Монголд нарны хагас, сарны бүтэн хиртэлт ажиглагдана

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

Монголд нарны хагас, сарны бүтэн хиртэлт ажиглагдана

Монголд нарны хагас, сарны бүтэн хиртэлт ажиглагдана

2022 онд нар, сарны хиртэлт хэдэн удаа болох Монголд хэрхэн ажиглагдах талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн доктор Д.Батмөнхөөс тодрууллаа.


-Энэ онд хэчнээн удаагийн нар, сарны хиртэлт болох вэ. Монголд хэрхэн ажиглагдах вэ?

-2022 онд нарны хиртэлт хоёр удаа тохионо. Эхний нарны хагас хиртэлт дөрөвдүгээр сарын 30-нд болно. Энэхүү хиртэлт нь Антарктид, Өмнөд Америк болон Номхон далай зэрэг газруудаар ажиглагдана. Хиртэлтийн хамгийн их оргил үе Өмнөд Америкийн өмнөд хэсэгт ажиглагдах ба магнитуд нь 0.64 байна. Нийт   дөрвөн цаг орчим үргэлжилнэ. Монгол Улсад ажиглагдахгүй.

Энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд тохиох нарны хагас хиртэлтийн ажиглагдах байдал, холбогдох тоон үзүүлэлтүүд (NASA-аас гаргасан тооцоолол)

Оны дараагийн хиртэлт аравдугаар сарын 25-нд болно. Европ, Африкийн зүүн хойд хэсэг, Ойрх Дорнод болон Ази тивийн баруун хэсгээр ажиглагдана. Манай орны баруун хэсэг болох Ховд, Баян-өлгий, Увс аймгуудын нутгаар Нар шингэх ойртсон үед ажиглагдана. Эдгээр аймгийн нутгаар хэрхэн ажиглагдах тоон мэдээллийг  Улаанбаатарын цагаар гаргасан. Тухайлбал, Ховд аймагт нарны хагас хиртэлт 18:27 цагт эхэлж, 18:47 цаг хүртэл үргэлжилнэ. Баян-Өлгий аймагт 18:24-18:52 цагийн хооронд ажиглагдах бөгөөд магнитуд нь 0.76 байна. Харин Увс аймагт аравдугаар сарын 25-ны 18:24-18:39 цагийн хооронд буюу нийт 14 минут 15 секунд үргэлжилнэ.

2022 оны 10-р сарын 25-нд тохиох Нарны хагас хиртэлтийн ажиглагдах байдал, холбогдох тоон үзүүлэлтүүд (НАСА-гаас гаргасан тооцоолол)

-Нарны хиртэлт хэр удаан хугацаанд үргэлжилдэг вэ? Хагас хиртэлт үзэгдэх орчинг хязгаарладаг гэж хүмүүс ойлгодог. Энэ ойлголт зөв үү?

-Монгол Улсад дөрөвдүгээр сарын 30-нд болох хагас хиртэлт ажиглагдахгүй. Нар, сар болон дэлхий хоорондын зай, байрлалаас хамааран нарны хиртэлтийг бүтэн, цагирган хэлбэрийн, хагас хиртэлт гэж нэрлэдэг. Зарим тохиолдолд бүтэн болон цагирган хэлбэрийн хиртэлт нь нэг удаагийн нарны хиртэлтээр цувран ажиглагдах тохиолдол бий. Тухайлбал, нар огт харагдахгүй болж, од харагдах үзэгдлийг бүтэн хиртэлт гэнэ.

