"NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөнөөс цар тахлын үед Засгийн газар, улс, нийслэлийн онцгой комисс алдаатай үйл ажиллагаа явуулж, халдварын тархалтыг нэмэгдүүлсэн талаарх дата мэдээллийг нэгтгэн гаргажээ. Энэ талаар тус хөдөлгөөний гишүүн Ц.Чинбатаас тодрууллаа.
-Засгийн газар болон УОК-ыг та бүхэн яагаад алдаатай үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэх болов?
–"NoDoubleStandard" хөдөлгөөн өнгөрсөн жилийн зургадугаар сарын 25-наас эхлэн Засгийн газар болон УОК, ЭМЯ-нд найман шаардлага хүргүүлсэн. Тухайн үед манай иргэний хөдөлгөөний зүгээс Covid-19-өөр нас барсан иргэдийн ар гэрийн өмнө хариуцлага хүлээх, Covid-19-ийн үед төрөөс зарцуулж буй төсвийг олон нийтэд нээлттэй харуулах, удаа дараагийн хязгаарлалт тогтоохгүй байх, Covid-19-ийг илрүүлэх шинжилгээг нийт цэгүүдэд үнэгүй авах зэрэг шаардлага, саналыг удаа дараа хүргүүлсэн. Үүний төлөө иргэдтэй нэгдэж жагсаал, цуглаан ч зохион байгуулсан. Тухай бүрд Шадар сайд С.Амарсайхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар өөрсдийгөө өмгөөлж, цар тахлын онцгой үед Засгийн газар хамгийн сайнаар ажиллаж байгааг мэдээлж байлаа. Гэвч бодит статистикаас харвал, хөл хорионы дэглэм ард иргэдээр даажигнасан жүжиг болоод өнгөрсөн. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, олон аж ахуйн нэгжийн бизнесүүд хөл хорионоос болж дампуурсан. Харин эрх мэдэлтнүүд халдварын тархалтыг бууруулах нэрийдлээр улсаас их хэмжээний төсөв батлуулж, тоглолт хийсэн.
Хандив тусламж, зээл гээд Засгийн газар хангалттай санхүүжилт авсан ч хэрэгжүүлсэн ажлууд нь ямар ч үр дүнгүй байсан. Үүнийг иргэдээс гадна тоо баримт баталж байна.
-Та бүхний гаргасан дата мэдээлэлд цар тахлын үед хүний эрх зөрчигдсөн ямар тоо баримтууд байна вэ?
-Халдварт өвчнөөр далимдуулж хүний эрхэд халдсан, хууль зөрчсөн үйлдлийн олон кейс бий. Тоо баримтын хувьд орлогогүй болсон, бизнес нь дампуурсан, Covid-19-өөр өвдсөн хүмүүсийн тоон дээр зөрүү гарсан зэрэг дата мэдээллийг бид нэгтгэж, боловсруулж байна. Монгол Улс нэг сая 500 мянга гаруй хүний ажиллах хүчний нөөцтэй. Эдгээрээс 1.1 сая орчим нь хөдөлмөр эрхэлж байна. Харамсалтай нь, цар тахлын үед ажиллаж байгаа хүмүүсийн 50 хувийнх нь орлого 2021 оны эхний 7-8 дугаар сард буурсан. Энэ бол Засгийн газраас гаргасан хөл хорионы дэглэмтэй холбоотой. Иргэд халдварын тархалтыг хумих бодлогыг дэмжиж, өөрсдөө эдийн засгийн хувьд хүнд байсан ч олон сар тэвчиж, дуугүй явсан. Эрх мэдэлтнүүд харин гаргасан шийдвэрээ өөрсдөө зөрчиж байсан. Үүнээс гадна хувиараа хөдөлмөр эрхэлдэг 600 мянган хүний ажлын байр хөл хорионы үеэр 80 хувь буурсан. Харин тушаал, шийдвэр гаргагчид тэмдэглэлт ой, баяр ёслолд төсвийг гамгүй цацсан. Үр дүнд нь халдварын тархалт дахин оргил үедээ хүрч, кластер өвчлөл нэмэгдсэн.
Наадмыг хүртэл бүх нийтээр тэмдэглэхгүй гэсэн атлаа ардын биш, ноёдын наадам хийсэн. Түүнээс болж буурч байсан халдварын тархалт дахин өссөн. Өсөлтийг намжаахын тулд УОК, Засгийн газар иргэдээ хорих, дэглэх ээлжит төлөвлөгөө боловсруулсан. Цар тахлын үеийн шоунаас болж хоногт батлагдах халдварын тохиолдол, Covid-19-өөс болж нас барсан хүмүүсийн тоонд хүртэл өөрчлөлт орсон байгаа юм.
Иргэдийн хувьд төрөөс гаргаж буй бүхий л шийдвэрийг хүлцэнгүй дагаж мөрдөж байна. Гэтэл цахим үндэстэн шоу зохион байгуулснаас хойш халдварын тархалт 2.5 дахин өссөн дата гарсан. Өнгөрсөн оны есдүгээр сард нийт 288 мянган тохиолдол батлагдсан бол арваннэгдүгээр сард 666 мянга болж өссөн. Ийнхүү цар тахлыг барьж чадаагүй нь улстөрчдийн тэр дундаа попрох дуртай хүмүүсийн алдаа. Улс нийтээрээ цахим үндэстэн болох давлагаанд нэгдэх нэрийдлээр хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд учруулсандаа нэг ч хүн хариуцлага хүлээж, уучлалт гуйгаагүй. Тийм байж үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг барьж, хорьдог, ял оноодог жишиг рүү явж байгаа нь эмгэнэл.
ЗАСГИЙН ГАЗАР, УОК УДИРДЛАГА МЕНЕЖМЕНТИЙН БОДЛОГОГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГААГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ Л ЁСТОЙ
-Огцрох ёстой гэсэн ганц л шаардлага тавих болсон гэлээ. Өнгөрсөн зунаас хойш өгсөн албан мэдэгдэл, санал хүсэлт, шаардлагуудад холбогдох албаныхан огт хариу өгөөгүй гэсэн үг үү?
-Тийм. Зарим хүн биднийг улс төрийн зорилгоор энэ иргэний хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан гэж бодоод байгаа юм. Гэхдээ нэг зүйлийг онцгойлон хэлэхэд, "NoDoubleStandard" хөдөлгөөн бол 100 хувь иргэдийн санаачлан байгуулсан нэгдэл. Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг хүндлэх ёстойг тусгасан байхад өнөөдөр Монголд хүний эрхийг зөрчих шиг амархан үзэгдэл байхаа больсон. Тиймээс цар тахлыг далимдуулж, албан ажлаа хийгээгүй хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Ядаж хийсэн ажилтай бол тайлан мэдээгээ танилцуулна. Ажил хийгээгүй учраас аль болох бидний тавьж буй шаардлагаас бултаж байна. Засгийн газар, УОК удирдлагын зохион байгуулалтгүй, нэгдсэн менежментгүй ажиллаж байгаагаа хүлээн зөвшөөрөх л ёстой.
Сүүлд гэхэд "Засгийн газар-Иргэд" мэтгэлцээнд хагас сарын турш бэлдэж, мэтгэлцэхээр тохиролцсон байхад товлосон цагт хэн ч ирээгүй. МҮОНРТ-ийн хуваарьт тавигдсан цаг дээр өөр нэвтрүүлэг цацсан. Засгийн газартай хүний хэлээр ярихыг хичээсэн ч боломж олгохгүй байгаа учраас бид огцрох шаардлага тавьж байна.
Ажлаа хийж чадахгүй, алдаатай бодлогын үр дагавраа иргэдээс хайж байгаа нь эмгэнэл. Чадамжгүй боловсон хүчин хүч түрэмгийлэн орж ирснээр улс хөгжихгүй байна. Тиймээс бид одоо олон санал хүргүүлж, шаардлага тавихаас илүүтэй ажлаа хийж чадахгүй байгаа Засгийн газрыг огцруулахыг л хүсч байна.
-"Nodoublestandart" хөдөлгөөнийхөн цагдан хорих 461 дүгээр ангид халдаж, хүч хэрэглэн, Д.Монголхүүг оргуулсан гэх хэргийн шүүх хурал болсон. Энэ хэргийг прокурорт буцаасан талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байхыг л бид шаардаж байна. Гэтэл шүүхийн байгууллага, хуулийн байгууллагын эрх дархтанууд биднээр туг тахих оролдлого хийж, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг айлган, сүрдүүлж байна. "Nodoublestandart" хөдөлгөөний зургаан хүн цагдан хорих 461 дүгээр ангид халдаж, хүч хэрэглэн хүн оргуулсан гэх шүүх хурал нэгдүгээр сарын 20-нд болсон. Шүүхээс энэ хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан.
Д.Монголхүүг Э.Одбаяр биш, 461 дүгээр ангийн ажилтнууд өөрсдөө өргөж авч гарсан бичлэгийг олон нийтэд цацсаны хүчинд хэрэг прокурорт шилжсэн.
Түүнээс шүүхээс ч, прокуророос ч бидэнд ял оноохыг завдсан. Дандаа буруутгах талын нотлох баримт цуглуулсан байсан. Сайн өмгөөлөгчдийн хүчинд хэргийн материалд нотлох баримтууд өгсний хүчинд хэргийг дахин шалгах болсон. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 19-нд болж, шүүх хуралд нотлох баримт бүрэн байна уу, шүүх хуралд ороход бэлэн үү гэдгийг хэлэлцсэн. Биднээс энэ асуудлыг судалж, алга болсон хавсралтуудыг мөрдөн байцаах ажлын хэсгээс гаргуулах санал тавьсан ч шүүхийн байгууллагаас 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр 08:30 цагт шууд гэм буруутай эсэх шүүх хурлаараа энэ асуудлыг хэлэлцэхээр шүүх хурлын товыг зарлачихсан. Шүүхийн байгууллага ч даргын тушаалын дагуу ажилладаг тогтолцоотой болж байна. Үүнийг цаашид арилгахын тулд бид "NoDoubleStandard"-тай хатуу тэмцэнэ. Гэхдээ улс төрийн шинж чанар агуулаагүй учир зөвхөн баримтад тулгуурлаж, Засгийн газрыг огцруулна.
Холбоотой мэдээ