Мягмар гаригийн өглөөг "Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг санал нэгтэй баталсан сайн мэдээтэй угтлаа. Монгол Улсын эрдэс баялгийн салбарын түүхэн үйл явдлыг түүхэнд мөнхлөхөөр хэвлэл мэдээллийн салбарын 100 орчим төлөөлөгч “Баянгол” зочид буудлын өмнө эртлэн цугларч, автобусандаа суун, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг зорин хөдөллөө.
Ашиглалтад орсноос нь хойш анх удаа зочилсон “Чингис хаан” нисэх онгоцны буудал “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалтай харьцуулбал илүү өнгөлөг, гэрэл гэгээтэй, орчин үеийн болж өөрчлөгджээ. Гадаад нислэгийн танхим нэг дор хоёр, гурван онгоцны зорчигчдыг угтан авч, үднэ гэж бодоход арай “жижиг” санагдсаныг нуух юун.
Онгоц Өмнөговь аймгийн Ханбогд сум руу 11.00 цагт нисэх хуваарьтай, бид бүртгэлээ хийлгэж, хүлээлгийн танхим руу орлоо. Удалгүй Монголын агаарын тээврийн “МИАТ” ХК-ийн ОМ7071 дугаартай агаарын хөлөг “аялал”-даа гарав. Онгоцны багийн гишүүн чанга яригчаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид зорчин явааг дуулгаж, улмаар онгоц 52 минут орчмын дараа биднийг хүссэн газартаа хүрэхийг мэдээллээ. Цар тахал эхэлснээс хойш онгоцонд суугаагүй тул агаарын аялал “сонихон” байв. Нийслэлд энэ жил цас бага орсныг хэлэх үү. Орон нутагт чамлахааргүй их цас орсныг онгоцны цонхоор харж явах таатай байлаа.
Бидний суусан агаарын хөлөг удалгүй Ханбогдын нисэх онгоцны буудалд газардав. Тэнгэрт бүртийх ч үүлгүй, тэнд хаврын урь хэдийнэ оржээ. Агаар гэж эм. Хотын бид утаанд дарлуулсан уушгиа баярлуулж, хөдөөний эрүүл агаараар дүүргээд, хоёр автобусанд хуваагдан сууж, “Оюутолгой”-н ордыг чиглэн хөдөллөө. Тэндээс 40 км орчим яваад, Оюутолгой компанийн уурхайн цогцолборт хүрэв.
Дотогш орвол “Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааны нээлтийн ёслол” хэмээн монгол, англиар бичсэн самбарууд нүдэнд тод туссан юм. Дэлгэцээр Оюутолгой төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажил, амжилт бүтээлийн танилцуулгууд хөвөрнө. Танхимд цар тахлын халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зайг хатуу баримтлан байрлуулсан сандлууд дээр “Бид Оюутолгойнхон” гэж хэлэх шиг улбар шар, цагаан өнгө хосолсон хувцсаараа ижилссэн уурхайн дарга даамлууд, шилдэг ажилчид суужээ.
Хэвлэлийнхэн бид зохион байгуулагчдын зааварчилгаа ёсоор дүрс бичлэгийн камер, аппарат хэрэгслээ нээлтийн ёслолын тайзны өөдөөс харуулан байрлууллаа.
Үдийн 14.00 цагт Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааны нээлтийн ёслол эхэллээ. Энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Тогтохсүрэн, "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм, Зэсийн групийн захирал Б.Болд, "Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес нар болон бусад зочид, төлөөлөгчид оролцов.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүний уурхайн нээлтийн ёслолын эхэнд хэлсэн үгэндээ Монгол Улс Оюутолгойн ордыг гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам байсныг онцлон тэмдэглэсэн юм.
Мөн тэрбээр “Харамсалтай нь өнгөрсөн 13 жилийн хугацаанд Оюутолгой төсөл эхлэхэд анхлан тохирсон Монголын тал 53 хувь, хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэсэн эдийн засгийн тооцоолол алдагдаж, үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн нийт 2.3 тэрбум ам.долларын өрөнд орж, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсч, ногдол ашиг хэзээ ч авахааргүй нөхцөл байдал бий болсноор хөрөнгө оруулагч талд Монголын ард түмэн итгэл алдарч, урам хугарч, Оюутолгой төсөл зогсох хэмжээний улс төрийн эрсдэлд орсон нь бодит үнэн билээ.
Энэ нөхцөл байдлаас гарахын тулд 2019 онд “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 92-р тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын түр хороо, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцээр нэн амаргүй нөхцөлд үргэлжиллээ.
Өнөөдөр энэхүү хэлэлцээрийн эхний шатны үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүсэн 2.4 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюутолгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, монголчууд бид 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал буюу ТЭГ гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхэлж байна” гэв.
Энэ үеэр “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм “Хамтдаа хэлэлцэж ярилцсаны эцэст энд байгаа олон хүний хамтын хичээл зүтгэл, тусламж дэмжлэгийн үр дүнд бид Монгол Улсад чухал ач холбогдолтой асуудлаар урагш алхах замаа тодорхойлохын зэрэгцээ санал зөрөлдөөнтэй явж ирсэн олон асуудлаар шийдэл олсон. Улмаар “Оюутолгой” компанийн ТУЗ гүний уурхайн үйл ажиллагааг санал нэгтэйгээр эхлүүлэхийг зөвшөөрсөн. Оюутолгой бол дэлхийн хэмжээнд ус ашиглалт, дахин боловсруулалтын жишиг тогтоогч, Монголын 600 гаруй ханган нийлүүлэгчийн дэмжлэгтэй, нийт ажилтных нь 96 хувийг монголчууд бүрдүүлсэн уурхай юм. Өнөөдрийн арга хэмжээ Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хамтын үнэ цэн бий болгон, амжилттай ажиллаж чаддаг орон гэдгийг дэлхий дахинд харуулсан үйл явдал боллоо” гэж онцоллоо.
Оюутолгойн гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой юм.
Оюутолгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюутолгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Энэ хэмжээгээр Монгол Улсад төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарчээ.
Хэлэлцээрийн хүрээнд Оюутолгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгой дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, өнөөдөр жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх юм. Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болох билээ.
Түүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэх анхны тэсэлгээний командыг “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын хамт өгч, уурхайчид амжилттай гүйцэтгэв. Танхимд цугласан хүн бүр түүхэн энэ үйл явдлын гэрч болсондоо сэтгэл таатай байгаагаа илэрхийлж, гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны шанг татсан хамт олон, зочид төлөөлөгчдөд алга нижигнүүлэн ташиж, баяр хүргэв.
Энд бидний 100 жил ашиглахаар төлөвлөсөн Оюутолгойн ордыг нээн илрүүлсэн геологич Д.Гарамжавыг дурсах хүн олон байлаа. Тэрбээр 1983 онд анх Оюутолгойд очиж, Ханбогд суманд том хуйлрал илрүүлэн судалж байжээ. Улмаар Оюутолгойн зэсийн эрдэсжилтийн илэрцийг анх судалж, тэмдэглэсэн гавьяатан юм.
Дэлхийн хамгийн том ордыг нээсний үр дүнд тэрбээр 2004 онд хамтран зүтгэгч Чарли Форстер, Дуглас Кервин нарын хамт Тейер Линдслийн нэрэмжит олон улсын шилдэг нээлтийн шагнал хүртжээ.
Танхимд цугларсан хүмүүс дэлхийн хэмжээний энэхүү том төслийг эхлүүлсэн үе үеийн засгийн газар, УИХ-ын гишүүд болон гар бие оролцсон бусад хүмүүсийн гавьяаг дурдахаа ч мартаагүй юм.
Ёслолын ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Эрдэнэс Оюутолгой”-н Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат болон "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм, Зэсийн групийн захирал Б.Болд, "Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Тэд Оюутолгой төслийн үйл ажиллагаанд гар бие оролцож, санаа тавьж, сэтгэл зүрхээ зориулсаар ирсэн бүх хүнд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”-г ойлголцлын түвшинд хүргэх хамгийн чухал үүрэг хүлээсэн хүн бол “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Б.Болд. Тэрбээр “Монгол хүний хувьд сэтгэл догдолсон өдөр байлаа. Ялангуяа 14600 монголчууд маань гүний уурхайн түүхэн тэсэлгээгээр анхны олборлолтын ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болж байна. Энэ бол монгол ажилтнууд, гаднын мэргэжилтнүүд гээд асар олон хүний 10 гаруй жилийн нөр их хөдөлмөр. Тийм учраас сэтгэл их догдолж, маш их баяртай байна. Гэвч нөгөө талаас маш их хариуцлага ирж байна. Хэлсэндээ үнэнч байх, хийх ажлаа чанартай гүйцэтгэх, 2023 оны нэгдүгээр хагаст уурхайгаа бүтэн ашиглалтад оруулах ийм том хариуцлагатай мөч ирж байгаа учраас нөгөө талаас бас жаахан түгшүүр байна. Гэхдээ баярлаж буй нь их байна.
Өнгөрсөн хугацаанд Оюутолгой төслийн өгөөж маш олон хэлбэрээр орж ирсэн. Мэдээж АМНАТ, бусад төрлийн гааль, НӨАТ гээд. Өнөөдөр гэхэд Монгол Улсын 2021 оны төсвийн 20 хувийг Оюутолгой бүрдүүлсэн. Бараг 700-гаад сая ам.доллар. Энэ нь бараг хоёр их наяд төгрөг юм. Тиймээс Оюутолгой төсөл Монгол Улсад өгөөжөө өгч байна. Хоёрдугаарт, монгол мэргэжлийн боловсон хүчин дэлхийд гарч байна. Энэ уурхайгаас “Рио Тинто” дотор маш олон мэргэжлийн удирдах түвшний баг төрөн гарч байна. Мэдээж, манай ханган нийлүүлэгч нар байна. Та бүхэн бүгдээрээ мэдэх байх. Дэлхийн хэмжээний хөдөлмөр аюулгүй байдлын стандартыг Монголд нэвтрүүлсэн. Өнөөдөр талбай дээр явж байхад засварын ажилтан хүртэл гэрэлтдэг хувцас өмсдөг болсон байна. Хөдөлмөр аюулгүй байдлын наад захын дүрэм баримталдаг болсон байна. Энэ утгаараа Оюутолгойгоор дамжиж, дэлхийн соёл Монголд нэвтэрч байна.
Ашгийн тухайд ярихад, хөрөнгө оруулагч энэ төсөл рүү дандаа мөнгө оруулж байна. Өнөөдөр Оюутолгойгоос авсан ашиг байхгүй. Хөрөнгө оруулагч тал мөнгөө гаргаж, хийж яваа. Ил уурхай ашиглалтад ороод явж байна. Түүний хажуугаар маш их хөрөнгө оруулалт хийгдэж байгаа учраас түүнтэй холбогдуулаад, мөнгөний урсгалаа бодвол дандаа хасахтай яваа. Тэгэхээр ирээдүйд ашгаа яаж олох вэ гэхээр гүний уурхай дөрөв дахин өсөөд, борлуулалтын орлогоосоо зардлаа хасаад, хангалттай ашиг үлдэнэ гэж бодож байна. Мэдээж үлдэх учраас л энэ хөрөнгө оруулалтыг хийж байгаа шүү дээ. Ямар ч хөрөнгө оруулагч ашиггүй бизнест хөрөнгө оруулна гэж байхгүй. Анхны тооцоолсноос хөрөнгө оруулагчийн ашиг буурсан. Монголын засгийн газрын хувьд ч гэсэн. Монголын талын өгөөжийг харвал сүүлийн арван жилд 3.8 тэрбум ам.долларыг Монгол Улсад эдийн засгийн шууд тавтараар төлсөн. Энэ бүхнээр багш, эмч нарын цалин, та бидний хүүхдийн сургуулийн зардал зэрэг зүйлүүдийг санхүүжүүлж байгаа учраас Монголд өгөөжтэй” гэв.
Ийнхүү Оюутолгойн гүний уурхайн огтлох малтлагын гараа амжилттай эхэлж, энэхүү түүхэн үйл ажиллагааны гэрчүүд болсон зочид, төлөөлөгчид, уурхайчид зураг авахуулснаар, ёслолын ажиллагаа өндөрлөсөн юм.
Монгол Улсын эрдэс баялгийн салбарын түүхэн үйл явдлын гэрч болсон бидний Ханбогдод саатсан хагас өдрийн “аялал” өндөрлөж, автобусандаа суун, нисэх онгоцны буудалд очив. Улмаар МИАТ компанийн н.Лхамсүрэн ахлагчтай ОМ7072 дугаартай агаарын хөлгөөр зорчин, улсын нийслэлдээ газардлаа.
Бид Хөшигийн хөндийд хүргээд, үлдсэн хоёр автобусандаа хуваагдан сууж, хотын стресст амьдралдаа шилжив. Ай, утаат Улаанбаатар минь, бачимдам их түгжрэл минь.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