"Оюутолгой Сербид биш, Монголд байсан нь "Рио Тинто"-гийн аз юм"

Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

"Оюутолгой Сербид биш, Монголд байсан нь "Рио Тинто"-гийн аз юм"

"Оюутолгой Сербид биш, Монголд байсан нь "Рио Тинто"-гийн аз юм"

"Рио Тинто" групп болон Монголын Засгийн газрын зөвшилцлийн талаар "The Sydney Morning Herald" сайтад эдийн засгийн тоймч Элизабет Найтын бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.


"Рио Тинто" групп болон Монголын Засгийн газрын хооронд 10 жил үргэлжилсэн урт удаан, адармаатай хэлэлцээний үр дүнд 9.7 тэрбум ам.долларын өртөгтэй Оюутолгой зэсийн төсөл гацаанаас гарч, түүхэн гэрээг үзэглэлээ. Энэ бол "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмд хэрэгтэй байсан ялалт юм.

Оюутолгойн орд Сербид биш, Монголд байсан нь "Рио Тинто"-гийн хувьд аз юм. Учир нь Сербийн теннисчин Новак Жоковичийг цар тахлын эсрэг вакцинд хамрагдаагүйгээс нь болж Австрали улсаас албадан гаргасны дараа Белградын засгийн газраас 3.3 тэрбум ам.долларын өртөгтэй литийн төслийг цуцалсан. Сербийн литийн төсөл цуцлагдахад байгаль орчны асуудлаарх иргэдийн эсэргүүцэл, парламентын сонгууль нөлөөлсөн. Теннисийн од тамирчныг нь Австралиас “хөөсөн” нь төслийг үргэлжлүүлэхийн тулд хангалттай дарамт, шахалтад байсан Сербийн эрх баригчдын эцсийн тэвчээрийг баржээ.

Австралийн засгийн газар үндэсний бахархал болсон тамирчинд нь дээрэнгүй хандсан нь Сербийн ард иргэдийн дургүйцлийг ч мөн төрүүлсэн юм. “Одоогийн нөхцөлд "Рио Тинто" хэчнээн их хичээл зүтгэл гаргаж, өгөөмөр санал тавьсан ч Сербийн засгийн газартай харилцаагаа аварч чадахгүй” гэж Якоб Стаусхольм “The Sydney Morning Herald” сонинд ярьжээ. Гэхдээ тэрбээр яриа хэлэлцээг сэргээх найдлага тавьж буйгаа нуугаагүй байна. Монголтой хийсэн хэлэлцээний амжилт нь ингэж хэлэх итгэлийг түүнд өгсөн гэж шинжээчид дүгнэжээ.

Монголын парламентыг ятгаж, хоорондын маргааныг шийдвэрлэхэд "Рио Тинто"-д нэлээд хэдэн хөнгөлөлт санал болгох шаардлага тулгарсан. Тиймээс "Рио Тинто" мухардлыг олон жил үргэлжлүүлэхийн оронд эрсдэл үүрч, “сум тавьжээ”. Тодруулбал, "Рио Тинто" групп Монголын Засгийн газрын хүлээх 3.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, төсөлд эрчим хүч нийлүүлэх эрхийг Улаанбаатарт олгосноор хэлэлцээрт хүрч чадсан. /Монголын талаас "Рио Тинто"-д богино хугацаанд Хятадаас эрчим хүчээ үргэлжлүүлэн авахыг зөвшөөрсөн/. Якоб Стаусхольмын хувьд "Оюутолгой" төслийн чухал үе шат болох гүнийн уурхайн олборлолтыг орхисноос дээрх хэлэлцээрийн хүрээнд хүлээх эрсдэл бага гэдгийг олж харж чаджээ.

"Оюутолгой" төслийг тойрсон маргаан, санал зөрөлдөөн аль аль талдаа цаг хугацаа, мөнгө үрсэн зүйл болсон. Маргаан эрчээ авч байхад "Рио Тинто"-гийн менежментийн буруутай ажиллагаа, геологийн асуудал зэрэг нь анхаарал татаж байв. Улмаар дөнгөж жилийн өмнө гэхэд "Рио Тинто" гүний уурхайн төслийг орхихоор Монголын Засгийн газрыг сүрдүүлж байв. Гэсэн ч Мягмар гаригт /2022.1.25/ Якоб Стаусхольм тэргүүтэй "Рио Тинто"-гийн төлөөлөгчид, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ нарын албаныхан "Оюутолгой" төслийн талбай дээр очин, гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг хийх товчийг хамт дарсан юм.

Нээлтийн ёслолын үеэр Якоб Стаусхольм сэтгэл нь маш их догдолж буйгаа нуугаагүй. Гэхдээ л талуудын дунд шийдвэрлээгүй асуудлууд үлдсэн. Тэдний давах ёстой дараагийн даваа нь татварын асуудлыг хэлэлцэж тохиролцох юм. Гэрээ байгуулахад "Рио Тинто"-гийн Монгол дахь төлөөлөгч Б.Болдын нөлөө ч их байсныг дурдах хэрэгтэй.

Ийнхүү Монголын асуудлыг шийдвэрлэсэн ч өөр олон асуудал "Рио Тинто"-гийн өмнө байна. Тухайлбал, Баруун Австралийн төмрийн хүдрийн олборлолт буурсан үзүүлэлттэй. Үүнд байгалийн тогтоцыг сүйдэлсэн гэх асуудал гол нөлөө үзүүлснээс гадна цар тахал, бороо, ур чадвар дутсан зэрэг нөлөөлжээ. "Рио Тинто" Австралийн төмрийн хүдрийн хамгийн том олборлогч юм.

Эх сурвалж: THE SYDNEY MORNING HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж