"Турк, Дубайн цагаан сарын аялал 10 хоногийн өмнө дүүрсэн"

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

"Турк, Дубайн цагаан сарын аялал 10 хоногийн өмнө дүүрсэн"

"Турк, Дубайн цагаан сарын аялал 10 хоногийн өмнө дүүрсэн"

Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй гэсэн учраас хүмүүс энэ жил гэр бүл, найз нөхдөөрөө аялах сонирхол их болжээ. Тиймээс аялал зохион байгуулагч аж ахуй нэгжүүд болон хувь хүмүүстэй холбогдож энэ жил хүмүүс ихэвчлэн хаашаа аялж байгааг асуулаа.


НЬЮ ЖУУЛЧИН ТУР: COVID-19-ӨӨС БОЛЖ ЗОГССОН АЯЛАЛ ТУРКИЙН ХӨТӨЛБӨРӨӨР Л СЭРГЭЖ ЭХЭЛЖ БАЙНА

 “Аяллын хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэд зуны дэлгэр цагаас илүүтэй цагаан сарыг тохиолдуулан явах сонирхол өндөр болсон байна. Энэ жилийн хувьд баяр төдийгүй жирийн өдрүүдэд ч хүмүүс олноор Турк явж байгаа. Турк улсын аяллын хөтөлбөр нь зардал өндөр харагдаж байгаа ч үзэх газар ихтэй, очих, орох дэлгүүр, үйлчилгээний газар арвинтай. Тиймээс хүмүүс Тайландын аяллаас илүү сонирхож, бүртгүүлж байна. Тайланд улс Пукет арлын аялал ч уг нь сонирхолтой. Гэхдээ цагаан сарын өдрүүдэд хийгдэх аяллын хүн бүрдсэн.

Пукет арлын чөлөөт аяллын үнийн хувьд дөрвөн сая 90 мянган төгрөг гэж байгаа. Аяллын зардалд нислэгийн тийз, таван одтой зочид буудал, өглөөний цай, угтах үдэх унаа, хөтөч, аяллын даатгал, ПСР шинжилгээний төлбөр зэрэг багтдаг. Энэ маршрутын аялалд хамрагдах гэж байгаа хүмүүс аяллын нэмэлт хөтөлбөрт хамрагдах зардлыг өөрөөс гаргадаг учраас зардал өндөр тусдаг. Харин Турк Анаталья-Истанбул чиглэлд цагаан сарын аялал гурван сая 790 мянган төгрөгөөр явж байна. Аяллын зардалд шууд нислэгтэй найман өдөр долоон шөнийн хөтөлбөр багтсан. Бусад аяллаас хүн илүү хамрагдаж байгаа нь нэгдүгээрт аялах хоног олон. Хоёрдугаарт, хөтөлбөр баялаг.

Covid-19-өөс болж хоёр жилийн хугацаанд зогссон аяллын салбар Туркийн хөтөлбөрөөр л амь орж, сэргэж байна гэхэд хилсдэхгүй. Цар тахлаас шалтгаалж бусад маршрутад бараг аялах боломжгүй байгаа. Тиймээс ойрын хугацаанд халдварын тархалт бууртал энэ чиглэлийн аялалууд л хийгдэх төлөвтэй байна” гэсэн юм.

МОНГОЛ АЯЛАЛ: ХҮМҮҮС МАНЖУУР, УЛААН-ҮДИЙН АЯЛАЛ ИХ АСУУДАГ Ч ХИЛ НЭЭХ ХҮРТЭЛ ХӨТӨЛБӨР ГАРАХГҮЙ

Аяллын компаниудын хувьд зөвхөн гадаад гэхээс илүүтэй дотоодын аяллыг ч зохион байгуулдаг. Мөн байгууллага, аж ахуй нэгж, найз нөхдөөрөө тусгайлан хөтөлбөр гаргаж, аялал захиалах боломжийг хүмүүст олгодог гэдэг утгаараа “Монгол аялал” компанийг хүмүүс мэддэг. Тэгвэл тус компани цагаан сараар аль улс руу аялал хийх болон дотоодын аялал, цасны баяр байгаа эсэхийг тодрууллаа.

-Монгол аялал компаний хувьд үйл ажиллагаагаа сүүлийн жилүүдэд тасралтгүй явуулж байгаа компаниудын нэг. Тэр ч утгаараа цар тахлаас шалтгаалж ажлын байраа хадгалах, аялал жуулчлалыг сэргээхэд онцгой анхаарч байна. Гэвч хил гааль, халдварын цар тахлаас шалтгаалж ихэнх аяллын хөтөлбөрөө түр хугацаанд зогсоосон. Үүнээс өөр аргагүй учир үндсэн ажилчдынхаа 50 хувийг цомхотгож, гэрээт ажилчидтай хамтарч байгаа. Цагаан сарын аяллын тухайд өнгөрсөн жилүүдэд хүмүүс ихэвчлэн Манжуур, Улаан-Үдэ явдаг байсан. Харин энэ удаа бол Турк, Дубай зэрэг аялал дээр захиалга авч байгаа.

Уг нь баярын өдрүүдэд гадаадын аялал гэхээс илүүтэй дотоодын аялалд хүн их хамрагддаг. Тухайлбал, Хөвсгөлийн тайгын аялал, говийн аялалд хамрагдаж байгууллагаараа цасны баяр хийх, өөрсдийн зохиосон хөтөлбөрийн дагуу аялах сонирхол өндөр байсан. Харамсалтай нь энэ жил цар тахал гээд ажиллаж байгаа бааз ч ховор. Аялалд хамрагдах хүн ч цөөхөн байна. Тиймээс гадаадын аялалд түлхүү анхаарч байгаа.

Хүмүүс цагаан сарын бэлтгэл базаахаас гадна газар үзэх, аав, ээжийгээ газар үзүүлэх их сонирхолтой болсон. Тиймээс хүн олноор зорьж буй трэнд аялал бол яахын аргагүй Турк болоод байна. Мэдээж байгууллага, хамт олноороо урьдчилж захиалга өгсөн тохиолдолд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ. Гэвч хүмүүс тулгаж захиалга өгдөг. Манай цагаан сарын аяллуудын тухайд захиалга эхнээсээ дүүрсэн гэлээ.

МОНГОЛЫН ХАМГИЙН ХЯМД АЯЛЛЫГ САНАЛ БОЛГОГЧ “ROCK HOOF” БУЮУ ХАДАН ТУУРАЙ КОМПАНИ

Дотоодод хамгийн хямдаар аялах боломжийг залууст олгодог хөтөлбөр бол “Rock hoof” компаний аялал юм. Тус аялал 2020 оноос эхэлсэн бөгөөд цар тахлаас шалтгаалж аяллын хөтөлбөрт багтсан зардлын үнэ нэмэгдсэн ч үнэ нь огт өөрчлөгдөөгүй байна.

Тухайлбал, 39 мянган төгрөгийн аялалд хамрагдахад нийт үнийн дүнгийн 80 хувь нь аяллын зардал, хөгжөөнт тоглоом зэрэг хэрэглэгдэхүүнд зарцуулагддаг аж.

Энэхүү аяллыг санаачлагч залуустай холбогдож асуухад “Заавал өндөр үнэтэй хөтөлбөрт хамрагдвал аялсанд тооцогдоно гэдэг ойлголтыг халахыг хичээсэн. Оюутан, залуус хямд зардлаар хөгжилтэй, дурсамжтай, танилын хүрээгээ тэлсэн аялалд хамрагдах боломжтой гэдэг утгаараа анх энэхүү аяллыг санаачилж байсан. Гадаадын улс оронд өдрийн аялал олон байдаг. Харин монголд хямд үнээр аялах хөтөлбөр ховор. Тиймээс бид найзуудаараа нэгдэж 39 мянган төгрөгийн аяллыг уламжлал болгон хийх болсон. Хүмүүс маш дуртай байдаг. Мөн унааны зардал, гэнэтийн асуудал зэргийг тооцоолж вагоноор аялах нь тохиромжтой гэдэг шийдэлд хүрч байсан. Хямд үнээр дурсамж дүүрэн аялна гэдэг сонирхолтой. Аялал гэдэг орчноо сольж, хүрээллээ тэлэх боломж. Тэгэхлээр манай аялалд хамрагдсан хүн бүр эерэг сэтгэгдэлтэй ирж гэж боддог.

ТЭНГЭР ТРЭЙВЭЛ: ДУБАЙ, ТАЙЛАНДЫГ ЗОРИХ АЯЛАЛД ХҮМҮҮС ИХ ХАМРАГДАЖ БАЙГАА

Түр хугацаанд зогсоод байсан Тайланд болон Дубайн аялал хамгийн эрэлттэй нь байна. Тэнгэр трэйвэл компаний хувьд аяллын хөтөлбөрийг урьдчилсан маршрут гаргаж олон нийтэд сонголттой олгодог. Цагаан сарын өдрүүдийн аялал 10 хоногийн өмнө захиалга нь бараг дүүрсэн. Энэ жилийн тухайд хүмүүс найз нөхөд гэхээс илүүтэй гэр бүлээрээ аялж байна. Зардлын хувьд аяллын зээл зэрэг олон боломж гарсан учир хүмүүс үнэд тийм их ач холбогдол өгөхгүй байгаа. Нислэгийн тийз, очоод байрлах буудал, үзэх харах газруудын үнээс гадна хоол унд бүгд багтсан учир хүмүүс ихэвчлэн аяллын компаниудад хандаж байгаа. Манай тухайд аялагчдадаа нэмэлт хоног болон даатгал олгож байгаагаараа онцлог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж