ЗГ: 1-3 ангийн сурагчид хичээлийн хоцрогдол ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2022.01.26-нд нийтлэгдсэн

ЗГ: 1-3 ангийн сурагчид хичээлийн хоцрогдол ихтэй байна

ЗГ: 1-3 ангийн сурагчид хичээлийн хоцрогдол ихтэй байна

НЭМЭЛТ:

Цар тахлын халдварын шинээр илрэх тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тул сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах саналыг Эрдэмтдийн зөвлөлөөс танилцуулсан. Засгийн газрын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлж, хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэхээр болжээ. Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар хичээлийн сурагчид 60 хувьтай байгаа бөгөөд тэр дундаа 1-3 ангийн сурагчид хоцрогдол ихтэй байна гэдгийг салбарын сайд Л.Энх-Амгалан онцлов.

"МОНГОЛЫН УР ЧАДВАРТАЙ БАГШ НАРЫН ХИЧЭЭЛИЙГ ХУДАЛДАН АВНА"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Нэг өдөр болтугай танхимаар хичээллэх боломж олгох ёстой гэж харж байна. Иймд, ирэх сарын 14-нөөс хичээлийг эхлүүлж, цахим, танхим хослуулж, хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлнэ. Омикроны оргил үе таарч байгаа учраас бид нэг долоо хоног сунгах шаардлагатай болж байна. Хэрэв хичээл сургуулийг нээхийг хүсч байгаа бол цагаан сарыг гэр бүлийн орчинд тэмдэглэхийг уриалъя. Их дээд сургууль, МСҮТ-ийн хичээл хоёрдугаар сарын 7-нд цахимаар эхэлнэ.  Хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэнэ. Цэцэрлэг өнөөдөр ч гэсэн нээлттэй байгаа. Цаашдаа хоёрдугаар сарын 14-нөөс эхлээд 3-5 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулна. Одоо бид хичээл бүрээр хоцрогдлоо нөхөхөөр төлөвлөж байна. Энэ хүрээнд Монголын ур чадвартай, туршлагатай багш нарын хичээлийг худалдан авч medlee.mn вэб сайтад байршуулна. Сурагчид цахимаар дуртай хичээлээ заалгах боломж олгож байгаа. Хөдөө орон нутагт цахим хичээлийн хүртээмж муу байгаа учраас 45 лаборатори сургуулиа түшиглэн цахим хичээлийг бэлтгэх, видео студи байгуулсан.

"БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙН ТЭЗҮ-Г БАТАЛГААЖУУЛЖ, ҮНДСЭН АЖИЛДАА ОРНО"

Шадар сайд С.Амарсайхан:

-Засгийн газар байгалийн хийн хоолойн ТЭЗҮ батлагдсаныг хүлээн зөвшөөрч, 2023 болон 2024 он хүртэл дараагийн шатны ажлын зургийг хийж боловсруулах, цаг алдалгүй ажиллах үүрэг даалгаврыг өглөө. Цар тахлын үед хоёр талын ажлын хэсэг гурван удаа уулзаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Тэр дагуу ТЭЗҮ арванхоёрдугаар сарын 25-ны өдөр дууссан. Цаашдаа ажил эрчимтэй үргэлжилнэ. Төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, ТЭЗҮ-г баталгаажуулсан тул үндсэн ажилдаа орно. ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Ши Жинпинь дарга нартай Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрөгч долдугаар сард утсаар ярихдаа санал солилцсон. Хоёр улсын төрийн тэргүүн ажлыг эрчимжүүлэх саналыг нааштай хүлээн авсан. Мөн хамтын ажиллагааны хүрээнд бүс нутгийн хүрээнд Монгол Улсын үүрэг оролцоо нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Бид 2024 он хүртэл төслийн бэлтгэл ажил хийнэ. 2024-2027 оны хооронд бүтээн байгуулалтын ажил хийж дуусна гэсэн урьдчилсан төлөвтэй байгаа. Монгол Улс хийн хэрэглээ хэвшсэн улс биш учраас ойрын хугацаанд хэрэгцээ шаардлагатай хийн хэрэглээг хангах, хийн хэрэглээнд аажмаар шилжих суурийг тавих үүднээс эхний ээлжид дотоодын эрчим хүчний хэрэгцээг хангах 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломж байна гэж үзэж байна. Шинээр бий болох хот суурин газруудынхаа хэрэглээг хий рүү шилжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах, аж үйлдвэрийн хэрэглээнд хийн хэрэглээг нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Тооцоо судалгаа Эрчим хүчний яаманд хийж байна. Тоо судалгааны дууссаны дараа ОХУ-ын талд хүргүүлж аль чиглэлээр нь ямар үе шаттай эхлүүлэхээ эцэслэнэ. Хийн хоолой тавигдсанаар хэрэглээгээ хангах гаргалгаа гаргах урьдчилж яригдаж, хоёр тал зөвшилцсөн.Төмөр зам дагасан хот суурин газрыг хийгээр хангахаар ярилцаж байна.

"ОЮУТОЛГОЙ" КОМПАНИТАЙ 20 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ БАЙГУУЛСАН"

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

-Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн эрчим, хүчний хэрэглээг дотоодоос хангах ажлын хэсгээс оруулсан гэрээний төслийг хэлэлцэж дэмжлээ. Гэрээний төсөл дэмжигдсэн учир бид өнөөдөр "Оюутолгой" компанитай ярьж, 16.00 цагт Эрчим хүчний яаманд "Оюутолгой"-н цахилгаан эрчим хүчний үнэлгээг дотоодоос хангах, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг албажуулахаар тохироод байна. Уг гэрээ албажвал дор хаяж жилдээ Хятадаас импортоор авч буй "Оюутолгой"-н цахилгаан эрчим хүчний төлбөр 120 сая ам.доллартой тэнцэхүйц борлуулалтыг Монгол Улсын эрчим хүчний салбарт авч үлдэх боломж бүрдэнэ. Гэрээний хэлцлийг хоёр ажлын хэсэг багагүй хугацаанд хэлэлцсэн. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах, дэмжлэг боллоо гэж үзэж байна.

Гэрээг 20 жилийн хугацаатай байгуулсан. Нэгж бүтээгдэхүүний үнийг эцэслэн тогтоосон. Гэрээнд нэр дурдсан тоон үзүүлэлтийг тогтоож чадсанаар Монголын эрчим хүчний салбарт санхүүгийн дэмжлэг болохоор тоон үзүүлэлт болсон. Оюутолгой өнөөдөр 170 мегаватт буюу жилд дунджаар 1.3 тэрбум кв/цаг эрчим хүчийг худалдан авч хэрэгцээгээ хангаж байна.

ЗГ: ХӨГЖЛИЙН БАНКНААС ОЛГОСОН ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛНЭ

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр /2022.01.26/ сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх эсэхийг шийдвэрлэх юм. Тодруулбал, халдварын шинээр илрэх тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тул сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах саналыг Эрдэмтдийн зөвлөлөөс танилцуулсан. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Эрдэмтдийн зөвлөл зэрэг байгууллага өөрсдийн санал, үндэслэлүүдийг боловсруулснаар Улсын Онцгой комисст хүргүүлжээ. 

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Ээлжит хуралдаанаар,
• Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
• Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
• Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар,
• Алтны төслүүдийг эрчимжүүлэх талаар,
• Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар зэрэг 30 гаруй асуудлаар хэлэлцэж, танилцахаар төлөвлөөд байна.

Эргэн сануулахад, өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчны сайд асан Н.Уртнасанг чөлөөлж, зарим яам, агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог хийсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж