Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зэсийн баяжмалын экспорт 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн бүрэн зогссон. Үүний улмаас өнөөдрийн байдлаар 237 вагонд ачсан 15 мянган тонн зэсийн баяжмал төмөр замын өртөөн дээр, мөн 90 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрийн агуулахад хуримтлагдан, нийт дүнгээр 200 сая орчим ам.долларын бараа, бүтээгдэхүүн хадгалагдсан байдалтай байна.
Энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг цаг алдалгүй шийдвэрлэх, цаашид энэхүү тээвэр, ложистикийн асуудлыг цогцоор нь үе шаттай хэрхэн зохион байгуулж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн экспортын урсгалыг тасралтгүй, шуурхай явуулах асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан баг газар дээр нь ажиллаж байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хуримтлагдсан зэсийн баяжмалыг богино хугацаанд оновчтой хувилбараар хэрхэн тээвэрлэх асуудлаар "Эрдэнэт үйлдвэр"-ийн саналыг сонсч, бодит байдалтай танилцаж, зохих үүрэг, чиглэл өгч, хамгийн боломжтой хувилбарыг хэрэгжүүлэх чиглэлээр бусад холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, шуурхай арга хэмжээ авахаар боллоо.
Холбоотой мэдээ