Урд хилийн “0” цэгээс татан авч байгаа чингэлэг тээврийн үйл ажиллагаанд төмөр замчид ямар оролцоотой ажиллаж байгааг Замын-Үүд дэх УБТЗ-ын Шилжүүлэн ачих ангийн дарга Г.Цогтбаатараас тодрууллаа.
-Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан комисс байгуулагдаад Эрээн боомтоос ачаа тээврийг татан авах үйл явцыг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан комисс Замын-Үүд суманд ажиллаж байна. Анх “0” цэгээс татан авсан чингэлгүүдийг УБТЗ-ын болон хувийн терминалуудад жигд татан авч, тээврийн дараагийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч хувийн терминалуудын хүчин чадал болон үйл ажиллагааны бэлэн бус байдлаас шалтгаалаад УБТЗ-ын Логистикийн төвийн терминал дээр эдгээр чингэлгийг 100 хувь татан авч байна. Өөрөөр хэлбэл, “0” цэгээс автомашинд ачиж авчраад манай Логистикийн төвийн терминал дээр буулгаж, энд гаалийн хяналт шалгалт хийгдээд дуусмагц ачааг эзэнд нь олгох үйл ажиллагааг төмөр замчид гардан гүйцэтгэж байгаа. Энэ үйл ажиллагаанд манай ангиас 20, Төмөр замын Тээвэр зуучийн төвөөс найман ажилтан томилсон. Эдгээр ажилтан хилээр орж ирсэн чингэлгүүдийн тээврийн үйл ажиллагааг удирдлагаар ханган ажиллаж байна. Ингэхдээ аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм, төмөр замын аюултай бүсийн дэглэмийг баримтлан тээврийн үйл явцыг мэргэжлийн түвшинд зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Чингэлэг татан авах үйл явцад Гааль, Мэргэжлийн хяналт, Авто тээврийн үндэсний төв, Цагдаа, Хилийн цэрэг, Онцгой байдал, ТЕГ, Эмнэлэг,“МТЗ” ТӨХК, “УБТЗ” ХНН гээд олон байгууллага хамтран ажиллаж байна.
-Танай логистикийн талбайгаас чингэлэгтэй ачааг Улаанбаатар руу төмөр замаар хэрхэн тээвэрлэж байна вэ?
-Ачааны эзэд авто тээвэр, төмөр замаар тээвэрлэх үү гэдэг сонголтоо өөрсдөө хийж байна. Төмөр замаас томилогдсон 28 ажилтан маань цаг үеийн нөхцөл байдал, онцгой дэглэмээс шалтгаалаад авто тээврийн үйл ажиллагааг давхар зохион байгуулж байна гэсэн үг.
Ер нь, энд болж байгаа үйл явцыг ойлгомжтой тайлбарлахад хилийн “0” цэгээс татан авсан ачаанд гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт хийгээд дууссан чингэлгүүдийг олголтын талбай руу гаргаад ачаа хүлээн авагчийн хүсэлтээр дараагийн тээврийн үйл явцыг зохион байгуулдаг. Үйлчлүүлэгчид ачаагаа автомашинтай нь хот руу авч явах, эсвэл шууд вагонд шилжүүлэн ачих, эсвэл чингэлэг дэх ачааг гараар болон авто ачигчаар өөр вагонд шилжүүлэн ачих зэргээр ачаа бараагаа татан авч байна.
-Цар тахлаас шалтгаалсан хорио цээрийн дэглэм, хил хаагдах зэрэг олон учир шалтгааны улмаас тээврийн зардал эрс өссөн. Үүнээс улбаалан бараа бүтээгдэхүүний үнэ ч өсч байгаа. Тээврийн үнийн өсөлтийн талаар та юу хэлмээр байна вэ?
-2019 оны сүүлчээр өмнөд хөршид ковид-19-ийн халдвар дэгдэж, 2020 онд хил хаасан. Түүнээс хойш ачаа тээврийн татан авалтыг янз бүрийн байдлаар зохион байгуулж ирсэн. Эрээн дээр дундын жолооч нар хүртэл байрлуулан ажиллуулж байсныг та бүхэн мэднэ. Энэ бүх хугацаанд тээврийн үнийн өсөлт гарч байсан.
Зарим ачаа барааг Эрээнээс Замын-Үүдэд автомашинаар оруулж ирээд вагонд ачиж, төмөр замаар Улаанбаатар руу тээвэрлэж байсан. Гэхдээ дээрх хугацаанд төмөр замын тээврийн тарифт ямар ч өөрчлөлт ороогүй. УБТЗ нь Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл нэг вагон ачааг, ачааны төрөл зүйлээс хамаарч 1.2-1.8 сая төгрөгөөр тээвэрлэдэг. 40 футын чингэлгийг гэхэд 1.2 сая төгрөгөөр тээвэрлэх тарифтай. Харин авто замаар Замын-Үүдээс Улаанбаатар хооронд нэг чингэлгийг тээвэрлэх зардал 7-8 сая төгрөг хүртэл өсөж байсан. Харин одоо авто замаар 3.5- 4 сая орчим төгрөгөөр тээвэрлэж байгаа бололтой байна.
БНХАУ хилээ бүрэн хаахад манай нарийн царигаар орж ирэх ачааны хэмжээ эрс өссөн. Хятад вагон дээр ачаад оруулж ирсэн ачааг бид өргөн царигийн битүү болон задгай вагонд шилжүүлэн ачих ачилтыг гүйцэтгэдэг. Эхний орж ирсэн ачааг хоёр хоногт багтаан шилжүүлэн ачиж, Улаанбаатар руу явуулсан. Авто тээврийн үйл явц зогсоход төмөр замчид тээврээ хэвийн явуулж байсныг хэлэх нь зүйтэй. Энэ үед ч бид хамгийн хямд тарифаар тээвэрлэж байсан. Төмөр замчид тээврийг хамгийн хямдаар гүйцэтгэж ирсэн, гүйцэтгэсээр ч байгааг хэлье.
-Чингэлэг татан авалтын явц ямар байна?
-Өдөрт дунджаар 50-60 чингэлэг авч байна.
-Шинэ он гараад хилийн төмөр замын ачаа тээврийн явц хэр байна вэ?
–Энэ он гараад чингэлэг тээврийн үйл ажиллагаа хэвийн явж байна. Өмнөд хөрш хилээ хаасантай холбогдуулаад нарийн царигийн битүү вагоны ачилт маш их хэмжээгээр нэмэгдсэн. Ихэвчлэн хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч орж ирж байгаа.
Эдгээр ачааг бид өргөн царигийн вагонд гар аргаар болон авто ачигчаар шилжүүлэн ачих ажлыг шуурхай зохион байгуулж байна. Манай анги 68 ачигчтай. Ачигч нар маш сайн зохион байгуулалттай ажиллаж байгаа.
Гэхдээ галт тэрэг орж ирэх нь жигд биш байна. Зарим өдөр нарийн царигаар 2-3 галт тэрэг зэрэг орж ирж, битүү вагоны хуримтлал үүсдэг. Ийм тохиолдолд манай ачигч нар шилжүүлэн ачилтыг маш шуурхай гүйцэтгэж байна. Хоногт 62 вагон шилжүүлэн ачсан тохиолдол ч бий.
-Хилийн боомт учир онцгой хариуцлага та бүхэнд ногдож байна. Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн хангаж байна вэ?
-Байгууллагын хувьд ариутгалыг тогтмол хийж, нийт ажилчдыг ээлжинд гарахад биеийн халууныг нь хэмжиж, эрүүл мэндийн байдалд нь хяналт тавьдаг. Хэрэв сэжигтэй тохиолдол илэрвэл тусгааралтын арга хэмжээ авч, өрөө тасалгааг тогтмол ариутгаж халдваргүйжүүлж байгаа.
Ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ажлын байранд ажил эхлэхээс өмнө компьютер, ширээ сандал, ажлын багаж хэрэгслийг ажилтан бүр тогтмол ариутгаж, энэ үйл явцаа баримтжуулан ангийн ХАБЭА-н групп рүү зургаар болон бичлэгээр оруулдаг. Үүнийг ангийн удирдах ажилтнууд цахимаар хянах журамд шилжсэн. Ингэж халдвар хамгаалал, ариутгал халдваргүйтгэлийг дор бүртээ хийж хэвшиж байгаа нь тодорхой үр дүнд хүрч байна. Он гарснаас хойш ангийн хэмжээнд халдварын цөөн тохиолдол бүртгэгдсэн.
–Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
Б.Гүнжинлхам
Холбоотой мэдээ