"10-20 мянган хүн шинж тэмдэггүй өвдсөн байх магадлалтай"

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

"10-20 мянган хүн шинж тэмдэггүй өвдсөн байх магадлалтай"

"10-20 мянган хүн шинж тэмдэггүй өвдсөн байх магадлалтай"

Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн асуудлаар Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэлтэй ярилцлаа.


-Засгийн газраас  цагаан сарын баяраар хөл хорихгүй байхаар  шийдвэрлэсэн. Баярын дараа халдварын нөхцөл байдлын төлөвийг хэрхэн тооцож байна вэ. Магадгүй шинэ жилийн дараа цар тахлын дөрөв дэх давлагаа дэгдсэнтэй адил түүх давтагдахгүй байхыг үгүйсгэхгүй?

-Цар тахлын дөрөв дэх давлагаа ид дундаа үргэлжилж байна. Омикроны дэгдэлтийн оргил үе орон нутаг руу тэлэх хандлагатай байна. 21 аймагт хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдсэн. Энэ үед цагаан сарын баяр тохиож байна. Баяр, амралтын өдрүүдэд иргэд золголт хийж нэг дор олуулаа цугларах нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Хэрэв Засгийн газрын уриалснаар иргэд гэр гэртээ цагаан сарын баярыг тэмдэглэж өнгөрүүлбэл цар тахлын дөрөв дэх давалгааг хүндрэл багатай даван туулах чухал ач холбогдолтой. Цар тахал, аливаа халдварт өвчнийг хохирол багатай даван туулсан эсэх нь нас баралтаар тодорхойлогддог. Тиймээс бид цар тахлын өмнөх давлагааны үеийн туршлагуудтай харьцуулж аль болох хохирол багатай даван туулах талаас анхаарч ажиллаж байна.

-Иргэдийн хувьд энэ жил золголт алгасч, гэртээ өнжихийг хүсэхгүй болов уу. Магадгүй баярын дараах цар тахлын давлагаа дэгдэж болзошгүй. Ийм  эрсдэлийг  Эрүүл мэндийн яам байгаа юу?

-Цар тахлын дөрөв дэх давлагаа дэгдэхэд шинэ жилийн баяр тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Олуулаа цуглаж шинэ жил тэмдэглэх, баярын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан нь өвчлөл нэмэгдэх шалтгааны нэг байсан. Үүнтэй адил цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэвэл олон хүн халдварт өртөж, илүү их хохирол амсах эрсдэлтэй. Тэр дундаа эрсдэлт бүлгийн /өндөр настан, жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, архаг суурь өвчтэй, вакцинд хамрагдаагүй/ хүмүүс халдварт өртвөл хүндрэх, улмаар амь насанд аюултай. Тиймээс хүн бүр дор бүрнээ хариуцлагатай, ойр дотнын хүмүүсээ бодож гэр бүлийн хүрээнд цагаан сарын баярыг тэмдэглэхийг зөвлөе. Эрүүл мэндийн яамны зүгээс нийслэлийн хэмжээнд орны зохион байгуулалт, амбулаторын үзлэгийн цагийн хуваарь, эмнэлгийн анхан шатны нэгж байгууллагуудын хүний нөөц, ажиллах цагийн хуваарийг төлөвлөгөөний дагуу гаргаж байгаа.

Ялангуяа орон нутаг руу илүү анхаарч байна. Цар тахлын өмнөх давлагаануудыг ажиглахад нийслэлээс орон нутаг руу тархах байдалтай үргэлжилдэг. Иймд цагаан сараар орон нутгийн өвчлөл ихсэх магадлалтай.

Иймд аймаг сумдын эрүүл мэндийн байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Цар тахлын давлагаа одоо ч үргэлжилж байгаа энэ үед Covid-19-ийн халдвартай өвчтөнүүдээ хүлээн авахаар 10 мянган орыг улсын хэмжээнд дэлгэсэн. Үүний дөрвөн мянга орчим нь нийслэлд байгаа юм.

-Цар тахалтай сүүлийн хоёр жил тэмцсэн ч халдварын тархалт нэмэгдэх бүрт сандарч байна. Эрүүл мэндийн салбар ч бэлэн байдлаа хангаж сурсан уу. Цар тахлын дөрөв дэх давлагаанд бэлтгэл хангаж чадсан уу?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын дөрвөн давлагаа дэгдлээ. Давлагаа бүрт туршлага дутсан зүйлүүд бий. Өнөөдрийн нөхцөлд цар тахлын дөрөв дэх давлагаа дэгдэх нь цаг хугацааны асуудал байгааг тооцсон. Өмнөх давлагаануудаас хуримтлуулсан туршлагад үндэслэн аль болох бэлэн байдлаа хангахыг л зорьж байсан. Харамсалтай нь цар тахлын онцлог нь давлагаа бүр адилгүй, төлөвлөхөд хэцүү. Дельта хувилбарын давлагааны үед богино хугацаанд уушгины хатгаа болж хүндэрч нас барах эрсдэлд хүргэж байсан. Гэтэл омикрон эмнэлзүйн шинж тэмдэг нь хөнгөн ч нөгөө талдаа маш өндөр халдварлуулах шинж чанартай. Нэг хоногийн дотор 10-20 мянган хүн халдварт өртсөн  тохиолдол гарч байгаа. Хэдий төлөвлөж бэлтгэл ажлаа хангаж байгаа ч сорилт болсон өвөрмөц нөхцөл байдлууд үүсч байгаа.

-Хоногт 10-20 мянган хүн халдварт өртөж байна гэсэн үг үү?

-ПСР шинжилгээгээр хоногт батлагдсан тохиолдлуудын цаана шинж тэмдэггүй өвдсөн, геометр прогрессоор тооцоход 10-20 мянган хүн халдвар авсан байх магадлалтай гэсэн үг.

ХАЛДВАРЫГ ХУМИХАД ХӨЛ ХОРИХООС ӨӨР АРГА БАЙХГҮЙ

-Тэгэхээр Хүн амын дунд халдвар авснаа ч мэдэхгүй хүн олон байх магадлал өндөр байх нь.  Үүнд анхаарч байгаа юу?

-Эмнэлзүйн шинж тэмдэггүй, халдварын тээгч нар байх боломжтой. Вакцины хоёр, гурав дах тунгийн дархлаажуулалт нь тухайн хүнийг шинж тэмдэггүй өвдөх боломжтой байдлыг үүсгэж байна. Тэгэхээр хэн халдвартай вэ, хэн эрүүл вэ гэдгийг ялгах маш хэцүү нөхцөл үүсч байгаа юм. Тиймээс л агаар дуслын замаар дамжиж буй халдварыг хумих үндсэн зарчим нь аль болох хөдөлгөөнийг хорь, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барихыг л зөвлөж байгаа. Халдварыг хумихад хөл хорихоос өөр гарцгүй. Геометр прогрессоор маш олон хүнд дамжин халдварлаж байгаа учраас аль болох амны хаалт зүүж, хүн хоорондын зайг барих л ёстой. Энэ зарчмыг алдахгүй байж л цар тахлыг хохирол багатай даван туулна.

-Гэрийн ажиглталтад байгаа хүний тоо 50 мянга давж, эмнэлгүүдийн ачаалал ихэслээ. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс хүндрэх магадлал хэр өндөр байна вэ?

-Covid-19 халдварын онош нь батлагдсан 10 мянга гаруй иргэн  улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 0.7 хувь нь нэн хүнд буюу эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм. Үүнийг дельта хувилбартай харьцуулахад омикрон хүндрэл өгөх нь бага. Гэхдээ огт хүндрэхгүй гэсэн үг биш. Хэрэв архаг суурь өвчний эмгэгтэй бол омикроны халдварт өртсөн бол хүндрэх эрсдэл өндөр. Харин архаг суурь өвчний эмгэггүй, хөдөлмөрийн насны, вакцины гурав дахь болон нэмэлт тундаа хамрагдсан иргэдийн тухайд халдвар авсан ч хүндрэхгүй байна. Нөгөө талд, жирэмсэн эмэгтэй, архаг хууч эмгэгтэй, дархлаа нь дарангуйлагдсан болон бага насны хүүхэд, ахмадууд вакциндаа хамрагдсан ч халдвар авч хүндэрч байгаа юм. Гэсэн ч дельтай хувилбартай харьцуулахад омикроны хүндрэл маш бага.

-Тэр дундаа вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхдийн өвчлөл, хүндрэл хэр их байна вэ. Эмнэлгүүд ачаалалтай, ор хүрэлцээгүй байх шиг?

-Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын 22 хувь нь хүүхэд. Ихэвчлэн 5-11 насны хүүхэд халдварт өртөж байгаа нь вакцинд хамрагдаагүйтэй холбоотой. Энэ насныхан  Covid-19 халдварт илүү өртсөн болох нь харагдаж байгаа юм. Иргэдэд хэлэхэд, Covid-19 халдвараар хөнгөн өвдсөн бол эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Өдийд томуугийн дэгдэлтийн оргил үе байдаг учраас ялангуяа хүүхдийн орны хүрэлцээ хүндрэлтэй байдаг үе. Томуугийн дэгдэлттэй цар тахал хавсарч байгаа учраас хүүхдийн тусламж үйлчилгээний орны ачаалал насанд хүрэгчидтэй харьцуулахад өндөр байгаа. Иймд ор зохицуулалтын багийнхан хүүхдийн өвчлөлийг хүндрүүлэхгүй аль болох хурдан шуурхай эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхэд анхаарч ажиллаж байна. Хүүхдийн өвчлөлийн хамгийн гол хүндрэл нь амьсгалын дээд замын ларинготрахейтит буюу амьсгал боогдож бачуурах шинж тэмдэг юм. Мөн өндөр халуурснаас таталт өгөх, нярай бага насны хүүхдүүд унтаарах, орчны харьцаа сулрах, хатгалгааны шинж тэмдэг болох цээж хонхолзох шинж тэмдэг илэрч байвал эцэг эхчүүд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Гэхдээ Covid-19 халдварыг илрүүлэх тандалтын багийнхан жирэмсэн эмэгтэй  болон хүүхдийг аль болох хүлээлгэхгүйгээр хурдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тактиктай ажиллаж байна.

УУШГИ ОРЛУУЛАГЧ АППАРАТАД ОРСОН ХҮН БАЙХГҮЙ

-Бодит байдал дээр  орны эргэлт удаашралтай, халдварт өртсөн иргэдэд хүндрэл чирэгдэлтэй болохыг УОК-ын шуурхай штаб улаанбүсээс дүгнэсэн. Энэ ч үүднээс Шадар сайд С.Амарсайхан салбарын яам, агентлагийн дарга нарыг цар тахлын голомтонд ажиллахыг сануулсан. Энэ тухайд?

-Энэ мэдээллийг үгүйсгэхгүй. Бодит үнэн гэж хэлж болно. Шадар сайд С.Амарсайханы өгсөн үүргээс гадна улаан бүсэд ажиллах нь  бидний үндсэн чиг үүргийн ажил. Эрүүл мэндийн яам болон бусад агентлагийн удирдлага, дунд шатны хэлтэсийн дарга, мэргэжилтнүүд улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай хуваарийн дагуу үнэлгээ хийж байна. Миний бие болон төрийн захиргаа удирдлагын газар, нийтийн эрүүл мэндийн газрын дарга нар улаан бүс болон амаржих эмнэлгүүдэд ажилласан.

Улаан бүсэд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүд дельта хувилбарын давлагаатай харьцуулахад амьсгалын аппарат хүрэлцээгүй, ачаалал хэтэрсэн зүйлгүй. Харьцангуй бага. Өнөөдрийн байдлаар омикроноос шалтгаалсан уушги орлуулалгч аппаратад орсон хүн алга.

Гэхдээ эмнэлзүйн шинж тэмдэг нь хүндэрсэн, хатгаа болсон хүмүүс Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж байна.  Дельта хувилбарын давлагааны үед иргэд гэртээ л амьсгалын дутагдалд орж байсан бол энэ удаагийн давлагаанд өвчний хүндрэл харьцангуй бага байгаа нь харагдаж байгаа юм.

-Омикрон хувилбарыг хөнгөн шинж тэмдэгтэй, томуутай адилтгасан нь иргэдийг тайвшруулсан шүү дээ. Энэ нь халдвар тархахад ч бас нөлөөлсөн болов уу?

-Эрүүл мэндийн яам, анагаах ухааны салбар нотолгоонд суурилсан мэдээллийг ард иргэдэд хүргэдэг. Мөн олон улсын судалгааны үр дүнгээс гадна бусад улс орны мэдээлэлд үндэслэж бодит мэдээллийг хүргэсэн нь тэр. Омикрон бол өмнөх хувилбаруудаасаа илүү хурдан халдварладаг.

Улсын хэмжээнд  нийт батлагдсан тохиолдлын дийлэнх нь гэр бүл, албан байгууллагаас халдвар авч байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн нэг гишүүн л халдвар авахад бусад нь өвдөх магадлалтай. Халдвар бусдад тархах эрсдэл нь бараг л 100 хувь гэсэн үг.

Бидний зүгээс омикроны давлагаа дэгдсэн улс орны туршлагаас харж бодит мэдээллийг иргэдэд өгч байгаа болохоос ямар нэгэн зорилгоор омикроныг “хөнгөн шинж тэмдэгтэй” гэж мэдээлээгүй. Омикрон нь дельта хувилбараас ялгаатай нь маш хурдан тархах эрсдэлтэй, халдвар авлаа гэхэд эмнэлзүйн шинж тэмдэг нь харьцангуй хөнгөн. Гэхдээ эрсдэлт бүлгийн хүмүүс хүндэрч байна гэх мэдээллийг л хүргэсэн. Бидний зүгээс омикрон хувилбарт өртсөн ч хөнгөн өвдсөн, шинж тэмдэг багатай бол гэртээ тусгаарлагдаж болно гэдгийг мэдээлж байгаа.

Хэрэв Covid-19 халдвар авсан бүх хүнийг эмнэлэгт хэвтүүлье гэвэл эмнэлгийн бүх орыг дэлгэсэн ч ачааллыг даахгүй.

Гэтэл эрсдэлт бүлгийн хүмүүсээ бид алдах магадлалтай учраас эрэмбэлэн ангилалтаар хүндэрсэн өвчтөнүүдээ хэвтүүлэн эмчилж байгаа юм. Үүнийг иргэд ч бас зөв ойлгох хэрэгтэй.

ХҮН АМЫН ДУНД ДАХИН ХАЛДВАРТ ӨРТСӨН ТОХИОЛДОЛ БАГА

-Гэхдээ томуу гэхээс илүү омикрон л байгаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн нь олныг төөрөгдүүлсэн?

-Ийм зүйл хэлээгүй. Бидний зүгээс томуугийн дэгдэлттэй омикрон хавсарч байгаа тул эмнэлгийн байгууллага ялгахад төвөгтэй болохыг л хэлж байгаа. Омикрон хувилбарын шинж тэмдэг нь томуутай төстэй шинж тэмдэгтэй. Цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлснээс хойш гурван долоо хоног өнгөрлөө.

Эмнэлэгт дельтагийн давлагаатай харьцуулахад өөр зураглал харагдаж байна. Маш олон хүн хүчилтөрөгчийн хэрэгцээтэй байсан бол зохиомол амьсгалын аппаратын хангамж сайн байна.

 Омикроны эмнэлзүйн онцлог нь богино хугацаанд уушгины хатгаа болж, хүчилтөрөгчийн дутагдалд хүргэхгүй байгаа нь илүү нааштай байгаа юм.

-Та халдвар авсан хүмүүсийн нийт 0.7 хувь нь хүнд байгааг хэллээ. Ямар тохиолдолд өвчин хүндэрч байна вэ. Насны хувьд?

