Сар шинэ болоход хэдхэн хоног үлджээ. Үүнтэй зэрэгцээд цагаан сарын бөхийн барилдаан хэрүүл маргаан, талцал, шуугиангүй болж чадах уу гэсэн асуулт олон нийтийн дунд байна. Учир нь, энэ сарын эхээр Харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан бөхчүүдийн үл ойлголцол, хэрүүл, талцлаас бол цуцлагдсан. Тиймээс сар шинийн барилдааныг бөхчүүд "бойкотлох" вий гэсэн болгоомжлол үзэгчдийн дунд байна.
Цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жилийн сар шинийн бөхийн барилдааныг УОК-ын шийдвэрээр цуцалсан. Харин энэ жил бөхийн барилдааныг өндөр хэмжээнд зохион байгуулахаа Шадар сайд С.Амарсайхан мэдэгдээд байгаа билээ. Цар сарын битүүний барилдаан хамгийн шударга барилдаан болдог. Цол, тэмдэг олгодоггүй учир бөхчүүд жинхэнэ бяр тэнхээгээ сорьж, уран мэхээ уралдуулдаг.
Гэтэл бөхчүүдийн нь допингийн асуудлаас болж хоорондоо толхилцон, бөхөө ч барилдаж чадахгүйд хүрсэн нь Монгол Улсын Төрийн тэргүүний чихэнд хэдийнэ хүрсэн бололтой, тэрбээр өчигдөр МҮБХ-ныхныг хүлээн авч уулзаж, сар шинийн барилдааныг хэрүүл талцалгүй явуулахыг санууллаа.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Та бүхэн телевиз, сонин, хэвлэлээр харж байгаа байх. Ерөнхийлөгч өө, та ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч болсон төрийн тэргүүний хувьд монгол бөхийн холбооны учрыг олж өгөөч ээ, энэ нөхдүүд чинь хоорондоо хэрэлдээд бөхөө барилдаж чадахаа байлаа. Бөхдөө хайртай ард түмэн нь бөхөө үзмээр байна аа. Бид хоёр жил хорио цээрийн дэглэмтэй байлаа, арай чүү гайгүй болоод, үндэснийхээ бөхийг хараад баярлаад бөхөө үзье, хайртай бөхчүүдээ очиж харъя гэхээр ингээд хоорондоо хэрэлдээд асуудал үүсгээд, ард түмний сэтгэл санааг үймүүлээд, эмх замбараагүй байдал үүсгээд байна аа гэдэг асуудлуудыг яриад байгаа.
Та бүхэн маань өөрсдөө удирдлагад нь ажиллаж байгаа хүмүүс, бөхчүүдтэйгээ уулзаж энэ асуудлаа ярьж байгаа байх гэж бодож байна. Дахиад хуралдаж ярилцах хэрэгтэй. Ойлголцох хэрэгтэй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж нэг үг бий шүү дээ. Ярилцаж хөөрөлдөж асуудлаа ойлголцож, нэг тийшээ гарах ёстой. Дээр нь ард түмнээ хүндлэх ёстой. Та бүхний авсан цол чинь ард түмний цол, төрөөс өгч байгаа цол, төр гэдэг чинь ард түмэн. Тийм учраас энэ ард түмний хүндэтгэл, хайрыг хүлээж ажиллах хэрэгтэй. Ер нь сүүлийн жилүүдэд бол манай бөхчүүдийн талаар янз янзын буруу, зөрүү асуудлууд гарч байгаа. Би тоочиж хэлээд яах вэ. Та бүхэн монгол эрчүүдийн үлгэр дуурайл болсон, манлайлал болсон хүмүүс байх ёстой. Ёс дэг жаяг, ёс жудаг, биеэ авч явж байгаа байдал, бусадтай харьцаж байгаа харьцаа, соёлоороо үлгэр дуурайл болох ёстой. Ер нь Монголын ард түмний, залуу үеийнхний үлгэр дуурайл болж ирсэн ахмад үеийнхэн маань Балжаа аварга гэх мэтээр сууж байна. Өмнөх аваргууд байна. Сүүлдээ бөх маань арилжааны хэлбэр рүү орчихсон юм уу, тав арван цаас хараад өөрчлөгддөг болчихсон юм уу. Энэ ёс суртахуун гэдэг юман дээр одоо ихээхэн анхаарахгүй бол нөхдүүд маань ард түмнээ ингэж бухимдуулаад. Дээр нь цар тахалтай, өвчин зовлонтой, нийгмээрээ бухимдалтай байна. Бүр цаашид хүн төрөлхтөн тэр аяараа бухимдаж байгаа шүү дээ. Ийм нэг бухимдалтай үед нь улам бухимдлыг нь төрүүлээд, уур хилэнг нь бадраагаад байх нь хэр зүй зохистой байдаг юм бэ гэж би та бүхнээс асуух гээд байгаа юм.
