Ойн агентлаг байгуулах ажил юу болов?

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

Ойн агентлаг байгуулах ажил юу болов?

Ойн агентлаг байгуулах ажил юу болов?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай зарлиг гаргаж, Ойн агентлагийг сэргээн байгуулах чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газраас Ойн судалгаа, хөгжлийн агентлагийг байгуулахаар шийдвэрлэж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулахаар болсон юм.

Гэвч өнөөдөр энэ агентлагийг байгуулах эсэх нь тодорхойгүй байна. Шинээр байгуулах агентлагийн даргаар хотын ерөнхий менежер асан Т.Гантөмөр томилогдох сураг дуулдах болсон. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад салбар яамнаас нь мэдээлэл авах нь зүйтэй гэдэг хариултыг өгөв.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодруулахад “Ойн агентлаг байгуулах ажил үргэлжилж байгаа. Ажлын хэсэг нь тогтоолын төслийг бэлдэж, хаврын чуулганаар Засгийн газарт танилцуулна. Тэр үеэр илүү тодорхой мэдээлэл өгнө. Мэргэжлийн эрдэмтдийн зөвлөл нь төлөвлөгөөн дээрээ сууж, салбар яамдаас санал авч байгаа” гэв.

Монгол Улсын хувьд ч уур амьсгалын өөрчлөлтөд нэн их өртөж байгаа улс орны нэг юм. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилт, хөрсний доройтолд өртөөд байна. НҮБ-ын судалгаагаар нийт бэлчээрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх эрсдэлтэй гэж дүгнэжээ.

1990 оноос хойш 30 жилийн хугацаанд ой мод ашиглах зөвшөөрөгдсөн хэмжээнээс дөрөв дахин ихийг хууль бусаар хэрэглэжээ. Тиймээс мэргэжлийн судлаачдын зүгээс 10 агентлагийг татан буулгаад ч хамаагүй Ойн агентлаг байгуулах нь зөв гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Хүрээлэн буй орчин судлалын доктор М.Тунгалаг, Улаанбаатар хотын ерөнхий дендрологич, биологийн ухааны доктор, профессор, Б.Чимид нарын өмнө нь манай сайтад өгсөн байр суурийг хүргэж байна.


Хүрээлэн буй орчин судлалын доктор М.Тунгалаг:

-Тэрбум мод тарина гэдэг бол асар том тоо. Нийт ойд ургаж байгаа моднуудаас хамгийн нас биед хүрсэн, таван метрээс дээш мод нэг га талбайд 560 орчим ургаж байгаа гэж үзвэл Монгол орны сэрүүн бүсийн ойд нийт нас биед хүрсэн таван тэрбум гаруй мод ургаж байгаа. Зулзаган модтой нийлбэл 27 орчим тэрбум болж байна. Энд заган ойг оруулаагүй. Тэрбум мод тарих хөдөлгөөн өрнүүлж байгаа нь маш том мега төсөл. Үнийн дүнг нь харсан ч гэсэн 4.3 их наяд төгрөг зарцуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө манлайлж байгаа нь маш их ач холбогдолтой. Том төслүүд сонгуулийн цикль дунд уначихаад байдаг. Нэг том улстөрч нь манлайлж санаачлага гаргахаар дараагийн жил нь өөр намын улстөрч гарч ирээд зогсоочихдог. Одоогийн Ерөнхийлөгч зургаан жилээр сонгогдсон учраас энэ том төслийг санаачилж байгаа нь сайшаалтай. Мега төслийн хувьд заяа яавал амжилтад хүрч, яавал унадаг вэ гэдэг талаар бэлэн дэлхий даяар шинжлэх ухааны үндэслэлтэй онол болж, бүх зүйл нь тодорхой болсон. Яг тэр дагуу л явах хэрэгтэй.

Ингэснээр том төслийг амьдруулж чадна. Хамгийн гол нь манлайлагч гарч ирсэн нь сайн. Манай ойн салбарынхан тэрбум мод тарихад бэлэн биш байгаа. Социализмын үеэс хойш энэ салбар хүний нөөцийн хувьд тасарсан. Хуучин нийгмийн үед энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, залуусыг их дэмжиж байсан. Гэтэл одоо материаллаг баазын хувьд ч тасарчихсан. Өмнө нь бодлогоор Говь-Алтай, Ховд, Сэлэнгэ, Хэнтий аймагттом том баазуудыг байгуулж байсан. Гэхдээ өнөө цагт бидний хийх ёстой ажил мөн учраас ард нь гарч таарна. Энэ төсөл хэрэгжиж, шууд эдийн засгийн эргэлтэд орж, ашиг тусаа өгөхгүй. Тийм учраас бусад мега төслүүдээс ялгаатай. Бид өнөөдөр хойч үе, ирээдүйдээ үлдээх томоохон өв хөрөнгөө бэлдэж байгаа гэсэн үг. Жишээлбэл, цахилгаан станц байгуулбал шууд ашиг, үр өгөөжөө өгнө шүү дээ.

Мега төсөлд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Том төслүүд зогсдог нэг шалтгаан бол энэ. Ингэснээр маш их хөрөнгө үрж, салхинд хийсгэдэг. Ажил хийхээсээ илүүтэй “Бид чадна. Бид бэлэн” гэж буруу төлөвлөлт хийх вий. Үүнд их анхаарах хэрэгтэй. Байгаль орчны цогц мэдлэг мэдээлэл хэрэгтэй. Бүс нутгийн хувьд хамтарч ажиллах ёстой. Ерөнхийлөгчийн тамгын газраас одоо шууд техник, технологи болон цэргүүдийг дайчлан мод тарина гэж мэдээлэх буруу. Харин төслийг санаачлагчийн хувьд ингэж хэлж болно. Төслийн стратегиа дор хаяж 1-2 жил хийж байж, зарлах ёстой. Салбарын бүх мэргэжилтнүүдэд нээлттэй байх ёстой. Том төслүүд нээлттэй бус байснаар зогсох тохиолдол гардаг. Яагаад гэвэл ард түмний итгэлийг нэгтгэж, хөдөлгөөнд оруулж байгаа учраас нээлттэй байх шаардлагатай. Өмнө нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед зарлиг гаргаж, хавар намрын улиралд бүх нийтээрээ мод тарьдаг болсон.


Улаанбаатар хотын ерөнхий дендрологич, биологийн ухааны доктор, профессор, Б.Чимид:

–Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан энэ санаачлага маш чухал. Бидний амьдарч буй дэлхий нэг градусаар дулаарсан. Хэрвээ хүний биеийн халуун нэг хэмээр дулаарсан бол өвдөж байна гэсэн үг. Дэлхий өвдсөн үед ногоон ургамал тарьж эмчилдэг. Төв Азийн өндөрлөг бүс нутагт оршдог Монгол орон цөлжиж эхэлбэл дэлхий сөнөнө. Төв Азид хүн үүссэн гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Монгол орны нийт нутгийн 76 хувь цөлжөөд байна. Монголын ой мод мөнх цэвдэг дээр байдаг. Гэтэл тэр мөнх цэвдэг нь дэлхийн дулаарлын улмаас хайлж, томоохон гол мөрний усны хагалбар ширгэнэ. Дэлхийн хэмжээний том асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс хөндсөн юм. Зарим иргэд “Монголд нэг тэрбум мод тарих уу” гэж шоглож байна. Ирэх 2030 он хүртэл есөн жилийн хангалттай хугацаа бий.

Дэлхийн цаг уурын дулаарал, эрс тэс уур амьсгалын эсрэг ганц арга хэмжээ бол ой мод. Монгол улсын хэмжээнд 1200 ойн инженер байдаг. Эдгээр мэргэжилтнүүдээ бүрэн ашиглах хэрэгтэй. Нэг га ойг 150-200 сая төгрөгөөр улс худалдаж авах ёстой. Ганцхан нас бие гүйцсэн 50 настай шинэс модны экологийн үнэлгээ 197 сая төгрөг байдаг. Гэтэл  бид нэг га ойг 10-хан сая төгрөгөөр худалдаж авч болохгүй шүү дээ.

Миний бие Улаанбаатар хотыг сүүлийн таван жил ойжуулсан. Ойд шигүү ургасан модыг сийрэгжүүлэлтийн аргаар авч, хотын төвд суулгадаг юм. Шигүү ургасан ой модыг сийрэгжүүлэх ёстой байдаг. Огтлох ёстой модыг сийрэгжүүлж авч, хотод суулгасныг иргэд буруугаар ойлгох байна. Мөн уул уурхай, замын бүтээн байгуулалт, төмөр замын бүтээн байгуулалт хийх нэрийдлээр орон нутагт ойн модыг шууд тайрч буй. Тэр моддыг яагаад хотод суулгаж болохгүй гэж. Үүнийг бодож үзэх хэрэгтэй.

Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд нэн хүчтэй өртсөн байна гэсэн тооцоо, судалгаа бий. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлбэл цөлжилтөд нэн хүчтэй өртсөн 129 сая га талбайг 4 хувиар бууруулах тооцоог салбар яамнаас хийжээ.

Манай газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Үүнийг 2030 он гэхэд есөн хувьд хүргэх үндсэн зорилтыг тодорхойлсон. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах тооцооллыг урьдчилсан байдлаар гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж