Засаглал сайтай аймгаар анх удаа Дорноговь тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.01.26-нд нийтлэгдсэн

Засаглал сайтай аймгаар анх удаа Дорноговь тэргүүллээ

Засаглал сайтай аймгаар анх удаа Дорноговь тэргүүллээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын 10 дахь жилийн тайлан"-г өнөөдөр /2022.01.26/ танилцууллаа.

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд 21 аймгийг харьцуулсан. Өнгөрсөн 2012 оноос хийж эхэлсэн тайлангийн дүн мэдээгээр Дорноговь, Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймаг тэргүүлсэн бол Дундговь, Завхан, Булган аймаг сүүлд жагсчээ. Эдгээрээс Булган аймгийн хувьд сүүлийн гурван жил хамгийн сүүлд орсон байна. Харин нийт аймгуудын өрсөлдөх чадвар өмнөхөө бодоход дунджаар есөн оноогоор дээшилжээ.

Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадвюарын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга, доктор П.Цагаан:

-Улс, нийслэл, аймаг, дүүргүүдийн судалгааг бид 10 дахь жилдээ хийж байна. Бизнес, дэд бүтэц, засаглал зэрэг төрөлд нийт 175 үзүүлэлтээр судалгааг хийдэг. Мэдээлэл боловсруулахаас гадна тайлан гаргах, судалгаа хийх зэрэг ажил цар тахлаас шалтгаалж хойшлох тохиолдол гарсан ч бид хугацаандаа амжиж гаргалаа.

2020-2021 оны үйл ажиллагаа, өрнөлөөс харвал дэд бүтэц Монгол Улсад ямар чухал болох нь харагдаж байна. Хилийн боомт, бусад бүтээн байгуулалтыг байгуулах нь зайлшгүй нөхцөл байдал үүсвэл цаашид ч ийм хэвээр байвал хэцүү. Тиймээс аймгуудын өрсөлдөх чадвар чухал байна.

Судалгаанаас 2-3 нийтлэг зүйл ажиглагдаж байна. Цар тахалд дасан зохицож, шинэ хэв маягаар ажиллах хандлага руугаа явж байна. Мөн нийгмийн халамж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ дэмжих төрөл бүрийн бодлогыг барьж байна. Дэд бүтэц, хөрөнгө оруулалт ямар чухал вэ гэдгийг агаар болон газрын хил хаасан тохиолдолд бид мэдэрлээ.

Энэ жилийн тайлангийн онцлог нь өрсөлдөх чадвараар тэргүүлэгч аймгуудын эрэмбэ өөрчлөгдсөн явдал. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд Орхон аймаг тэргүүлж байсан бол энэ жил Дорноговь аймаг анх удаа нэгдүгээрт эрэмбэлэгдлээ. Тус аймгийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил нөлөөлсөн гэж дүгнэж байна.

Бусад шалгуур үзүүлэлтээр авч үзвэл бизнестэй холбоотой лиценз, тусгай зөвшөөрөл олгоход Дорноговь аймаг сайн, Архангай аймаг тааруу байна. Харин шударга өрсөлдөөнт орчин Сэлэнгэ аймагт их, Өвөрхангайд бага гарчээ. Судалгаанаас харахад Улаанбаатар руу шилжин ирэгсэд Баян-Өлгий аймгаас хамгийн бага буюу 378 хүн ирсэн бол Төв аймгаас 3728, Өвөрхангайгаас 3732 хүн шилжсэн. Жендэрийн эрх тэгш байдал Архангай өндөр, Хэнтийд тааруу байна. Бизнесийн орчин Дорноговь сайн бол Завхан, Архангайд тааруу гэх мэт үзүүлэлттэй байна. Аймаг төдийгүй улс орныг хөгжүүлэхэд бизнес орчинг сайжруулах шаардлагатай нь үүнээс харагдаж байгаа юм.

Тайлангийн ач холбогдол нь өнгөрсөн нөхцөл байдлаа өнөө цагтайгаа харьцуулж, сайжруулалт хийхдээ ашиглаж аймгууд өрсөлдөх чадвараа ахиулахад чиглэсэн.

Судалгааны эх сурвалж нь статистикийн газар, Монголбанк, бизнес эрхлэгчдийн санал асуулгыг үндэслэдэг буюу ямар ч улс төрийн нөлөөгүй гэдгийг онцлох нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж