БАЙР СУУРЬ: Эдийн засагт олон шугамаар мөнгө урсч орж ирнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.26-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Эдийн засагт олон шугамаар мөнгө урсч орж ирнэ

БАЙР СУУРЬ: Эдийн засагт олон шугамаар мөнгө урсч орж ирнэ

Засгийн газар, Оюутолгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээг үндэслэж УИХ-аас  Оюутолгой төслийн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай 103 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд тусгагдсан заалтууд хэрэгжиж эхэлж байна. Олон жил маргаан дагуулсан Оюутолгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэх шанг татсан түүхэн үйл явдал өчигдөр болж, анхны тэсэлгээг хийв. Улмаар ирэх 2023 онд ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөөд байна. Цаашид Оюутолгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, эдийн засгийн тэн хагасыг Оюутолгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон билээ. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ач холбогдлын талаар эдийн засагчдын байр суурийг хүргэе.


ГҮНИЙ УУРХАЙН ОЛБОРЛОЛТЫГ ЭРТ ЭХЛҮҮЛЭХ ТУСАМ ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭНЭ

Эдийн засагч Б.ЭНХ-АМГАЛАН: 

-“Оюутолгой” компанийн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх нээлт нь эдийн засагт маш чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Иймд гүнийн уурхайн олборлолтыг эрт эхлүүлэх тусам эдийн засаг сэргэх, үр өгөөжөө өгөх ашигтай. Эдийн засаг сэргэсэн, харьцангуй өндөр үзүүлэлттэй жилүүд эхэлнэ гэж харж байна. Ерөнхийдөө Монгол Улсын эдийн засаг тогтмол өсөлттэй болно гэсэн үг. Эдийн засаг ашигт малтмалаас хамааралтай ийм үед гүнийн уурхайн олборлолт эхэлснээр гадаад хүчин зүйлээс шалтгаалсан эдийн засагт савлагаа үүсэх эрсдэл багасна. Харин Засгийн газар эдийн засгийг хямрахаас сэргийлж хамгаалах сангуудаа бүрдүүлэх  ёстой. Эдийн засгийн өндөр үр ашигтай жилүүдэд эрсдэлийн сангуудад жил бүр хуримтлал үүсгэх нь чухал. Энэ мөнгийг эдийн засаг хямарч,  дэлхийн зах зээл дээр түүхий эд унасан үед ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн тодорхой мөчлөгүүдээ маш сайн тооцож судалгаа хийж, эрсдэлийн санд  тогтмол хуримтлал үүсгэснээр эдийн засагт савлагаа үүсэх нь харьцангуй бага. Гэхдээ  “Оюутолгой” компаниас улсын эдийн засагт орж ирэх мөнгөн орлогод хэт найдалгүй бусад салбаруудаа давхар хөгжүүлэхгүй бол эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамаарч болохгүй. Үгүй бол эдийн засгийн том савлагаа үүсэх ч эрсдэлтэй.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД ТОМООХОН БАЙР СУУРИЙГ ЭЗЭЛНЭ

Эдийн засагч, судлаач судлаач Ж.ДЭЛГЭРСАЙХАН: 

-“Оюутолгой” компанийн хамгийн гол төсөл бол гүний уурхайн олборлолт. Эдийн засагт өндөр үр өгөөжтэй. Хэдий “Оюутолгой” төсөлтэй холбоотой маргаантай олон асуудал яригддаг ч улсын эдийн засагт хувь нэмрээ оруулсаар байна. Иймд “Оюутолгой” компани гүний уурхайн олборлолт эхлүүлэх нээлтээ хийсэн, Монголын талд ашигтай гэрээ болсон зэрэг эерэг дүр зураг харагдаж байгаа нь эдийн засаг хямарсан хүнд үед маш чухал ач холбогдолтой. Монгол Улсын эдийн засгийн өсөлт уул уурхайн салбараас хамаарч байгаа энэ үед “Оюутолгой” компанийн гүний уурхайн олборлолт эхэлбэл өнөөгийн борлуулалт асар их нэмэгдэнэ. Урт хугацаандаа дэлхийн зах зээл дээр зэс өндөр үнэтэй байх таамаглалууд давамгайлж байгаа. Тиймээс гүнийн уурхайн олборлолтыг эхлүүлснээр эдийн засгийн өсөлтөд томоохон байр суурь эзлэх боломжтой.

Улсын эдийн засгийн өсөлт уул уурхайн салбараас хамаардаг тул гүнийн уурхайн олборлолтыг хөгжүүлж, бусад салбарын хөгжлийг дэмжихүйц бодлогыг хууль эрх зүйн орчин бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлбэл эдийн засаг найман хувийн өсөлттэй гарах бүрэн боломжтой.

Өнөөдрийн нөхцөлд уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн 20 гаруй хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлт “Оюутолгой” компанийн  гүнийн уурхайн  олборлолтыг эхлүүлснээр 30-аас дээш хувийг эзэлж болно. Цар тахал дэгдсэн уул уурхайн салбар уналтад орсон үед эдийн засгийн өсөлт,  бууралтын 50 гаруй хувийг энэ салбар тодорхойлж байсан.  Цаашид хөрөнгө оруулагч талтай гэрээгээ сайжруулах, Монголын талд ашигтай гэрээ байгуулсан нөхцөл байдлыг тогтвортой хадгалах, Монгол Улсын талд ирэх өрийг тооцох шаардлагатай. Бидний зүгээс гэрээтэй холбоотой эрсдэлүүдээ илүү анхаарах хэрэгтэй. Энэ бол хамгийн том эрсдэл.

ЭДИЙН ЗАСАГТ ШУУД БА ШУУД БУСААР ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ

Эдийн засагч, шинжлэх ухааны доктор Л.ОЮУН: 

-“Оюутолгой” компанийн гүний уурхайн олборлолт эхлэж, экспорт нэмэгдэхийн хэрээр ашигтай. Эдийн засагт шууд ба шууд бусаар эерэг нөлөө үзүүлнэ. Тухайлбал аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах байдлаар ажлын байр, борлуулалт нэмэгдэх зэргээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Мөн “Эрдэнэт” ТӨҮГ  иргэдийн цахилгаан, дулааны хэрэглээний төлбөрийг төлж байсантай адил  эдийн засаг руу олон шугамаар мөнгө урсч орж ирнэ. Ерөнхий дүр зургаар харвал  “Оюутолгой” компанийн гүний уурхайн олборлолт эхэлснээр эдийн засагт үр өгөөжөө өгөхөөс гадна бид ногдол ашиг авах хугацаа дөхөж байна. Харин  дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ ханш унах, техник технологийн эрсдэл зэрэг бүх эрсдлээ урьдчилан тооцож хамгаалах механизмаа бүрдүүлэх ёстой.

ЭДИЙН ЗАСАГ ӨСӨХИЙН ХЭРЭЭР ХЯМРАХ ЭРСДЭЛ НЬ ӨНДӨР

Эдийн засагч Г.РАГЧААСҮРЭН: 

-“Оюутолгой” компанийн үйл ажиллагаа илүү тэлэхийн хэрээр улсын төсвийн орлогыг бүрдүүлнэ гэсэн үг. Дотоодын худалдан авалт сайжирч эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нь харагдаж байна. Нөгөө талд, уул уурхайн салбар томрох тусам илүү их хамааралтай болно. Экспортын 90 гаруй хувийг байгалийн баялаг эзэлж байгаа нөхцөлд “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа томорсноор зэсийн үнээс хамааралтай болно. Гэтэл зэсийн үнэ үргэлж тогтмол байхгүй. Хэрэв зэсийн үнэт гэнэт огцом унавал эдийн засаг хямарна. Товчхондоо  “Оюутолгой” компанийн гүнийн уурхайн олборлолтыг дагаад эдийн засаг өсөхийн хэрээр түүхий эдийн үнээс хамаарч хямрах эрсдэлтэй. Уг нь эдийн засаг хямарсан үед Засгийн газар зардлаа нэмэгдүүлж хөрөнгө оруулж чаддаг мөчлөг сөрсөн бодлоготой эдийн засгийг бид хүсч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж