Украин руу ОХУ-ын талаас дайрсан нөхцөлд хариу үйлдэл үзүүлэхээр АНУ-ын 8500 орчим цэрэг байлдааны бэлэн байдалд байгаа талаар Пентагоноос мэдээллээ. Украинд цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөсөн гэдгийг Москвагаас үгүйсгэж байгаа ч хилийн ойролцоо 100 мянга орчим цэргээ төвлөрүүлсэн аж. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Европын холбоотнуудтайгаа утсаар ярьж, Оросын түрэмгийллийн эсрэг стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан байна.
Гэхдээ Пентагоноос Украинд цэргээ илгээх эсэх шийдвэр хараахан танилцуулаагүй аж. Харин Умард Атлантын цэргийн эвслээс /NATO/ шуурхай хүчнийг идэвхжүүлэх эсвэл Оросын цэргийн хүчний үйл хөдлөл нэмэгдсэн нөхцөлд цэрэг илгээх гэнэ.
Нөгөө талд NATO-гийн гишүүн Дани, Испани, Франц, Нидерланд зэрэг орнууд Зүүн Европын бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хэдийнэ байлдааны нисэх болон хөлөг онгоцнуудаа илгээхээр төлөвлөжээ. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ-аас 90 тонн зэвсэг, техникийн тусламжийг Украин руу илгээсэн байна.
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон тагнуулын мэдээлэлд үндэслэн ярьснаар Украины хилийн дагуу 60 орчим байлдааны бүлгүүд байгаа бөгөөд тэд Киевт богино хугацааны дайн хийхээр төлөвлөсөн гэв.
Үүний зэрэгцээ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Швейцарьт хурцадмал нөхцөл байдлыг намжаахаар уулзсан. Энэ хооронд АНУ-аас Москвагийн эсрэг эдийн засгийн хориг тавьж магадгүй гэх шумаар рублийн ханш ам.долларын эсрэг огцом унасан байна.
Холбоотой мэдээ