Бар жилд тод өнгийн дээл тренд болж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

Бар жилд тод өнгийн дээл тренд болж байна

Монгол үндэсний онцлогийг хадгалж, уламжлагдан ирсэн цагаан сарын баяр нэгэнт хаяанд иржээ. Олон зуун дамжсан өв соёл, заншлаараа бахархан хаврыг угтдаг энэхүү баяраар бид өнгөлөг, загварлаг бүхнээрээ гоёдог уламжлалтай. Үүнтэй зэрэгцээд үндэсний хувцасны брендүүд цагаан сарын гоёлоо худалдаанд гаргаад эхэлжээ. Олонд танигдсан үндэсний брендүүд тухайн жилийн загварын чиг хандлагыг тодорхойлж байдаг.

Томоохон брендүүдийн цагаан сарын гоёлд зориулан урласан дээлний загвар, чиг хандлага өнгө, хийцээс ажиглахад энэ жилийн цагаан сарын дээлүүд хэт чимэглэл, хээ хуар, булган оруулгаас илүүтэй байгальд ээлтэй материал бүхий эко үсэн хантааз, орчин үеийн даашинзан дээл, нимгэн монгол цамц "мода" болжээ.  Харин өнгөний хувьд бар жил гарч байгаатай холбогдуулан тод өнгөнүүд зонхилж байгаа аж. Материалын хувьд энгийн торго, хүр хорхойн торго, эко үс ашиглан төрөл бүрийн дээл урласан бөгөөд нэг хэсэг хэт их европ загварууд үндэсний хувцас руу түрэн орж ирж байсан бол өдгөө үндсэн уламжлалаа түлхүү хадгалсан загварууд трэнд болж байгааг загвар зохион бүтээгчид онцолж буй. Үнийн хувьд дунджаар 65000-700000 төгрөгийн хооронд худалдаалж байна.

Ингээд танд томоохон хувцас загварын брендүүдийн санал болгож буй цагаан сарын гоёлуудыг танилцуулж байна.

 ИВЭЭЛ БРЕНДИЙН ЦАГААН САРЫН КОЛЛЕКЦ

Үндэсний дээл хувцсыг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой Ивээл брендийн энэ жилийн цагаан сарын цуглуулгадаа байгальд ээлтэй хиймэл үсэн гоёл, хурганы дуураймал арьсан чимэглэлтэй дээлийг онцолж байна. Охид бүсгүйчүүддээ зориулан бүтээгдэхүүний нэр төрөл онцлогоос хамаарч  200 гаран загвар бэлэн худалдаалагдаж байгаа аж. Үнийн хувьд дунджаар 75000-165000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

ӨВ БРЕНДИЙН “ETHEREAL” ЦУГЛУУЛГА

Энэхүү цуглуулгаа Өв бренд  Италийн зураач Сандро Боттичеллийн “Венера төрсөн нь” хэмээх уран зурагнаас сэдэвлэн "Ethereal" хэмээн нэрлэсэн бөгөөд тэнгэрийн орноос буусан гэлтэй маш эмзэг, нандин үзэсгэлэнтэй гэсэн утгыг бэлгэджээ. Энэхүү коллекц нь Монгол үндэсний тансаг хувцсыг орчин үеийн залуучуудад санал болгохын сацуу сэргэн мандалтын үе 15-16 р зууны Английн хатан хаан I Элизабетийн тансаг хувцаснаас сэдэвлэн түүхэн, этно хэв маягтай luxury стилийн цуглуулгыг бүтээжээ. Ангийн үсэн эдлэл, тансаг хамба, хээ шаглаа ихтэй дэгжин даашинз, үнэт чулуун шигтгээн чимэглэл, алтан мөнгөн хээ хатгамал, булган дотортой даашинз гэх мэт маш үнэт чамин хувцас хэрэглэлийг хэрэглэдэг байсан нь энэ үеийн хувцас загварын онцлог юм. Өнгөний хувьд нарийн утга бэлгэдэл бүхий хамгийн үнэтэй эрхэмд тооцогддог тас хар, улаанаар зонхилон бүтээжээ. Үнийн хувьд дунджаар 65000-700000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

 

 

 

 

DEER БРЕНД

Импортыг орлохуйц, өдөр тутмын хэрэгцээт хувцасыг Монголдоо түгээх зорилотой Deer брендийн энэ жилийн цагаан сарын коллекцд голцуу дулаан загвартай сэнтфонон дотортой хос дээл, нэхий хантааз, эрэгтэй/эмэгтэй нэхий хүрэм, монгол загварын даашинз нар  багтжээ. Үнийн хувьд дунджаар 85000-348000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

 

 

 

 

 

 

 

 

М.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж