Аймгууд иргэдээс зам хаах эсэх талаар санал авч байна

Хуучирсан мэдээ: 2022.01.24-нд нийтлэгдсэн

Аймгууд иргэдээс зам хаах эсэх талаар санал авч байна

Аймгууд иргэдээс зам хаах эсэх талаар санал авч байна

Дотоодын кластер өвчлөл нэмэгдэж, хоногт батлагдах тохиолдлын тоо хэдэн мянга давж буй. Тиймээс Улсын онцгой комисс болон холбогдох газруудаас цагаан сарыг өргөн хүрээнд биш, айл өрхийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвлөж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор ихэнх аймаг цагаан сараар болох олон нийтийн үйл ажиллагааг цуцалж, баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүйгээ мэдэгдээд байна.

УОК халдварын тархалт нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ихэссэн учир аймгууд зам хаах эсэхийг дотоод зохион байгуулалтаар шийдэхийг зөвшөөрсөн. Энэ дагуу аймгуудын онцгой комисс иргэдээсээ санал асуулга авч эхэлжээ.

Одоогийн байдлаар аймгийн онцгой комиссоос нь цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан найман аймаг байгаа бөгөөд албан бус уриалга гаргасан 12 аймаг буй юм.

Орон нутгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор аймгийн онцгой комиссууд бэлэн байдалд ажиллаж байна. Мөн олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласнаас гадна баярын өдрүүдэд зам хаах эсэх талаар аймгуудтай холбогдож тодрууллаа.

ДАРХАН-УУЛЫН ИРГЭДИЙН 61 ХУВЬ ЗАМ ХААХЫГ ДЭМЖСЭНГҮЙ

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр /2022.01.24/ хуралдаж, гаргасан шийдвэр мэдээллээ олон нийтэд танилцууллаа. Тархвар судлаачдын тооцооллоор тус аймгийн хэмжээнд халдварын оргил үе нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл учир хот хоорондын замд хязгаарлалт тавих эсэх талаар www.smartdarkhan.com цахим хуудсаар иргэдийн саналыг авсан байна.

Нийт 3100 гаруй иргэн саналаа өгөхөд 39 хувь нь дэмжиж, 61 хувь нь дэмжихгүй байна гэсэн санал өгсөн учраас замын хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт хийгдэхгүй гэлээ.

Дархан-Уул аймаг энэ сарын сарын 15-наас эхлэн тодорхойгүй хугацаагаар олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласан. Тус комиссын энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан юм. Үүнд, нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй юм байна.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ЗАМ ХААХ ЭСЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЭГҮЙ БАЙНА

Говьсүмбэр аймагтай холбогдоход “Энэ сарын 13-наас эхлэн аймгийн хэмжээнд тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоосон. Нэг талаар эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа хэлбэр. Нөгөө талаар аймгийн хэмжээнд халдварын тархалтыг хумих зорилготой. Хөл хорио тогтоох талаар тус аймгийн онцгой комиссоос ямар нэгэн шийд гаргаагүй. Уриалга бүхий мэдэгдэл л гаргасан. Зам хаах эсэх талаар хүмүүс их асууж байна. Баярын өдрүүдэд зам хаах нь зөв хэдий ч иргэд аль аль талын байр суурьтай байгаа учраас онцгой комисс хуралдаж шийдэх байх. Одоогоор зам хаах талаар хэлэлцээгүй байна” гэлээ.

Баярын өдрүүдэд тусгайлан хорио тогтоох зүйл яриагүй. Постуудаар нэвтрэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох талаар одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

УВС АЙМАГ ПОСТУУД ДЭЭР ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАЖ, ЗАМ ХААХГҮЙ БАЙХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ

Увс аймгийн Онцгой комисс хуралдаж, нэгдүгээр сарын 14-нөөс ирэх сарын 10-ныг хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Мөн хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00-22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна. Цагийн хязгаарлалт зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хууль болон бусад хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах аж.

Түүнчлэн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ. Зам хаах талаар иргэдээс санал асуулга авахгүйгээр аймгийн онцгой комисс хуралдаж шийдэх аж. Эрсдэл өндөр, халдварын тархалт нэмэгдвэл цагаан сарын өдрүүдэд хязгаарлалтыг чангатгаж, постын хяналтыг нэмэгдүүлнэ гэлээ.

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН БОЛОН COVID-19-ИЙН ТАРХАЛТ ӨНДӨР БАЙГАА УЧИР ЗАМ ХЯЗГААРЛАЖ МАГАДГҮЙ

Завхан аймаг нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа. Тодруулбал, Covid-19-ийн тархалт улсын хэмжээнд төдийгүй Завхан аймагт нэмэгдэж, он гарсаар 155 тохиолдол бүртгэгдэж, одоогоор 100 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 20 суманд тархаж, дэгдэлт зогсохгүй байна. Иймд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос тус шийдвэрийг гаргасан байна.

Тус аймгийн онцгой комисстой холбогдож тодруулахад "Зам хааж магадгүй. Учир нь халдварын тархалт сүүлийн долоо хоногт буураагүй. Өвчлөл нэмэгдэж байгаагаас гадна малын гоц халдварт өвчлөлийн тархалт, эрсдэл өндөр байна. Тиймээс ойрын өдрүүдэд онцгой комисс хуралдаж, баярын өдрүүдэд хэрхэн зохицуулалт хийх шийдвэр гаргана" гэв.

ОРХОН АЙМАГТ ТОДОРХОЙ ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАЛТ ТОГТООСОН

Орхон аймгаас Covid-19-ийн оргил үеийн идэвхжилтийг бууруулах үүднээс тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулахгүй байхаар болжээ. Мөн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байх, төрийн байгууллага аливаа олон нийтийг хамарсан хурал, сургалт зөвлөгөөнийг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

Сүүлийн 24 цагт тус аймагт халдварын 247 тохиолдол бүртгэгджээ. Эмнэлэгт нийт 501 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд хоногт батлагдах тохиолдол буурахгүй байгаа учир хязгаарлалтыг тогтоосон хугацаанаас өмнө цуцлахгүй аж. Зам хаах талаар асуухад "Иргэдээс ирж буй саналд тулгуурлаж шийдвэр гаргана" гэсэн юм.

ХОВД АЙМАГ ЗАРИМ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООСОН Ч ЗАМ ХААХГҮЙ

Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглов. Тухайлбал, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгох, олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хориглосон байна. Мөн иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах, нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах, халаалт дулааны асуудлыг сайжруулах талаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгожээ.

Өнөөдрийн байдлаар тус аймагт нийт 20 мянга гаруй иргэн Covid-19-өөр өвчилж, хамгийн олон хүн халдвар авсан гурван аймгийн нэг болжээ. Халдварын тархалт өндөр байгаа ч зам хаахгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжлэх төлөвтэй байгааг албаны хүн онцоллоо.

БАЯНХОНГОРТ ЗАРИМ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООСНООС ӨӨР ШИЙД ГАРААГҮЙ

Баянхонгор аймагт Covid-19-ийн хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан уулзалт, арга хэмжээг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хязгаарлав. Уг шийдвэр энэ сарын 11-нээс эхлэн хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хумих зорилгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг нэг сар орчим хугацаагаар хязгаарлах шийд гаргажээ. Ингэснээр нутгийн хэмжээнд цагаан сарыг өргөн дэлгэр зохион байгуулахгүй аж. "Хяналтын постууд дээр ажиллах хүчийг нэмэхээр төлөвлөж байна. Одоогоор олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласнаас өөр шийд гараагүй байна" гэж тус аймгаас мэдээллээ.

ДОРНОДОД ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ЗАМ ХААХ НЭМЭЛТ ШИЙДВЭР ГАРГАНА

Дорнод аймгийн Онцгой комисс цар тахлын омикрон хувилбар дотоодод илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор тодорхой хэмжээний хязгаарлалт хийх шийдвэр гаргасан. Тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг өчигдөр /2022.01.23/-өөс хязгаарлав. Хязгаарлалтын дэглэмийг нэгдүгээр сарын 27-ныг хүртэл мөрдөх юм байна. Мөн тус аймгийн онцгой комиссоос тодруулахад “Шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулна. Түүнээс одоо байгаа зохицуулалт дээр ямар нэгэн нэмэлт зүйл тусгаагүй. Зайлшгүй шаардлагатай болон УОК-оос мэдэгдэл гаргасан тохиолдолд албан бичгийн дагуу зам хаах нэмэлт шийдвэр гаргаж магадгүй” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж