Боловсролын салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд Боловсролын ерөнхий газрыг байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдрийн /2022.01.26/ Засгийн газрын хуралдаанаар Боловсролын ерөнхий газрын даргаар Төмөр-Очирын Ням-Очирыг томиллоо.
Ховд аймгийн дунд сургуулийн химийн багшаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр дүүрэг, нийслэлийн боловсролын газар, БШУЯ-д шатлан дэвшиж ажилласан туршлагатай аж. Төрийн албаны мерит зарчимд тулгуурласан шийдвэрийн дагуу түүнийг Боловсролын ерөнхий газарт томилон ажиллуулахаар болжээ.
Тэрбээр,
- 2002-2003 онд Ховд аймгийн 10 жилийн гуравдугаар дунд сургуульд химийн багш;
- 2003-2004 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Бодлогын хэлтсийн залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн;
- 2005-2008 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн
- 2008-2011 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн;
- 2011-2012 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Боловсролын газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дарга, газрын дарга;
- 2012-2017 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга;
- 2017-2018 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн хэлтсийн дарга;
- 2018 оноос Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна.
Өнгөрсөн онд УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Боловсролын багц хуулийн төсөлд санал авах цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгуулсан. Энэ хүрээнд Боловсролын ерөнхий газар байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн билээ.
2020-2021 оны хичээлийн жилийн байдлаар улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 1454 цэцэрлэг, 839 ерөнхий боловсролын сургууль, 88 их, дээд сургуульд нийт нэг сая 75 мянга 170 суралцагч суралцаж, 50 мянга 43 багш ажиллаж байна. Энэ нь нийт хүн амын 32 хувийг эзэлж байна. Боловсрол эзэмших нь хүний амьдралын туршид явагддаг тасралтгүй үйл явц бөгөөд уг эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д “Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” хэмээн зааж баталгаажуулсан байдаг. Тиймээс Боловсролын ерөнхий газар нь чиг үүргийн хувьд заавал байх нэгж юм.
Холбоотой мэдээ