Дундад зууны үеийн Литвын Гүнт улсын хот байсан, одоо Оростой хиллэдэг Беларусийн нэг хэсэг, Днепр мөрний эрэгт орших эртний Могилёвд Хятадын шоронтой холбогдох албан хөдөлмөрийн хүнд сэдэв цээжиндээ тээсэн нэгэн эр бий. Дима Сиакатский Шанхайн Чингпү шоронгоос суллагдсаны дараа нутагтаа буцан ирж, гадаад хоригдлууд Хятадад брэндүүдийн бараа савлаж, албадан хөдөлмөр эрхэлж буйг дэлхий нийтэд дэлгэсэн юм. Хятадад гадаадын иргэд олон төрлийн шалтгаанаар шоронд ордог. Сиакатский буцаж ирээд, хэдэн сарын дараа Могилёв дахь гэртээ ярилцлага өгсөн юм. Тэрбээр "Tesco" супермаркет сүлжээнд зориулж хийсэн Христийн мэндэлсний баярын картыг гаргаж ирээд дэлгэц рүү даллан "Чингпү шоронгийн хоригдлууд эдгээр картыг савлаж байсныг нотлох баримт энд байна" гэж хэлжээ. "Би зарим картыг хадгалж, нотлох баримт болгон аваад гарсан" гэв.
Сиакатский шоронд байх хугацаагаа дурсах ба 2019 оны зул сарын баяраар Чингпү шоронд нэгэн хоригдолтой зодоон хийснээ ярилаа. Тухайн үед дотроо бачууран тус хоригдлын толгой дээр халуун хоол асган баярлаж, хэсэг ч болов сэтгэлд хурсан хилэнгээ гаргаж байсан гэжээ. Түүнийг хамгаалагчид “Гадаад хүн өдөөн хатгасан” гэж 80 хоногийн турш харанхуй өрөөнд ганцааранг нь хорьж байсан гэв. Үнэн хэрэгтээ, Хятадын шоронд ази бус хүмүүс ад үзэгддэг учир зодоон болох нь олон байсан. Мөн хамгаалагчид гадаад хүнд бурууг тохох нь элбэг гэлээ.
Сиакатский албан хөдөлмөр эрхлүүлэхэд хамтран ажилладаг хоригдолтой зодолдож байжээ. Учир нь "Tesco" супермаркетийн зул сарын баярын мэндчилгээн дунд “Туслаач” гэх нууц мессеж бичсэн картыг Англи дахь бяцхан охин санамсаргүйгээр олж, хэргийг олон нийтэд ил болгосон нь Чингпү шоронгийн удирдлагуудын чихэнд хүрсэн байв. 2019 онд Лондонгийн зургаан настай охин Флоренс Виддикомб Их Британийн супермаркетуудад байрлах зул сарын баярын буяны картын дундаас Шанхайн хоригдлуудын цөхрөнгөө барсан мессежийг олж харсан байв. Охины нээлт дэлхий нийтийг цочроосон байна. "Quaker" овьёосны будаа савлаж байсан хоригдлуудын түүх ч ил болов. Тухайн үед Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Бээжингийн гадаад хэргийн яамнаас уг мэдээллийг няцааж байсан бөгөөд CGTN-ийн 30 минутын нэвтрүүлэгт тус хэргийг сурвалжилж байсан сэтгүүлчдийг гүтгэж, буруушааж байжээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уг хэргийг сурвалжилж байсан Питер Хамфри 2019 оны арванхоёрдугаар сарын 22-нд ""Sunday Times" сонинд бичсэн нийтлэлээрээ Хятадын шоронгийн амьдралыг ил болгожээ. Харин Хятадын Засгийн газраас "Tesco" зул сарын картын хэрэгт оролцоогүй, шинэхэн гадаад хоригдлуудыг аврал ирсэн мессежийн тухай телевизийн сүлжээнд няцаахгүй бол хорих ангийн амьдралыг чинь хэцүү болгоно гэж сүрдүүлжээ.
Одоо тавилгын худалдаа эрхлэх болсон Сиакатский “Харгалзагч нар хэдэн арван телевизийг хорих ангид авчран, ширээн дээр сайхан хоол тавьж, хоригдлуудыг маш сайн асардаг мэт дүр үзүүлэхийг шаарддаг байсан” гэв. Эс бөгөөс хүнд шийтгэлтэй. Тус шийтгэл нь харанхуй өрөөнд хоол ундгүй хорьж, хүчээр хүнд ажил хийлгэх байв. Нэг удаа, телевиз ирж бичлэг хийх үед Сиакатский сурвалжлагч эмэгтэйд “Энэ бүх зүйлс худлаа, биднийг хоол ундгүй, албадан хөдөлмөр эрхлүүлдэг. Баримт нь энд байна” гэж зул сарын картыг үзүүлж байв. Гэвч өөрийн эх орноо доош хийх сонирхолгүй сурвалжлагч үл тоож, шоронгийн харгалзагчид хэлсэн байжээ. Харгалзагч мэдсэн даруй бүх баримтыг устгахыг тушаасан байдаг.
Сиакатский шоронд байх хугацаандаа өөр бусад гадаад иргэд ихэвчлэн хэлмэгдүүлсэн, удирдагчдыг доромжилсон гэх шалтгаанаар Чингпү дахь хорих ангид ирснийг мэджээ. Гэхдээ жинхэнэ хэрэг хийсэн этгээдүүд бас байсан ба тэднийг ихэвчлэн хуурамч шоронгийн сурталчилгаанд тоглуулдаг байж. Учир нь сайн жүжиглэх тусам шоронгийн амьдрал нь хялбар болно.
Чингпү шоронгийн бас нэгэн худал суртал ухуулга нь хөдөлмөр эрхэлж буй хоригдол тодорхой цалин хөлс авдаг гэх. Шоронгийн даргын хэлснээр нэг сарын ажлын хөлс нь 120 юань. Мөн бүх хоригдол ажил хийх албагүй бөгөөд хүссэн нэг нь цалинтай хоригдох боломжтой гэлээ. Гэвч цалин байтугай унтах давхар хөнжилтэйг үгүйсгэсэн Итали болон Бурундийн хоригдлуудад шоронгийн удирдах алба хатуу шийтгэл оноож байсан гэв. Тус шийтгэл чухам ямар байсныг сонсохоос ч аймшигтай гэж Сиакатский хэлжээ. Хэдэн долоо хоногийн дараа дахин телевиз ирсэн бөгөөд Итали болон Бурундийн хоригдлууд ханз бичиг сурч байгаа мэт жүжиглэсэн байна.
Хятадын шоронгийн системд албадан хөдөлмөр эрхлүүлэх нь үнэндээ хэвийн үзэгдэл юм. Сурвалжлагч Хамфри 2013-2014 онд Шанхайн урьдчилан хорих төвд зочилжээ. Тухайн үед гаднын сэтгүүлч ирэх сургаар тэд үйлдвэрлэлийн хороог татан буулгаж, зул сарын гацуурын гэрлийг экспортод гаргахыг зогсоосон байна. Гэхдээ олон мянган хоригдол өдөр бүр "Adidas", "Nike", "H&M" зэрэг алдартай шошго, электрон эд ангиудад зориулж нэхмэл эдлэл хийдэг шоронгийн үйлдвэр рүү цэргийн хэв маягаар жагсч орохыг харснаа сэтгүүлч Хамфри "Diplomat" сайтад бичжээ.
Хамфри нийтлэлдээ хоригдлуудын шийтгэл чухам юу байдгийг тусгажээ. Хэрэв шоронгийн удирдлагын үгэнд орохгүй буюу хүчээр албадан хөдөлмөр эрхлэхгүй бол ялын хугацааг тодорхой бус шалтгаанаар нэмдэг, хоол хасч, гэр бүлийн гишүүдтэйгээ холбоо барих боломжийг хаадаг, чөлөөт цагаараа салхилж болдоггүй гэх ба хамгийн хэцүү нь хүчирхийллийн бай болдог байна. Хүчирхийлэл нь хоригдлууд, шоронгийн захиргаанаас зэрэг олон замаар ирдэг байна.
Түүнчлэн Шинжаанд хоригдож буй уйгарууд зөвхөн албадан хөдөлмөрийн золиос болдог гэх буруу ойлголт бий. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд коммунист намын бүс нутагт явуулж буй хоморголон устгах бодлогын хүрээнд хөвөнгийн ферм, нэхмэлийн үйлдвэрт албадан хөдөлмөр эрхлүүлж буйг сайн мэднэ. Гэхдээ уг үйлдэл зөвхөн уйгаруудад нөлөөлдөггүй. Албадан хөдөлмөр нь үнэндээ Хятадын бүх шоронгийн системд өргөн тархсан бөгөөд олон сая хоригдол хүнлэг бус хүчирхийлэл дунд хоног тоолон сууж байна.
Дэлхий дахинд аврал ирсэн мессэж нэг бус нэлээд ил болсны нэг жишээг энэхүү нийтлэлд дурдлаа. Сэтгүүлч Хамфри шоронгийн хоригдлуудын хөдөлмөрийг мөлжиж буй дарга нарыг өөрийн нүдээрээ харсан ба тэр нь Хятадын шоронгийн наймдугаар бригадын дарга юм. Тэрбээр сав баглаа боодол зэргийг хоригдлуудаар хийлгэж, олсон ашгаар нь Фижид амардаг гэнэ. Хамфри "Олон улсын хүний эрхийн "Эмнести Интернэшнл", "Хүний эрхийн ажиглалт", "Интеррайтс", НҮБ-ын дээд комисс зэрэг байгууллагууд Хятадын эсрэг илүү түрэмгий арга хэмжээ авна гэж найдаж байна" гэж уриалга гаргаад байгаа билээ.
Эх сурвалж: DIPLOMAT, PETER HUMPHREY
Холбоотой мэдээ