Эхний тэсэлгээ ба эцсийн сануулга!

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

Эхний тэсэлгээ ба эцсийн сануулга!

Эхний тэсэлгээ ба эцсийн сануулга!

Удтал маргалдсан талууд хэрүүлдээ цэг тавьж, бизнесийн хамтрагчдын хувьд дараагийн шинэ алхам руугаа орж байна. Мэдээж, энэ үйл явдал  “Рио-Тинто”-д ч, Монголд ч ашигтай.

“Оюутолгой” компани гүний уурхайн олборлолтынхоо анхны тэсэлгээг хийлээ. Энэ тэсэлгээ Монголын эдийн засагт тэсрэлт авчрах болтугай гэж ерөөх нь зөв байх. Ямар ч байсан эцсийн чармайлт гаргаж, итгэл хүлээлгэж байгаагаа  “Оюутолгой”-н түүхэн ёслолд урилгаар оролцож буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлжээ.

Ерөнхий сайдын хэлсэн үгнээс хэд хэдэн эшлэл хүргэе.

-Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой.

-“Оюутолгой”-н бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд 5 орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюутолгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

-Улсад төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байна.

-Тавантолгой дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, өнөөдөр жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх болно.

-Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байна.

Саяхан, хөөх, туухдаа тулж байсныг бодвол  талууд нэг завин дээр суусан нь гадаадад сайн мэдээ болж хүрэх нь тодорхой. Нөгөө талаар “Рио Тинто” ч монголчуудтай ойлголцох ашиг сонирхол нэн их байсан ч байх.

“Хамтдаа хэлэлцэж ярилцсаны эцэст санал зөрөлдөөнтэй явж ирсэн олон асуудлаар шийдэл олсон. Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хамтын үнэ цэн бий болгон, амжилттай ажиллаж чаддаг орон гэдгийг дэлхий дахинд харуулсан үйл явдал боллоо гэдгийг онцоллоо". Энэ бол хөрөнгө оруулагч талын, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын байр суурь.

Монгол Улс анх удаа бие дааж, гуравдагч орны том хөрөнгө оруулалтыг татсан нь Оюутолгой юм.  2009 онд С.Баярын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталсан цагаас хойш хэрүүлийн алим болсон 34 хувьд ногдох өр, төлбөрийг шинэ оны өмнөхөн эцэслэж, “Рио Тинто” компани Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тавьсан өмнө үүссэн 2.3, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларыг өрийг тэглэх саналыг хүлээж авсан юм.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр цаг хугацаандаа ашиглалтад оруулах даалгаврыг УИХ-аас “Рио Тинто” компанид өгсөн.  Өөрөөр хэлбэл, шинэ оны өмнөхөн УИХ-аас баталсан 103 тогтоолын хүрээнд 2023 оны эхний улиралд Оюутолгойн гүний уурхай бүрэн ашиглалтад оруулахаар талууд харилцан тохирсон юм. Тохиролцоондоо хүрэх ёстойг Ерөнхий сайд хөрөнгө оруулагчдад ахин, дахин сануулж, ахиад итгэл хүлээлгэхгүй шүү гэсэн анхааруулга өгсөн нь “Оюутолгойн Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж байгаа энэ өдөр бол Хөрөнгө оруулагч талд дахин итгэл хүлээлгэж буй Монголын ард түмний чин эрмэлзэл, магадгүй сүүлчийн найдлага гэдгийг миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдээ төлөөлөн та бүхэнд илэрхийлж байна".

Оюутолгой ордын нийт нөөцийн 80 хувь нь газрын гүнд оршдог.  Тиймээс далд уурхайн олборлолтыг эхлүүлэхийн тулд  6.1 километр урттай таван босоо амаар нэвтрэлт хийж, газрын гадаргуугаас 1.3 километр гүнд 203 километр урт хонгил барихын зэрэгцээ хүдэр бутлах, тээвэрлэх дэд бүтэц, байгууламжуудыг барьж ашиглалтад оруулах юм.

Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улсын дэлхийн тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болно.  Нэг үгээр хэлбэл, зэсийн том тоглогч болно гэсэн үг.

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгээс гаргасан судалгаанаас харахад “Оюутолгой” төсөл хэрэгжсэнээр 2009-2017 онд Монгол Улсын экспорт 3.2 дахин нэмэгдсэний дотор зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 2.46 дахин, үнийн дүн 3 дахин өссөн байна..

Уул уурхайн салбрын мэргэжилтэй ажилчдын 32.6 хувийг Оюутолгой компани бэлтгэж, үүнд 26.6 сая ам.доллар зарцуулсан байна. Тус компани 2010-2021 онд  13.4 тэрбум ам.доллар буюу 29 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн агаад өнгөрсөн 2021 онд татвар, хураамж, бусад төлбөрт 681 сая ам.доллар улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.  “Оюутолгой” төслийн бодит худалдан авалт 1%-аар нэмэгдэхэд Монгол Улсын татварын бодит орлого 0.47 хувиар, харин бодит ДНБ дунджаар 0.034 хувиар тус тус өсөхөөр байгааг уг судалгаанд тодотгосон байна.

Мэдээж, 2009 онд С.Баяр, С.Баярцогт нар хожмын нэг өдөр шоронд суухаа мэдсэнсэн бол энэ төсөл хөдлөхгүй байж болох байв. Гэвч, тэд Оюутолгой гэрээг баталсандаа харамсдаггүй, үргэлж бахархаж явдгаа ч хэлдэг.  2015 онд Ч.Сайханбилэг “интерполоор эрэн сурвалжлагдах”-аа тооцсон бол өнөөдөр гүний уурхайн анхны тэсэлгээгээ хийхгүй байлаа. Тиймээс “Оюутолгой”-н гэрээ байгуулсан, далд уурайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан, 34 хувьд оногдох өр төлбөрийг тэглүүлсэн бүхэн бүгд Монголын төлөө гэдэг нь нэн ойлгомжтой.

Ямар ч байсан Оюутолгойн шинэ цикл эхэллээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
27
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж