МАН-ын шат шатны дарга нарыг шинэчлэх, өөрчлөх, улираах хурлууд сар шинийн өмнө болох гэж байна. Тухайлбал, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг үргэлжлүүлэн удирдуулах уу эсвэл шинэчлэх эсэх хурал нэгдүгээр сарын 29-ний өдөр болно. Намын 30-р Их хурлын дараа аймаг, нийслэл, дүүргийн намын дарга нарыг өөрчлөх, шинэчлэх ажил үргэлжлэх учиртай бөгөөд ийн Нийслэлийн МАН-ын хурлаар эхэлж байна.
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар нийслэлийн МАН-ын дарга, дэд даргаа шинээр томилох, Бага хурлын гишүүдээ өөрчлөх, тэргүүлэгчдээ шинэчлэх, нийслэлийн намын дүрэмд өөрчлөлт оруулах, бүтцээ өөрчлөх асуудлыг хэлэлцэнэ.
Д.СУМЪЯАБАЗАРЫГ НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГААР УЛИРААХААР ТОХИРЧЭЭ
Энэ удаагийн Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъябазарыг улираан томилох, дэд дарга н.Батзулыг ч мөн улираан томилуулахаар тохиролцжээ. Харин энэ удаад МАХН-аас 50 орчим гишүүн нийслэлийн МАН-д орж ирэх бөгөөд нэг дэд даргын суудал “бэлэглэх” гэнэ.
Д.Сумъяабазарын хувьд 2018 онд Нийслэлийн МАН-ын даргаар сонгогдож байв. Тухайн үед тэрбээр УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан юм. Түүний хувьд нийслэлийн МАН-ын даргаар ажиллах хугацаандаа нийслэлд Ерөнхийлөгчийн сонгуулиар анх удаа ялалт байгуулсан гавьяаг авчирсан, нийслэлийн намаа сайн удирдаж байгаа гэж намын дарга нар үзэж буй гэх. Д.Сумъяабазарын хувьд УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж, Хотын даргаар ажиллаад хоёр жилийг үдэж байгаа юм.
ДҮҮРГИЙН НАМЫН ДАРГА НАР Ч ШИНЭЧЛЭГДЭНЭ
Намын дүрмийн дагуу намын Их хурлын дараа шат шатны удирдлагууд шинэчлэгдэж, ирэх жилүүдэд намын бодлогоо хэрэгжүүлэх, цаашид сонгуульдаа бэлтгэх ажлаа хийхийн тулд аймаг, дүүрэг, нийслэлийн намын даргын албан тушаалын төлөө эрх баригч намынхны “зодоон” үргэлжилсээр байна. Нийслэлийн МАН-ын хорооны хурлын дараа дүүргийн намын хороод хуралдах дүрэмтэй.
Дүүргийн МАН-ын дарга нар:
- Хан-Уул дүүргийн МАН-ын дарга Ж.Алдаржавхлан /Дүүргийн Засаг дарга/
- Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Ганбаатар /Тавантолгой түлш компанийн захиргал/
- Баянгол дүүргийн МАН-ын дарга Ж.Ганбаатар /УИХ-ын гишүүн/
- Сонгинохайрхан дүүргийн МАН-ын дарга Х.Нямбаатар /Хууль зүй, дотоод хэргийн сайд/
- Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга Т.Аюурсайхан /УИХ-ын гишүүн/
- Налайх, Багануур МАН-ын дарга С.Амарсайхан /Шадар сайд/
- Багахангай МАН-ын дарга н.Эрдэнэбаяр
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