Бүтэн хиртэлт нь тодорхой зурвас газруудад болж өнгөрдөг учраас ихэнх газарт харагддаггүй. Харин цагирган хиртэлт гэдэг нь нарны хүрээ сарны хүрээнээс илүү гарч харагдахыг хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл сар дэлхийгээс холдсон үед тохиолдож байгаа үзэгдэл гэж ойлгож болно. Ингэж холдсоноор сарны хавтгайд нар жижиг болж харагддаг. Дэлхийн гадаргын янз бүрийн цэгт нарны хиртэл янз бүрийн цагт ажиглагддаг. Нарны хиртлийг бүтэн, хүрээтэй, хагас, холимог хиртэлт гэж ангилдаг. Сар дэлхийг тойрон эргэдэг, дэлхий өөрийн тэнхлэгээр эргэлддэг зэргээс үндэслэн сарны сүүдэр дэлхийн гадарга дээгүүр ойролцоогоор баруунаас зүүн тийш өргөнөөрөө дунджаар 200 км орчим, уртаараа хэдэн мянган км зурвас үүсгэн нүүн шилжинэ. Сарны сүүдрийн дэлхийн гадарга дээгүүр нүүн шилжих зурвас нутгийг бүтэн хиртэлтийн зурвас гэнэ. Энэ нь нарны наагуур нүүж буй хэсэг үүл орж, халхлахад түүний сүүдэр газар дээгүүр нүүн шилждэгтэй төстэй үзэгдэл юм. Сар дэлхийд их ойр байх үед бүтэн хиртэлтийн зурвасын өргөн 270 км, харин хагас сүүдрийн диаметр 6750 км хүрнэ.

Нарны бүтэн хиртэлтийн үед тэнгэр харанхуй болж гаригууд ба тод од харагдана. Саранд хаагдсан нарны тэргэлийг тойрон нарны титэм гэж нэрлэгдэх гоёмсог цайвар зурвас тод харагддаг.

-Бүтэн хиртэлт Монгол Улсад хамгийн сүүлд хэзээ болсон бэ?

-Нарны бүтэн хиртэлт хамгийн сүүлд 2008 онд Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар болсон. Харин хагас хиртэлт бол жил бүр тодорхой хугацааны давтамжтай болж байгаа. Нарны хиртэлт нь хоёр минут, дээд тал нь зургаан минутын хугацаанд үргэлжилдэг. Сүүлд болсон нарны бүтэн хиртэлт нь, Канад улсын нутаг дэвсгэрээс эхлэн Гринланд, Орос, Монголын газар нутгийг дайран Хятадын нутагт төгссөн. Манай орны хувьд нарны бүтэн хиртэлтийн гол шугам Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрч, нарны хагас хиртэлт 80-аас дээш хувьтайгаар ажиглагдсан байдаг.

Бүтэн хиртэлт бол ховор үзэгдэл учраас бага болдог гэж ойлгож болно. Нарны хиртэлтийн хугацааны хувьд харилцан адилгүй байдаг. Учир нь нар, сар, дэлхий гурвын хөдөлгөөнөөр тодорхойлж байгаа учраас тухайн цэгт хэдийд ч нар хиртэх үзэгдэл ажиглагдах боломжтой. Өнөөдрийн хувьд нарны хагас хиртэлт хамгийн удаан үргэлжлэх нь Хөвсгөл аймгийн Мөрөн сум юм.

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8-НД БОЛОХ САРНЫ БҮТЭН ХИРТЭЛТ УЛААНБААТАР БОЛОН ЗАРИМ АЙМАГТ АЖИГЛАГДАНА

-Тэгвэл сарны бүтэн хиртэлт хэр удаан хугацаанд үргэлжилдэг вэ. Давтамжийн хувьд дараагийн хиртэлт хэзээ болох вэ?

-Сарны эхний хиртэлт нь бүтэн хиртэлт бөгөөд тавдугаар сарын 16-нд тохионо. Америк, Африк болон Баруун Европын орнуудаар ажиглагдана. Сар дэлхийн сүүдрийн өмнөд хэсгээр өнгөрнө. Хиртэлтийн хамгийн их фаз 1.42 ба бүтэн хиртэлтийн үргэлжлэх хугацаа цаг хагасаас хэтрэхгүй. Өмнөд Америк, Хойд Америкийн зүүн нутгийн оршин суугчид хиртэлтийг бүрэн хэмжээгээр харах болно. Энэ нь монголд ажиглагдахгүй.

Сар эсрэг тохиолгод оршиж, дэлхий сарны замын бэлчрээс холгүй байх үед сарны хиртэлт болдог. Сарны хиртэлтийг дотор нь хэд хэд ангилдаг. Тухайлбал,

  • бүтэн хиртэлт,
  • хагас хиртэлт,
  • хагас сүүдрийн,
  • төвийн хиртэлт,
  • захын хиртэлт гэж ангилж үздэг.

Сар бүхлээрээ дэлхийн сүүдэрт орох үед болж буй хиртлийг сарны бүтэн хиртэлт гэнэ. Харин дэлхийн сүүдэрт сарны хагас хэсэг нь орох үед болсон хиртлийг сарны хагас хиртэлт гэж нэрлэдэг. Сарны хагас сүүдрийн хиртлийн тухайд дэлхийн хагас сүүдэр дотор сар оршиж байх үед болж буй хиртлийг хэлдэг.

Оны дараагийн хиртэлтийн хувьд арваннэгдүгээр сарын 8-нд болох сарны бүтэн хиртэлт юм. Энэхүү хиртэлт нь Ази, Австрали, Номхон далай, Америк тивийн нутгаар ажиглагдана.

Хиртэлтийн оргил фаз 1.36 бөгөөд Сар Дэлхийн сүүдрийн хойд хэсгийг дайрч нэг цаг гучин минут орчим үргэлжилнэ. Монголд ажиглагдах бөгөөд Улаанбаатар хот, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Ховд аймгуудад ажиглагдана.

-Хиртсэн сар зэсэн улаан өнгөтэй харагддаг. Бүтэн хиртсэн тохиолдолд ямар шинжтэй байдаг вэ?

-Сар бүтэн хиртсэн бол зэсэн улаан, улайссан өнгөтэй харагддаг. Сарны бүтэн хиртэлт хоёр цаг орчим үргэлжилдэг. Сарны бүтэн ба хагас хиртэлтийн өмнө сар дэлхийн давхар сүүдрээр дайран өнгөрөх үед “Давхар сүүдрийн хиртэлт” гэж нэрлэгдэх үзэгдэл болно. Мөн давхар сүүдрийн хиртэлтийн дараа жинхэнэ сүүдрийн хиртэл болохгүй ч байх тохиолдол бий. Өнөөдрийн хувьд Монголд бүтэн хиртэлт болохгүй.

Улаанбаатарт 18 минутын турш хагас хиртэлт үргэлжилнэ. Дорнод болон зүүн аймгуудын нутгаар 50 минутын хугацаанд ажиглагдана. Хиртэлтийн хувь маш бага байгаа учраас сарны ирмэгээр л хиртэх төдий харагдана гэсэн үг. Тэгэхээр хүмүүст бараг ажиглагдахгүй төлөвтэй байна.

-Сарны хиртэлт хэр удаан хугацаанд болох вэ?

-Сар дэлхийг тойрон эргэх замдаа дэлхийн сүүдэрт орвол сар хиртэх үзэгдэл ажиглагдана. Сарны хиртэлт зөвхөн сар бүтэн тэргэл болох үед л бидэнд ажиглагддаг. Монгол орны нутаг дэвсгэрт сарны хиртэлт ажиглагдах байдлын тухайд дээр хэлсэнчлэн өнөөдөр бараг мэдэгдэхгүй. Хиртэлтийн тухайд, сар ургах үед л хиртэлт эхэлсэн байх бөгөөд 20.34-21.51 цагт үргэлжилнэ. Онолын хувьд, сарны хиртлийн бүтэн фаз бүтэн хиртэлтийн үргэлжлэх хугацаа 108 минут байдаг. Энэ үед сар нь дэлхийн сүүдрийн төвөөр дайран өнгөрөх бөгөөд ийм төрлийн хиртлийг төвийн гэсэн ангилалд хамааруулдаг. Хүмүүс бүтэн тэргэлшил бүхэнд хиртэлт болно гэж боддог. Гэхдээ бүтэн тэргэлшил бүхэнд хиртэлт болдоггүй.

2022 оны 5-р сарын 16-нд тохиох Сарны бүтэн хиртэлтийн зам, тоон үзүүлэлтүүд болон Дэлхийн газар нутгийн хаана ажиглагдахыг харуулсан NASA-ийн дүрс зураг.

2022 оны 11-р сарын 08-нд тохиох Сарны бүтэн хиртэлтийн зам, тоон үзүүлэлтүүд болон Дэлхийн газар нутгийн хаана ажиглагдахыг харуулсан NASA-ийн дүрс зураг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж