Энэ долоо хоногийн VS буландаа Сангийн сайд болон УИХ-ын дарга Г.Занданшатарын тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Инфляци 13.4 хувьд хүрч иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа энэ цаг үед өндөр настнуудын тэтгэврийн хүрэлцээ анхаарал татахуйц асуудлын нэг болоод буй. Сангийн сайдын зүгээс хүүхдийн мөнгө, тэтгэмжийг хасвал тэтгэвэр нэмэх боломжтойг хэлсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийг 2022 онд багтаан нэмэгдүүлэхээр судалгаа хийж байгаа гэсэн юм.
Г.Занданшатар
УИХ-ын дарга
-Ирэх 2022 он бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтуудаа хэрэгжүүлэх хамгийн чухал цаг хугацаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд хийх эрх зүйн шинэтгэлд ч шинэ он чухал байр суурь эзэлнэ. Иймд эдийн засаг, нийгэм, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газар онцгой анхаарч, нэг зүгт, нэг байр сууринаас, идэвх санаачлагатай хандах зүй ёсны шаардлага тулгарч байна. Гадаад, дотоодын төдийгүй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үнийн өсөлт суурь шинжтэй болсноор дэлхийн олон оронд хямралын байдал үүсгэж байна. Ийм хүнд цаг үед УИХ, Засгийн газар нягт хамтран ажиллаж, хүндрэлийг даван туулахын төлөө, иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах, тэтгэвэр тэтгэмжийг боломжит түвшинд нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийж ажиллаж байна.
Б.Жавхлан
Сангийн сайд
-2022 оны төсвийн гүйцэтгэл, эдийн засгийн амьдралын өрнөлд чанга сорилт дагуулсан жил болохоор байна. Өнгөрсөн оны эцсээр батлагдсан шинэ сэргэлтийн бодлого бол дунд, урт хугацааны томоохон зорилт тавьсан эдийн засгийн цогц бодлогын арга хэмжээ юм. Ойрын хугацаанд Covid-19-ийн үеийн "шок"-ноос гарах нь дэлхийн улс орнуудын тулгамдсан зорилго болоод байна. Тэр ч утгаараа Covid-19 бол нэг улсын инфляци гэж байдаггүйг харуулж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн инфляци л гэж байгааг харуулж байгаа юм. Гадаадаас бараа авахад, импортлоход ч инфляци яригдаж байна. Энэ үед эдийн засгаа хумьж биш, тэлж байж хүндрэлийг даван туулах бодлоготой ажиллана.
Төсвийн тодотголыг хуулийн хүрээнд тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд хийнэ. Харин тэтгэвэр, тэтгэмж нэмэх эсэх тухайд халамжийн бодлоготой уялдуулж явна. Өмнө нь жилд тэтгэврийг найм хүртэлх хувиар нэмдэг байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэтгэвэр гэхээс илүүтэй тэтгэмж, хүүхдийн мөнгө зэргийг наймаас илүү хувиар нэмсэн. Тэгэхээр цаашид Цар тахлын хуулийн хугацаа дуусч, тэтгэмжүүдийн нэмэгдлийг хэвэнд нь оруулахаар тэтгэвэр нэмэх тухай ярина. Тухайлбал, нийгмийн даатгалын бодлого дотор тэтгэврийн зөрүү арилгах асуудлыг төсвийн боломжийн түвшинд судлаад явна. Мөн инфляцитай уялдуулж тэтгэвэр нэмэх зайлшгүй шаардлага ч үүснэ. Тэгэхээр тухай бүрд нь төсвийн боломжид тохируулан судална.
Холбоотой мэдээ