Л.Цэнгүүн: Номын тэмдэглэл хөтлөх миний хобби

Хуучирсан мэдээ: 2022.01.26-нд нийтлэгдсэн

Л.Цэнгүүн: Номын тэмдэглэл хөтлөх миний хобби

Л.Цэнгүүн: Номын тэмдэглэл хөтлөх миний хобби

"Би ном гээч этгээдийн ид шидэд итгэдэггүй том толгой явсаар их сургуульд ордог жилээ яагаад ч юм гэнэт л ном уншъя, ном унших зуршилтай больё гэж шийдсэн намрын тэр дулаахан өдрийг сайн санадаг. Анх өөрт байсан 16 мянган төгрөгөө халааслаад, номын дэлгүүр рүү явж билээ" хэмээн өгүүлэх түүнийг Л.Цэнгүүн гэдэг.  Тэрбээр одоо 20 настай. Монгол Улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуульд график дизайнер мэргэжлээр суралцдаг. Хоёрдугаар курсийн оюутан. Чөлөөт цагаараа ном уншиж, тэмдэглэл хөтлөх дуртай. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Хэзээнээс номонд "хорхойсч" шимтэн уншдаг болсон бэ?

-Би чинь сүүлд л номонд дурлаж эхэлсэн. Өнгөрсөн 2020 оны есдүгээр сард их сургуульд ордог жилдээ “Ер нь л ном уншиж эхэлье” гэж шийдсэн. Тэрнээс өмнө амьдралдаа гуравхан ном л уншсан байдаг. Оюутан хүн мөнгө төгрөг багатай байсан учраас үеэлтэйгээ мөнгөө нийлүүлээд ном худалдаж авахаар “Интерном” дэлгүүрийг зорин очсон. Тухайн үед надад 16 мянган төгрөг байсан.

Анх яг ямар төрлийн ном уншихаа мэдэхгүй хүний хөгжлийн “Цойлогсод” ном, нөгөөх нь уран зохиолын “Луун шивээст охин” номыг худалдан авсан. Тэгээд л 2021 онд нэг л мэдэхэд номын хорхойтон болчихсон байсан  даа.

-Өнгөрсөн 2021 онд 40 гаруй ном уншсан гэсэн үү?

-Тэгсэн. Ном уншаад эхлэхээр худалдан авалт хийхдээ ялгаж сурдаг юм билээ. Сонирхол татсан номуудаа уншиж, он дуусахад 40 ном болсон байсан. Монгол ном нэг ч байхгүй. Эдгээрийн 25 нь хүний хөгжлийн ном байсан. Үлдсэн 15 ном нь уран зохиолын ном. Яагаад монгол ном уншдаггүй вэ гэдэг дээр түүх ярихад, би 10 дугаар ангидаа Төв аймгийн Баян сумын дунд сургуулиас хотод шилжиж ирээд, хотын хүүхдүүд ном их уншдаг юм байна гэдгийг анзаарсан. Тэгээд нэг найзаасаа ном гуйсан чинь “Оройгүй сүм” номыг өгсөн. Тухайн үед тэр номны шашинлаг үг хэллэгийг ойлгохгүй, дундаас нь орхичихсон.

Тэр үеэс хойш ном уншихаасаа зүрхшээдэг болчихдог юм билээ. Тиймээс дандаа орчуулгын ном эсвэл англи хэлтэй ном уншдаг.

-Орчуулгын номны хувьд зарим нь шүүмжлэлтэй ханддаг шүү дээ?

-Орчуулгын ном энгийн үг хэллэгээр бичигдсэн байдаг. Хүний хөгжлийн ном надад зөв дадал зуршилд сургадаг ч үгийн баялаг муутай. Зарим орчуулгын ном үг үсгийн алдаатай байдаг. Дэлхийн шилдэг борлуулалттай номуудыг монгол хэл рүү орчуулж, залууст хүргэдэг паблишингид их баярладаг.

-Ном уншиж, тухайн номноосоо сурсан зүйлээ амьдрал хэрэгжүүлэхийг зорьдог гэж байсан?

-Анх ном уншиж эхлэхэд надад хоёрхон ном байсан. Тэгээд гэр бүл, найзуудаасаа надад ном л бэлэглээрэй гэж хэлдэг болсон. Тэгсэн ээж маань 19 насны төрсөн өдрөөр “Яагаад үүнийг сургуульд заадаггүй юм бэ” гээд ном бэлэглэсэн. Тэр номноос их зүйлийг сурч, санхүүгээ төлөвлөж эхэлсэн. Би хуримтлалтай болж, орлого зарлагаа тооцож сурсан. Дараа нь “Өглөөний гайхамшиг” номыг уншиж, бясалгал хийдэг болсон. Бясалгал хийж эхлэхэд бүх ажлаа төлөвлөж, эмх цэгцтэй болж эхэлсэн. Хичээлдээ ч анхаарч эхэлсэн.

Би хийх ажлаа долоо хоногоор нь төлөвлөдөг. Ном уншиж эхэлснээр өдөр бүр ямар нэгэн зорилго тавьж, зорилгынхоо төлөө тууштай байхыг суралцаж байна.

Цар тахал эхэлж, оюутнууд амарч байгаа учраас өдөр болгон унаа, хоолны мөнгө зарцуулах шаардлагагүй болсон. Тийм учраас би нийт орлогоо 100 хувь гэж тооцоод 40 хувийг хэрэглээндээ, 20 хувийг өөрийнхөө хүссэн зүйлд, 20 хувийг нь шууд хадгалдаг байсан. Үлдсэн 20 хувийг хөрөнгө оруулалтад хадгалдаг. Энэ хөрөнгө оруулалтад зарцуулах мөнгөөрөө койн авах уу ном авах уу гэж бодсон. Тэгээд хамгийн энгийн хөрөнгө оруулалт ном юм байна гэж бодсон. Тэр мөнгөнийхөө 40-50 хувийг ном худалдан авахад зарцуулдаг.

"ХОТОД НОМ УНШИХ ГАЗРУУД БАЙДАГ Ч ОЮУТАН ХҮНИЙ ХУВЬД ӨНДӨР ӨРТӨГТЭЙ"

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ. Одоо "хорхойсч" буй номыг нь сонирхож болох уу?

-Миний хувьд дөрвөн жилийн дараа уншиж байгаа анхны монгол ном “Цагаан бороо”. Энэ номын тэмдэглэлээ сүүлд бичсэн. Одоо “Номын жор” цуврал номыг эхлүүлэх бодолтой байна. Эхний цувралыг нь уншихаар барьж авсан. Би ном уншихдаа гурван ном зэрэг эхлүүлдэг. Ном унших хамгийн гоё газар бол бие засах өрөө байдаг. Тэнд чимээгүй, ганцаараа, хувийн орон зайтай./инээв/

Би гадуур ном уншиж үзээгүй. Хааяа хичээлийн завсарлага, автобусанд л уншдаг. Хотод тайван ном унших газрууд байдаг ч гэсэн оюутан хүний хувьд өндөр өртөгтэй. Жишээлбэл, цагийн төлбөртэй эсвэл найм, есөн мянган төгрөгөөр кофе, смүүти худалдан авч уух шаардлагатай болдог. Цаашдаа нийслэл хотод залуус зориулсан, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчинг бүрдүүлээсэй гэж хүсдэг.

-Орчин цагийн залуусыг ном уншихаас илүүтэй фэйсбүүк, инстаграм их ашигладаг болсон гэж шүүмжилдэг. Чи үүнтэй санал нийлэх үү?

-Яг үнэнийг хэлэхэд, ойр дотны найзууд дунд маань ном уншдаг хүн цөөн. Ном уншдаг байсан ч юм суръя гэдэг үүднээс уншдаггүй. Зарим нь ном уншдаг гэж харагдахыг хичээдэг бол зарим нь цаг нөхцөөх, амьдралаас мэдэрч чадахгүй сэтгэл хөдлөлийг мэдрэх гэж ном уншдаг. Гэхдээ тэр дунд номтой нөхөрлөдөг залуус ч цөөнгүй бий шүү.

-Номын тэмдэглэл хөтлөх болсон тухайгаа яриач?

-Би өмнө нь ерөөсөө номын тэмдэглэл огт хөтөлдөггүй байсан. Хүмүүс яагаад тэмдэглэл хөтөлдгийг ч ойлгодоггүй байсан. Тэгсэн англи хэл дээрх номнуудыг цахим хэлбэрээр уншиж эхлэхэд яалт ч үгүй тэр номноос мэдсэн сурсан зүйлээ тэмдэглэж, ямар нэгэн байдлаар өөртөө авч үлдэх хэрэгтэй болсон. Тэр үеэс номын тэмдэглэлээ хөтөлж эхэлсэн. Өнгөрсөн есдүгээр сард “Дижитал минимализм” номын тэмдэглэлийн уралдаан зарлахад тэмдэглэл бичиж, түрүүлсэн.

Би номын тэмдэглэл хийхдээ хагас бясалгалын байдалд орж, анхаарлаа маш сайн төвлөрүүлдэг. Хүн хамгийн дуртай зүйлдээ л цаг гаргадаг. Одоогоор номын тэмдэглэл бичсэн дөрөв дэх дэвтэр дуусч байна.

Ном уншсанаар миний сэтгэлгээнд өөрчлөлт орж эхлэхэд үеийн найзууддаа энэ талаар хуваалцахаар "Завгүй хүний номын сан" гээд инстаграм хаяг хөгжүүлж эхэлсэн. Тэр хуудастаа өөрийнхөө уншсан номны ишлэл, сургамжийг бичдэг.

-Номын тэмдэглэлээ гоё зургаар чимдэг нь таалагдсан?

-Би график дизайнераар сурдаг болохоор зураг дизайнд их анхаардаг. Тиймээс тэмдэглэлээ хүмүүст хүргэхийн тулд тод өнгөөр л тоглодог л доо.

-Үеийн залуустаа хандаж юу хэлэх вэ?

-Үеийн залуус маань хамгийн түрүүнд хүний хувийн орон зайг хүндэлдэг байгаасай. Их хотын соёлд зөв суралцаж, бие биедээ хүндлэлтэй хандахыг уриалъя. Зарим хүмүүс сэтгэлгээндээ хувьсал хийж, өөрчлөөсэй гэж боддог. Ирэх ондоо ямар ч байсан 40-өөс илүү ном уншиж, номын тэмдэглэлээ хөтөлнө. Мөн IELTS шалгалт өгч, оноо авах зорилго тавьсан. Тэгж чадвал сургуулиас надад нэг санал тавьсан байгаа. Тийм учраас уншиж байгаа номынхоо 50 хувийг англи хэл дээр уншина. Өнгөрсөн жил онлайн ном их уншдаг байсан бол одоо цаасан хэлбэрээр номоо худалдан авах төлөвлөгөөтэй байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж