа өндөр настнуудын тархийг угааж байхаасаа ичих хэрэгтэй. Хэрэв үүнийг зогсоохгүй бол АН цаашид тэмцлийн хатуу хэлбэрт шилжинэ.
Холбоотой мэдээ