-Халдварт өртөж, биеийн байдал нь хүндэрсэн иргэдийн 0.7 хувь нь вакцинаас шалтгаалахгүй байна. Вакцинтай ч эмнэлзүйн шинж тэмдэг хүндрэхгүй гэж ойлгож болохгүй юм. Дээр дурдсанаар эрсдэлт бүлгийн хүмүүс хүндэрч байна.

-Улаан бүсэд ажиллаж буй эмч нар тамирдаж эхэллээ. Өнөөдрийн байдлар эрүүл мэндийн салбарын хэчнээн ажилтан өвдөөд байна вэ.  Хүний нөөц бүрдүүлэлтэд  хэрхэн анхаарч, ямар зохицуулалт хийж байна?

– Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд халдвар авсан иргэдээс илүү их  өвдөж байна. Учир нь өдөр бүр эмнэлгийн байгууллагад ажиллах нь халдварт  өртөх эрсдэл нь маш өндөр. Тиймээс  эмнэлгийн ажилчид олноороо өвдөж байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн ажилтнууд нийт өвчлөлийн 1.5 хувийг эзэлж байгаа юм. Ийм хүнд цаг үед цар тахлын голомтод, давлагааны оргил үед ажиллаж байсан резидент эмч нар, сайн дурынхан, анагаахын салбарын төгсөх дамжааны оюутнууд дэмжлэг болж байна. Тухайлбал, резидент эмч нарыг мэргэжлийнх нь чиглэлээр хүний нөөцөөр нэмэлт хүч болгон ажиллуулж байгаа юм.

-Хүн амын дунд Covid-19 халдварааар дахин өвдсөн тохиолдол хэр их байна вэ?

-Омикрон хувилбарын давлагааны үед дахин халдварт өртсөн тохиодлууд байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дельта хувилбарын давлагаа дуусахаас өмнө халдвар авч эдгэсэн хүмүүс энэ оны нэгдүгээр сард халдвар авсан тохиолдлууд ч гарсан. Давтан халдвар авах магадлал нь омикроны үед илүү өндөр байна. Гэхдээ нийт хүн амын дунд халдварт дахин өртсөн тохиолдол тийм ч их биш.

-Эрүүл мэндийн яамны статистик мэдээллээр хоногт бүртгэгдсэн халдварын тохиолдлыг ПСР  шинжилгээгээр эерэг гарсан тохиолдолд бүртгэж байгаа. Тэгэхээр түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан хүмүүс яах вэ. Батлагдсан тохиолдол гэж бүртгэх үү?

-Covid-19 халдварыг илрүүлэх гол үзүүлэлт бол түргэвчилсэн болон ПСР шинжилгээ мөн. Гэхдээ түргэвчилсэн оношлуур болон ПСР шинжилгээний хооронд оношилгооны зөрүү бий. Түргэвчилсэн оношлуурын сөрөг гарах магадлал ПСР-тай харьцуулахад олон. Тиймээс түргэвчилсэн шинжилгээний хариу нь сөрөг гарсан ч эмнэлзүйн шинж тэмдэгтэй, ойрын хавьтал бол  ПСР шинжилгээгээр батлуулах тактикаар эрүүл мэндийн салбарынхан ажилладаг. Мөн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан нөхцөлд ПСР шинжилгээний хариу батлагдсантай адил эерэг тохиолдол гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж, тусламж үзүүлж байна. Иймд ямар ч ялгаа байхгүй.

-Омикроноос шалтгаалсан нас баралт бүртгэгдсэн үү?

-Нэгдүгээр сарын 1-ээс хойш омикроноос шалтгаалсан нас баралт бүртгэгдсэн. Гэхдээ сорьцыг баталгаажуулахаар нарийвчлан судалж байна. Нас баралтад омикрон шалтгаалсан уу эсвэл дельта хувилбартай холбоотой юу гэдэг нь давтан шинжилгээгээр тодорхой болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж