Үндэсний бөхийн түүх, уламжлал, соёлын өвийг өөртөө хадгалсан их өргөөний засварын ажил эхэлжээ. 1998 оны арванхоёрдугаар сард бөхөд хайртай түмний буянаар ашиглалтад орсон, 2500 үзэгчийн суудалтай энэхүү өргөө өдий хүртэл ганц ч удаа засварт орж байгаагүй. Харин энэ удаад бөхийн холбооныхон ганц ордондоо бүрэн засвар хийхээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас ажилдаа ханцуй шамлан орсон байна.
Өргөөний дээр байрлах дөрвөн хүчтэн болон соёмбо алтан шаргал болж, өнгө нэмжээ. Харин өнөөх алдартай, А.Сүхбат аваргын эвдэлдэг модон хаалга гавъяаныхаа амралтад гарч, шилэн шинэ хаалгатай болж, үүдний заал цэлгэр, гэрэлтэй харагдах аж. Өргөөний нэгдүгээр давхрын засварын ажил дуусах шатандаа хэдийнэ орсон гэнэ. Хуучны тааз, шал, багана, шат, хэл ам дагуулдаг бие засах газар гээд гар хүрээгүй, шинэчлэгдээгүй хэсэг алга. Бүхэлдээ өөрчлөгдөж, орчин үеийн цоо шинэ хэв загвар, интерьер дизайнтай болжээ.
Монгол, ОХУ, БНХАУ-ын Засгийн газруудын хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй "Байгалийн хийн хоолой" төслийн хүрээнд Монголыг сурталчлах нэвтрүүлгийн нэг хэсэг Монголын Үндэсний бөхийн холбоо, "Бөхийн Өргөө"-д зураг авалт хийх учир өргөөний ажилчид тун завгүй, дор бүрнээ тус тусын ажлаа хийж байлаа.
Бөхийн өргөөний засварын төсвийг Үндэсний бөхийн холбоо болон бусад дэмжигч байгууллага, хувь хүмүүсийн хандиваар бүрдүүлсэн. Улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй.
Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл их ажлынхаа хажуугаар зав гарган ярихдаа “Засварын ажил бүрэн дуусаагүй, үе шаттай явагдаж байна. Хил гааль хаалттай хүнд цаг үе тохиосон ч манай хамтран ажиллаж буй чадалтай, сэтгэлтэй байгууллагын ачаар засварын ажил гацаж, удсангүй. 1998 онд цаг үе хүнд байхад энэ том өргөөг барьж чадсан. Тэрнээс хойш бүрэн засвар хийгээгүй байлаа. Эхний ээлжинд нэгдүгээр давхраа засаад дуусч байна. Дараагийн ээлжинд хоёрдугаар давхар болон барилдааны талбайг засна” гэв. Мөн үзэгчдийн суудлыг шинэчлэх төлөвлөгөөтэй байгаагаа ч дуулгасан.
Дулааны улирал ирэхээр гадна фасад, автомашины зогсоолын засварын ажил эхэлнэ.
Нийт 24 жил засвар ороогүй, монгол эрсийн эв нэгдэл, жудаг, бяр чадлын бэлгэ тэмдэг болсон "Бөхийн өргөө" цаашдаа хүүхэд залуучууд болон жуулчид гээд илүү олон нийтэд, хүн бүрт нээлттэй болж байгаа аж. Үүнийхээ хүрээнд ч түүх дурсгал, танин мэдэхүйн эд өлгийн зүйлсийг дэлгэж, мөн бөхийн өргөөг сүндэрлэхэд гүн туслалцаа үзүүлсэн албан байгууллага, хувь хүмүүсийн нэрс, бөхийн холбооны алтан түнш байгууллагуудын самбарыг алдаршуулж, байрлуулах юм байна.
Тун удахгүй битүүний өдрийн барилдаан болно. Сүүлийн хоёр жил дараалан цуцлагдсан барилдаан энэ жил хоёр өдөр үргэлжилнэ. Бөхийн холбоо ч үүнд ач холбогдол өгч, бэлтгэл ажлаа ханган, битүүний өдөр шинэ хивс дэвсэнэ гэж Т.Түмэндэмбэрэл хэллээ. Тэрбээр “Одоогийн хуучин хивс бараг 10 жил боллоо. Залгаж оёдог хивс байсан бол шинэ нь үргэлж, ямар ч залгаасгүй” хэмээн ярив. Залгаасаараа сэмэрсэн, захаараа хуйларсан энэ л дэвжээн дээрээ сүүлийн 10 жил эртэй бяртай бөхчүүд уран мэхээ уралдуулж, хүч тэнхээгээ харамгүй сорьсон гэхээр түүхийн үзмэр ч юм шиг.
Барилдааны талбай, индрийн урдуур тусгайлан зассан тавцан, ширээ, буйдан нэмэгдсэн байх бөгөөд эдгээр нь “VIP” суудал ажээ.
Бөхийн өргөө дотор үйл ажиллагаа явуулдаг, "Гурилтай шөл"-өөрөө алдартай зоогийн газрыг мэргэжлийн хяналтын зөвлөмж дагуу хаагдаж, тун удахгүй шаардлагад нийцүүлэн өөр зоогийн газар нээхээр болжээ. Харин зодог шуудаг оёдлын дэлгүүрийн байршлыг өөрчилсөн байв.
Бөхийн холбооноос өргөөний засварын ажлыг бүрэн дуусгахаас гадна хүүхэд, сурагчид руу чиглэсэн үндэсний бөхийг сурталчлан таниулах сургууль хоорондын барилдаан, арга хэмжээ зохион байгуулж, олны анхаарлыг татсан барилдааны маргааныг шийдвэрлэх гарц гаргалгааг маш зөв зүйтэй олох тал дээр анхаарна гэж албаны хүн хэллээ.
Холбоотой мэдээ