Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх чиглэлийг Засгийн газар өгөх үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг магтав. Тэрбээр Оюутолгой төслийн хэлэлцээрийн үр дүн бол УИХ, Засгийн газрын хүчин чармайлт болохыг онцолж, илүү санаачилгатай ажиллахыг хүсчээ. Мөн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын чухал бүтээн байгуулалт болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барьж байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг баталсныг сайшаасан юм. Тэрбээр нутгийн дүүдээ засгийн болон намын тамгаа шилжүүлээд Төрийн тэргүүн болсон билээ.
У.Хүрэлсүхийн хувьд зургаан жил Төрийн тэргүүн хийх бол Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард намын даргын батламжаа гардаж, үнэмлэхүй эрх мэдэлтэй том намыг удирдаж байгаа.
Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийг яаралтай судлан үзэж, шийдвэрлэнэ гэдгээ Ерөнхий сайд амалсан. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаагаа дуулгажээ. Тэрчлэн Оюутолгой төслийн хэлэлцээр цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах, зэсийн үйлдвэр байгуулах, говийн бүсэд усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжилнэ гэдгийг хэлсэн байна.
Холбоотой мэдээ