Аймаг нь "ядуу", гишүүд нь баян

Хуучирсан мэдээ: 2022.01.26-нд нийтлэгдсэн

Аймаг нь "ядуу", гишүүд нь баян

Аймаг нь "ядуу", гишүүд нь баян

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны дүн өнөөдөр гарчээ. Судалгаанд дурдсанаар Дорноговь тэргүүлж, Булган аймаг 36 оноогоор сүүл мушгижээ.

Уг судалгааг бизнес, засаглал, дэд бүтэц зэрэг 175 үзүүлэлтээр хийсэн байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын  гишүүд тойрогтоо хэр их бүтээн байгуулалт хийж, сургууль цэцэрлэг зам талбай дэд бүтэц, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийснийх нь дүн гэж хэлж болно. Учир нь, жил бүр гишүүд улсын төсвөөс "тойрогтоо бүтээн байгуулалт" хийх нэрээр төсвөөс их хэмжээний мөнгө авдаг.  Энэ жил гэхэд гишүүд дөрвөн тэрбум төгрөг тойргийн нэрээр авна.

2012 оноос хийж эхэлсэн судалгааны дүн мэдээгээр энэ жил Дорноговь, Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймаг тэргүүлсэн бол Дундговь, Завхан, Булган аймаг сүүлд жагсчээ. Эдгээрээс Булган аймгийн хувьд сүүлийн гурван жил хамгийн сүүлд орсон байна.  Харин нийт аймгуудын өрсөлдөх чадвар өмнөхөө бодоход дунджаар есөн оноогоор дээшилсэн сайн мэдээ байна. Булган аймаг сүүлийн гурван жил сүүл мушгисан нь тус аймгаас гарсан гишүүдтэй холбоотой нь нууц биш юм. Анхдагчдын өлгий нутаг хэмээн цоллодог ч сүүлийн жилүүдэд Булган аймагт дорвитой бүтээн байгуулалт бараг хийгээгүй. Тус аймгийг  УИХ-д Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ төлөөлж буй.

Тэд энэ оны төсөвт аймагтаа гурван тэрбумаар “Айрагны өргөө” барих төслийг суулгасан.  Гэтэл тус аймагт дэд бүтэц дутуу гэсэн шалтгаанаар өнөөг хүртэл иргэд хэрэглээний халуун усгүй аж төрж байна.

Ийнхүү гишүүд нь элдэв янзын төсөл хэрэгжүүлэхээр төсөвт суулгаж, харин тойрог нь өрсөлдөх чадвараараа сүүл мушгиж байна. Булган аймгаас гадна өрсөлдөх чадвараараа сүүл мушгисан өөр нэг аймаг бол Завхан.  Тус аймгаас УИХ-д Ц.Цэрэнпунцаг. Б.Баярсайхан нар сонгогдсон. Харамсалтай нь, тойргийнх нь иргэд хүйтэн эмнэлэгт хөнжил нөмрөөд сууж буй зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан бөгөөд энэ талаар Ц.Цэрэнпунцагийн өгсөн тайлбар нь "Манай аймаг халаалтгүй бус халаалттай. Хүйтэн байдаг юм. Халаалтын хувьд 2014 онд би мөнгийг нь гаргаж өгөөд уурын зуухыг нь барьж өгсөн. Энэ барилга7 жил болсон. Өвөлдөө айлын гэр майхан шиг хүйтэн болчихдог мэдээ, сурвалжилгыг хэвлэл мэдээллийнхэн олон удаа хийж байсан. Тэдний л нэг. Ямар компани барьсныг нь мэдэхгүй. Дулаанаа алддаг тийм л уурын зуух барьсан. Хөрөнгө оруулалт хийхээр гадагшаа дотогшоо хандаж байна. Дулаан станц барих гээд 2-3 жил яригдаад явж байна. 2014 онд барьсан уурын зуухыг би өөрийн мөнгөөр барьж өгч байсан" гэх үг.

Тэрчлэн  Ц.Цэрэнпунцаг  Богд Зонхова бурхны хөшөөг 32 тэрбумаар бариулахаар үхэн хатан зүтгэх болсон. Уг төслийг түүний өөрийнх нь төрийн бус байгууллага хариуцаж байгаа аж. Тиймээс энэ төслөөр далимдуулан төсвийг мөнгийг угаах нь гэсэн хардлага бий. Тэрбээр уг төслийн талаар тайлбар өгөхдөө " Цар тахлын үед хөшөө барилаа гэж иргэд нэлээн шүүмжилж байх шиг байна. Ирэх оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт их наяд, их наядаар нь мөнгө тавилаа шүү дээ. Үүнийг сайн анхаарах ёстой. Яг хэрэгтэй зүйлдээ зарцуулж чадаж байна уу. Бүхнийг фронтын төлөө гэдэг шиг сүүлийн хоёр жил эрүүл мэндийн салбарт хангалттай төсөв тусгалаа. Үүнийг үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Европт дөрөв, тав дахь давлагаа эхэлж байна. Цаашдаа хичнээн давлагаа үргэлжлэхийг таашгүй. Бидний амьдрал үргэлжилж байна. Дэлхийн улс орнууд нээгдээд эхэллээ. Тэгэхээр жуулчид ирээд юу үзэж, харах вэ. Соёлын өв соёлоо сэргээж, үзэж харах зүйлээ бүтээх хэрэгтэй биз дээ. Энэ том төсөл явах ёстой гэж харж байгаа. Улсаас нэг ч төгрөг гараагүй. Энэ бол урлагийн нарийн хийцтэй бүтээл. Улаанбаатарт урлагийн том өв шинээр нэмэгдэх ёстой. Залуучууд спортын газруудад очиж болж байна. Харин настай намбатай, өвчтэй зовлонтой хүмүүс хаачих вэ.Бид өвдөж зовохоороо ганданг, хурим найраа хийсэн ч Жанрайсаг бурхандаа мөргөөд гардаг" гэж байлаа.

Ийнхүү аймаг нь өрсөлдөх чадвараар сүүл мушгиж, харин гишүүд нь төсвийн мөнгийг үр ашиггүй бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөж сууна. Энэ бүхэнд сонгогчид өөрсдөө л буруутай. Бурхан барьдаг, айрагны өргөөнд залардаг гишүүдтэй байх уу аль эсвэл аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалт, амьдралын төлөө санаа тавьдаг, асуудаг, хянадаг төлөөлөлтэй болох уу гэдгээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж