Халдвараас сэргийлэх дэглэм баримталж, цагаан сарыг цомхон тэмдэглэх уриалга гаргасан. Гэсэн ч цар тахлыг үл ойшоож, халдварын тархалтыг үл тоомсорлосон залуус баар, цэнгээний газарт олноор үйлчлүүлж байна. Тиймээс цар тахлын халдварын тархалт хүрээгээ тэлж, насны хувьд ч залуужиж байгааг албаныхан мэдээлж буй.
Тоон статистикаас харвал, сүүлийн долоо хоногт нийт 18 мянга 978 шинжилгээний хариу батлагджээ. Эдгээрийн дийлэнх нь залуус байгаа нь харамсалтай. Цаашид энэ тоо хэд дахин өснө гэдгийг эмч нар хэлж байгаа.
Хэдийгээр архаг хууч өвчингүй ч Covid-19-ийн омикрон хувилбар балархай шинж тэмдэгтэй байгаа учраас биеийн байдал хүндэрсний дараа мэдэх тохиолдол цөөнгүй гарч байна. Тэгэхлээр цар тахлын эрсдэл өндөр болсон энэ үед аливаа олон нийтийн үйл ажиллагаа, баар, ресторанд олон цаг хүний бөөгнөрөл үүсгэж үйлчлүүлэх нь өөртөө болон бусдад эрсдэл учруулж буй хэлбэр. Тархалтын өндөр эрсдэлтэй үед Улсын Онцгой комиссын шуурхай штаб, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг гарч иргэдийн гомдлын дагуу зарим баар, ресторанд шалгалт тогтмол хийж байгаа ч аж ахуй нэгжийг 100 хувь буруутгах боломжгүй. Үйлчилгээний байгууллага мэдээж ашиг олохыг эрмэлзэх нь тодорхой. Тэгэхлээр баар, ресторанаар үйлчлүүлэх иргэд өөрсдөдөө л хяналт тавих нь зөв юм.
Covid-19-тэй холбоотойгоор бэлэн байдлын дэглэм зөрчиж, үйлчлүүлэгчдийн тоо хэтрүүлсэн, ажилчид нь вакцины бүрэн тунд хамрагдаагүй зэрэг зөрчилд хариуцсан мэргэжилтнүүд зөрчлийн хэрэг үүсгэж, торгожээ. Энэ бол өдөрт олж буй ашгийн 10 хүрэхгүй хувь. Тиймээс аж ахуй нэгжүүд торгууль ногдуулсан ч түүнийг төлөөд л маргааш нь ажиллана.
Энэ тохиолдолд иргэдийн сонголт хамгийн чухал. Учир нь халдварын тархалт өдөр ирэх бүрд нэмэгдэж, омикрон хувилбар буюу дотоодод дөрөвдүгээр давалгааны оргил үе ирж байна. Эрсдэл нэмэгдэж, анхааруулга дохиог өгөөд байгаа ч үүнийг тоох хүн тун ховор болжээ. Нэг талаар УОК, эрдэмтдийн зөвлөл, ХӨСҮТ, ЭМЯ-ны албан мэдэгдэлд хүмүүс дөжирсөн гэж хэлж болно. Нөгөө талаар хорионд хангалттай урт хугацааг зарцуулсан иргэд одоо хангалттай гэх хандлагыг ч гаргаж байгаа. Аль нь ч бай өнөөгийн нөхцөл байдалд хувийн халдвар хамгаалалтын дэглэм баримтлах гэдэг юу юунаас илүү анхаарах сэдэв. Ариун цэврийн шаардлага хангаагүй, зай талбай бага, халдвар тархах эрсдэл өндөр газраар үйлчлүүлэх эсэх нь тухайн хүний эрх. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр ямагт хязгаарлагддаг хуультай. Бид ийм нийгэмд амьдарч байгаа учраас өөрийгөө, хайртай гэр бүлийнхнээ эрсдэлээс хамгаалахын тулд олон нийтээс аль болох өөрийгөө тусгаарлах шаардлага гарч байна.
Халдварт өвчинг хаанаас, хэнээс ч амьсгалын замаар авах боломжтой. Тийм учраас иргэд баар, цэнгээний газар буюу олон хүнтэй битүү орчноос татгалзах нь зүйтэй юм.
Улсын онцгой комиссоос аж ахуй нэгжүүд 00.00 цаг хүртэл ажиллах зохицуулалтыг хийсэн. Үүнтэй холбоотойгоор үйлчилгээний байгууллагуудад халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа юм. Тиймээс баар, караоке, ресторанаар үйлчлүүлэх иргэд заавал гуравдугаар тунд хамрагдсан, эсвэл өвдөөд эдгэрсэн бол нотлох бичиг баримтыг харж нэвтрүүлэхээр болсон. Гэвч бодит нөхцөл байдал дээр энэ бол "үлгэр".
Бааранд орох гэж байгаа хүмүүсээс эхний ээлжид вакцины гэрчилгээ шалгаж байсан бол он гарснаас хойш шалгахаа больсон байна. Энэ мөн л ашиг олохтой холбоотой цуцалсан шийдвэр.
Хэрэгждэггүй, хянадаггүй цаасан дээрх ажил хэргийн явц нь өнөөдөр халдварын тархалтыг нэмэх гол суурь болсон. Шаардлага тавьсан иргэдийг хааж, шалтгаан нөхцөлдөө албан хаагчид хариу тайлбараар яаж ийж байгаад л гаргалгаатай залруулга хийгээд мартуулна. Цар тахлын өвчлөл нэмэгдэж, нас нь улам залуужиж байна. Уг нь хичээл, сургууль амарсан үед хүүхэд, оюутан залуусын өвчлөл буурах ёстой. Тиймээс иргэдийн ухамсарт сануулга өгч, баар, рестораны халдвар хамгаалалтад анхаарах шаардлагатай байна.
Холбоотой мэдээ