Тийм учраас энэ асуудлаа шийд, ард түмний өмнө хэрэлддэг талцдаг ёс бус үйлдэл гаргадагаа болих хэрэгтэй. Энэ чинь эргээд Монгол бөхийн нэр хүндийг унагаж байна шүү дээ. Хэрвээ ард түмнээ хүндлэхгүй, төрт ёсоо хүндлэхгүй, үзэгч олон түмнээ хүндлэхгүй ааш авир гаргаж байгаа бол өгсөн цолоо Монголын төр буцааж авч болно шүү дээ. Хаврын чуулганаар бөхийн, наадмын тухай хууль орно. Ийм асуудлууд ярих ёстой гэж би бодоод байгаа юм. Энэ бол тоглоом биш. Өөрийнхөө бяр чадлаар олж авсан л байх. Гэхдээ ард түмнээ хүндэтгэхгүй бол тэр цолыг авч явах нэр хүнд байхгүй шүү дээ. Энэ сумог хар. Ямар ёс дэг жаягтай байна? Спортууд байна. Жүдогийн спортын дэлхийн аваргаар өрсөлдөгч бөхөө доромжилсных нь төлөө шүүгч нь шууд нөгөө талд ялалт өгдөг биз дээ. Тэр чинь ёс суртахууны асар том асуудал ярьж байна шүү дээ. Спорт гэдэг бол тэгж хүнийг хүндэтгэж, хайрлах асар том ёс зүй дээр оршин тогтдог. Монгол бөх бол үндэсний соёл учраас үүнийгээ хадгалж, хамгаалахын тулд бид нар ийм арга хэмжээнүүдийг авахаас өөр аргагүй юм байна гэсэн байдалд тулж байна шүү дээ" гэв.
Ямартай ч бөхчүүдийн асуудалд төрийн тэргүүн хүртэл оролцож, үгээ хэлээд амжлаа. Гол нь энэ бүхэн газар дээрээ хэрэгжих эсэх нь эргэлзээтэй. Тиймээс Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжаваас сар шинийн барилдааны талаар тодруулахад “Цагаан сарын барилдаан болно. Ямар ч асуудалгүй, санаа зовох зүйлгүй болно” гэв.
Харин барилдах эрх нь сэргэсэн ч өдийг хүртэл барилдаанд оролцож чадахгүй байгаа Н.Батсуурь аваргаас битүүний өдөр барилдах эсэхийг нь асуухад “Би барилдахгүй гэж хэлээгүй. Бэлтгэлээ хийж байна” гэлээ.
Саяхан цахим сүлжээнд Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан нарыг цагаан сараар барилдахгүй гэх мэдээлэл гарсан билээ.
Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааны үеэр 11 сараар эрхээ хасуулсан бөхчүүдийг барилдаж буйг эсэргүүцэж, улсын харцага О.Хангай, улсын харцага Ш.Пүрэвгарьд нар барилдаагүй. Тиймээс О.Хангай харцагыг ирэх битүүний өдөр барилдах эсэхийг мөн лавлахад “Би барилдана. Бусад нарийн асуудлуудыг бөхийн холбооноос тодруулаарай. Өчигдөр Ерөнхийлөгч хүлээн авч уулзаж, их зүйл ярьсан байна лээ” гэв.
Монголын ард түмний хүсэн хүлээж буй сар шинийн барилдаан хоёр өдөр болно. Тодруулбал, нэгдүгээр сарын 31-ний өдөр нэг, хоёрын даваа, хоёрдугаар сарын 1-ний өдөр гурваас, наймын даваа тус тус болно. Үл ойлголцсон бөхчүүд барилдана гэдгээ илэрхийлж, албаны хүмүүс ч маргаангүй, асуудалгүй барилдаан зохион байгуулна гэдгээ илэрхийллээ.